Байнгын хорооны дарга нарын сунгаа эхэлжээ
Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж буй томилгооны араас парламентад ч томилгоо үргэлжлэх нь. Тодруулбал, УИХ-ын Байнгын хороодын удирдлагыг өөрчлөх юм. УИХ найман байнгын хороотой. Тэдгээрийг удирддаг дарга нарын ээлжит сонгуулийг энэ сард багтаан явуулж, өөрчлөхөөр болсон байна. Найман байнгын хорооны даргыг Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бие даагчдын төлөөлөл удирддаг. Харин энэ удаад сөрөг хүчин байсан МАН Засгийн газарт хамтран ажиллах болсноор тэд зарим байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх эрхтэй болжээ. Мөн бие даагчид албан ёсоор сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр бол Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хороогоо өгөх болно. Түүнээс гадна МҮАН- аас гарч Ардчилсан намд элссэн Д.Батцогт гишүүн ч Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын ажлаа шилжүүлэх ёстой. Тэрээр яг жилийн өмнө МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн квотоор байнгын хорооны дарга болж байсан юм.
Энэ удаад сайд болж буй Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаагийн оронд өөр хүн томилж таарна. МАН Засагт хамтарсанаар зарим гишүүн нь байнгын хорооны дарга болох боломж бүрдсэн. Мөн хэд хэдэн дэд хороо ч бий. Н.Номтойбаяр гишүүн Төсвийн зарлагын хяналтын дэд хороог удирдах сураг бий. Уг нь сөрөг хүчин нь тус дэд хороог удирдах ёстой ч МАН өнгөрсөн хоёр жилд энэ эрхээ эдэлж чадаагүй билээ.
УИХ-ын тухай хуульд байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацааг нэг жилээр хязгаарласан байдаг. Иймд одоогийн байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу дуусгавар болж байна. Тиймээс энэ сард багтааж байнгын хороодын дарга нарын сонгуулийг явуулах шаардлагатай юм. Өнгөрсөн жил хоёр байнгын хорооны даргыг өөрчилж, зургааг нь улираан томилсон. Харин энэ удаад нэг удаа улирсан даргыг заавал өөрчлөх биз.
Одоогоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Оюунбаатар, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт, Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн, Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбат, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар нар ажилладаг юм.
Мөн парламент дахь томилгоо үүгээр дуусахгүй. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН- ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нар сайд болж байгаа учир тэдний орны томилгоог хийнэ. Эдгээр нь нам, эвслийн бүлэг дотор нэлээд өрсөлдөөнтэй албан тушаал байдаг юм.
М.Ган
URL: