Эдийн засгийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт
2009 оны хямрал ба 2014 оны эдийн засгийн хүндрэлийн шалтгаан
XXI зуун эхэлснээс хойш Монголын эдийн засаг тасралтгүй өсөж ирлээ. 2004 ба 2008 оны хооронд дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнэ 2-3 дахин өсөж байсны үр дүнд Монголын эдийн засаг жилд дунджаар есөн хувиар өсөж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 721 ам. доллараас 1290 ам. долларт хүрч Монгол улс дэлхийд дундаж доогуур орлоготой 50 орчим орнуудын тоонд багтаж орсон. 2004 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 123 сая ам. доллар буюу ДНБ-ий 5.8 хувьтай тэцүү байсан бол 2008 онд энэ үзүүлэлт 683 сая ам. доллар буюу ДНБ-ий 13 хувьтай тэнцүү болтол өссөн. 2009 онд дэлхийн санхүүгийн хямралын үр дүнд дэлхийн зах зээл дээрх алт, зэсний үнэ огцом буурахад Монголын эдийн засгийн бодит өсөлт 1.3 хувиар буурсан. Энэ бууралтад 2009 оны өвөл болсон зуднаар 8,5 сая толгой малын хорогдол гарсан нь ихээхэн нөлөөлсөн гэдгийг санах хэрэгтэй юм.
Эдийн засагчид хямралыг тодорхойлохдоо эдийн засгийн бодит өсөлт, хөрөнгийн үнэ, улсын өр гэсэн гурван гол үзүүлэлтэд тулгуурладаг. 1977 онд Испани, 1987 онд Норвег, 1991 онд Финлянд, Швед, 1992 онд Японд болсон эдийн засгийн хямралууд, 1987 онд Герман, 1989 онд Австрали, 1983 онд Канад, 1985 онд Исланд 1987 онд Голланд, 1994 онд Франц, 1973, 1991, 1995 онд Их Британи, 1984, 2007 онд АНУ-д явагдсан санхүүгийн хямралуудыг судалсан судалгааны үр дүнд эдийн засгийн бодит өсөлт 4-5 жилийн турш тасралтгүй сөрөг гарах, хөрөнгө, орон сууцны үнэ огцом буурах, улсын өрийн ДНБ-д харьцах хэмжээ төлөх чадвараас давж гарах үед хямрал нүүрлэсэн гэж үздэг болсон.
2009 онд эдийн засгийн бодит өсөлт сөрөг 1.3 хувь болсны дараа Монголд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө, өрх гэрийн хөрөнгө хадгаламжийн үнэ цэнэ унаагүй, улсын өр ДНБ-ий нийт хэмжээнээс давж гараагүй. Харин 2009 оноос хойш АНУ болон Европын эдийн засгуудад аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө, өрх гэрийн хөрөнгө, орон сууцны үнэ цэнэ буурч, улсын өр ДНБ-ий нийт хэмжээнээс давж гарсан байдал одоог хүртэл үргэлжилсээр байна. 2010 он гэхэд Монголд ДНБ-ий бодит өсөлт 6.4 хувиар нэмэгдэж цаашид тасралтгүй тогтвортой өндөр түвшинд өсөж байгаа нь Зураг 1-нээс харагдаж байна.
Зураг 1. ДНБ-ний бодит өсөлт (%)
Эх сурвалж: Дэлхийн Банк. 2014. Mongolia Economic Update. Хуудас 7.
2010-2014 оны хооронд бодит өсөлт дунджаар 13.6 хувьд хүрч байна. 2014 оны эхэнд ДНБ-ий хэмжээ 17.6 тэрбум төгрөгт хүрч нэг хүнд ноогдох хэмжээ 6.5 сая төгрөг болсон. Энэ өндөр өсөлт уул уурхайн салбарыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдсэн, Оюутолгой, Тавантолгой зэрэг том ордыг ашиглаж эхэлсэнтэй шууд холбоотой. Эдийн засгийн үр ашигтай байдал хаана өндөр байна тийшээ л дэлхийн хөрөнгийн урсгал урсдаг. Бусад оронтой харьцуулахад Монголын эдийн засаг эрдэс баялгийн хэмжээ, улс төрийн байдал, дэлхийн хамгийн том зах зээлийн хажууд байрладаг зэрэг үзүүлэлтүүдээрээ өндөр үр өгөөжтэй зах зээлээр тодорсон. Тиймээс 2011 онд 4,17 тэрбум ам. долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт зарцуулагдсан байна.
2012 оны тавдугаар сар хүртэл эдийн засаг эрчимтэй өсөж байх явцад тухайн үед судлаачид, олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид л ойлгосноос бусад нь анзаараагүй нэгэн үйл явдал болсон нь 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Улсын Их Хурлаар Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын тухай болон Урт нэртэй хуулиудыг баталсан явдал байлаа. Үүний хажуугаар эдийн засгийг хамгийн гол хөдөлгөж өсгөх ёстой байсан Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын талаарх улс төрийн гэрээ хэлэлцээрийн тодорхой бус байдал Монголын эдийн засаг руу орж ирдэг хөрөнгө оруулалтын урсгалыг зогсоосон. 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 17 хувиар, 2013 онд 47 хувиар, 2014 оны эхний хагаст 64 хувиар тус тус буурсан нь эдийн засаг хүндэрч эхлэх гол шалтгаан болсон. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаар эдийн засаг руу дотогшлох гадаад валютын урсгал багасаж, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, эдийн засгийн гадаад тэнцвэрт байдал алдагдаж эхэлсэн. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын хурд саарснаас үүдэж энэ салбартай холбоотой байсан олон салбар өсөлт саарсан. Энэ нь худалдаа, барилга болон боловсруулах салбарын хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж байгаагаас харагдаж байна.
2014 оны эдийн засгийн хүндрэлийн өөр нэг шалтгаан экспортын гол зах зээл Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан, дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ унасан явдал бөгөөд үүний улмаас аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, орлого буурч, улмаар төсөвт татвараар орох орлого тасалдаж, төсвийн орлого 750 тэрбум төгрөгөөр тасалдаж болзошгүй байна. 2014 оны эдийн засгийн хүндрэлийн гуравдах гол шалтгаан бол зөвхөн гадаад эдийн засгийн шалтгаанаас хамаараагүй бөгөөд сангийн тэлэх болон мөнгөний зөөлөн бодлого нэгэн зэрэг удаан хугацаагаар үргэлжилсэнтэй холбоотой.
Сангийн бодлого
2006-2008 оны хооронд алт, зэс, нүүрсний дэлхийн үнэ 2-3 дахин өсөж байсан үед (Зураг 2) төсвийн орлого 2004 онд 0.8 тэрбум төгрөг байснаас 2008 онд 2.1 тэрбум төгрөг хүртэл эрс нэмэгдсэн. Мөн 2007 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг уул уурхайн салбарт бий болгосон нь татвараар олох орлогыг нэмэгдүүлсэн.
Зураг 2. Экспортын гол барааны дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлт
Эх сурвалж: Б. Түвшинтөгс (2009). Country case study on the Impact of the Global Financial Crisis in Asia and the Pacific: Case of Mongolia. Хуудас 11.
Эрс нэмэгдсэн төсвийн орлогын тодорхой хэмжээг тухайн үед эдийн засагчдын зөвлөж байснаар дэлхийн зах зээл дээр үнийн өөрчлөлтөөс дахин учирч болзошгүй санхүүгийн хямралыг гэтлэн давах тогтворжуулах сан байгуулахад зарцуулсангүй, зөвхөн төсвийн урсгал зардлыг эрс өсгөхөд зарцуулсан. 2005 онд нэгдсэн төсвийн зардлын хэмжээ ДНБ-ий 27 хувийг эзэлдэг байсан бол 2008 онд энэ үзүүлэлт 40 хувь болж өссөн. 2004-2008 онд Засгийн газрын эдийн засагт оролцох хэмжээ ийнхүү 67.5 хувиар нэмэгдсэн, энэ хэмжээ дахин буураагүй, улам нэмэгдсэн юм.
2004-2008 онуудын хооронд төсвийн зардал нэрлэсэн хэмжээгээр гурав дахин нэмэгдсэн бол бодит хэмжээгээр жил болгон дунджаар 31 хувиар өсөж байсан. Энэ онуудад бодлого хэрэгжүүлэгчид улс төрийн амлалтаа биелүүлэх зорилгоор Хүүхдийн мөнгө, Шинээр төрсөн хүүхдэд өгөх мөнгө, Шинэ гэр бүлд мөнгө олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засагт 2004-2008 онуудын хооронд орж ирсэн ихэнх орлого тогтворжуулах санд бус нийгмийн халамжийн бодлогод зарцуулагдсан. Харьцуулахад Казакстаны ерөнхийлөгчийн зарлигаар 2000 онд байгуулагдсан Тогтворжуулах санд одоогийн байдлаар 77 тэрбум ам. долларын хуримтлал бий болсон байна.
2010-2014 оны хооронд мөн ялгаагүй сангийн тэлэх бодлогыг хэрэгжүүлсэн. 2012 оны хоёрдугаар хагасаас сангийн тэлэх бодлогыг дотоодын аж ахуйн нэгжүүдийн төлөх татварын орлогоор санхүүжүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон үед Засгийн газар дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Чингис бонд гарган 1,5 тэрбум ам. долларын борлуулалт хийсэн мөнгөөр тэлэх бодлогыг үргэлжлүүлсэн. 2013 онд Чингис, Самурай болон засгийн газрын бондыг арилжсан орлогоор Хөгжлийн Банкаар дамжуулж санхүүжүүлсэн төсөвтөй адитгах хэмжээний зардалыг оруулж тооцоход төсвийн алдагдал ДНБ-ий 10.5 хувьд хүрсэн. 2013 оны байдлаар нэгдсэн төсвийн болон төсвийн бус зарцуулалтыг нэмж тооцоход энэ нь ДНБ-ий 44.7 хувьтай тэнцүү байна. Засгийн газрын нийт эдийн засагт оролцох хэмжээ улам өссөөр байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газар төсвийн алдагдлаа ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байсан ч бонд гаргаж, Хөгжлийн банкаар дамжуулан 2,6 их наяд төгрөгийг эдийн засагт төсвийн зарцуулалт дээр нэмж зарцуулж тэлэх бодлого хэрэгжүүлсэн нь дотоодын эрэлт, импортын эрэлтийг эрс нэмэгдүүлсэн юм. Импортын хэмжээ 2011-2013 онуудад хэрхэн өссөнийг доорх Зураг 3-т харууллаа.
Зураг 3. Гадаад худалдааны тэнцэл (сая ам. доллар)
Мөнгөний бодлого, инфляц
2009 оны хямралын өмнө Монголд инфляцийн түвшин 2004-2008 оны хооронд дунджаар 11.8 хувьтай байсан. 2008 оны наймдугаар сард 33.7 хувьд хүрч байсан бол арванхоёрдугаар сард 23.2 хувь хүртэл буурсан байдаг. Инфляцийг бууруулахын тулд Монгол Банк бодлогын хүүг 9.75 хувиас 14 хувьд хүртэл нэмсэн. 2009 оны хямрал нүүрлэхэд Монгол улс инфляцийн түвшин өндөр байсан боловч мөнгөний нийлүүлэлтийг валют худалдан авах хэлбэрээр нэмэгдүүлсэнээр 1.1 тэрбум ам. долларын нөөцтэй болсон байсан. Энэ бол импортын таван долоо хоногийн төлбөрийг хийх боломжийн нөөц байсан.
2010 онд инляцийн түвшин 10.2 хувь, 2011 онд 7.7 хувь, 2012 онд 15 хувь, 2013 онд 8,6 хувь, 2014 онд дунджаар 13 хувь байхаар байна. 2012-2014 онд Монгол Банкнаас засгийн газартай хамтарч Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж одоогийн байдлаар дөрөв орчим их наяд төгрөгийг манай улсын хэрэглээний сагсанд ихээхэн жин эзэлдэг мах, буудай, бензин шатахууны үнийг тогтвортой түвшинд барихад зарцуулсан. Төв банкны бодлогын хүүг 2012 онд 13.25 хувь хүртэл өсгөж байсан бол 2013 онд 11.5 хувь хүртэл бууруулсан. 2014 оны эхний хагаст бодлогын хүүг 10.5 хувь хүртэл бууруулж, бодит эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах зорилгоор мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлсэн. 2012 оноос Засгийн газартай хамтарч хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилт нийлүүлэлтийн гаралтай, нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэй инфляцийг бууруулах зорилготой байсан ба үүний үр дүнд гол гол хэрэглээний барааны үнэ тогтвортой байгаа боловч дотоодын эрэлт, импортын эрэлтийг өсгөснөөр (Зураг 3) эрэлтийн гаралтай инфляцийн түвшин нэмэгдэх нөхцлийг бий болгосон.
Өнгөрсөн хоёр жилд Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан 2,6 их наяд төгрөгийг эдийн засагт нэмж зарцуулсан, Монголбанк тогтворжуулах хөтөлбөрт 4 их наяд зарцуулснаас харахад мөнгөний бодлого төсвийн бодлоготой адил тэлэх бодлого хэрэгжүүлсэн байсан. Ингэж л макро эдийн засагт гадаад болон дотоод тэнцвэр алдагдаж ирэх нөхцөл үүссэн хэрэг. Тиймээс энэ байдлыг засахын тулд Монголбанк 2014 оны долдугаар сард бодлогын хүүгээ 1.5-аар нэмэгдүүлж 12 хувь болгосон. Бодлогын хүү өсгөсний үр дүнд болон банк санхүүгийн байгууллагууд эрсдлээ сайн тооцож зээлээ хумих бодлого барьж эхэлснээр мөнгөний нийлүүлэлт буурсан. Ойрын ирээдүйд мөн мөнгөний хатуу бодлого явуулах шаардлага байсаар байна. Ингэснээр мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг багасгах, инфляцийн түвшинг бууруулах, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад валютын дотогшлох урсгалд түлхэц үзүүлнэ.
Монголын эдийн засаг 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр гол нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ унаснаас шалтгаалж экспортын орлого нь буурч худалдааны тэнцэл нэг тэрбум ам. долларын алдагдалтай буюу гадаад тэнцвэр алдагдалтай, эдийн засгийн бодит өсөлт сөрөг гарсан. Гэхдээ 2009 онд төсвийн байдал маш сайн байсан. Өөрөөр хэлбэл, 2009 онд дэлхийн зах зээл дээрх манай экспортын барааны үнэ эрс унасан, мал аж ахуйн салбарт гарсан хорогдлоос хамааран эдийн засгийн бодит өсөлт сөрөг гарсан боловч төсвийн орлогын байдал, гадаад валютын нөөц сайн байсан.
2014 оны хувьд эдийн засгийн бодит өсөлт уул уурхайн салбарын экспортын үр дүнд 6.5-7 хувь байхаар тооцоологдож байгаа тул хямрал бус эдийн засгийн өсөлт саарсан гэж тодорхойлогдох юм (Зураг 1). 2009 оны байдлаас ялгаатай нь 2014 онд тохиолдож байгаа эдийн засгийн хүндрэлийн шалтгаан нь дотоод эдийн засагт хэрэгжүүлсэн эрх зүйн болон эдийн засгийн бодлогын алдаанаас үүдэлтэй байна. 2009 онд хамгийн тулгамдсан асуудал төлбөрийн тэнцлийн алдагдал байсан бол 2014 онд төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдал зэрэг нэмэгдэж байгаад гол асуудал оршиж байна. 2009 онд төсвийн орлого сайн, гадаад валютын нөөцтэйгээр асуудлыг шийдэж байсан бол 2014 онд энэ бүх нөөцгүйгээр дотоод болон гадаад тэнцвэрийг хэрхэн барих талаар шийдэхээр сууж байна.
Б. Отгонтөгс
МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор
Монгол Банкны Бодлогын Зөвлөлийн гишүүн
Ашигласан материал:
Дэлхийн банк. 2014. Mongolia Economic Update, June 2014. www.worldbank.org/mongolia
Монгол Банкны цахим хуудас. www.mongolbank.mn
Б. Түвшинтөгс (2009). Country case study on the Impact of the Global Financial Crisis in Asia and the Pacific: Case of Mongolia.
C.Reinhart and K. Rogoff. Is the 2007 U.S sub-prime financial crisis so different? An international historical comparison. NBER Working Paper 13761.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Di grand’ eloquenza,
আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in
uphindikhabar.in