Сүүдрийн АН байгуулна
АН-ын залуучууд намаа шинэчлэх далбаан дор жигүүр, хөдөлгөөн, төрийн бус байгууллага байгуулж өөрсдийгөө таниулдаг болсоор удав.
Тэдний нэг “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнийхөн үе үе “Пума” зочид буудалд сэтгүүлчдийг урьж “Баруун, зүүний үзлээ ялгахгүй Н.Алтанхуягийг өөрчилж АН-аа Ардын намын өврөөс гаргана” гэж мэдэгддэг болсон. АН-аар овоглосон бусад хөдөлгөөн, залуустай харьцуулахад “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнийхөн бийлэгжүү нь ажиглагддаг.
Иргэдээс гарын үсэг цуглуулахдаа хүртэл үнэт цаас хэрэглэдэг тус хөдөлгөөнийхөн орон нутагт анхаарлаа хандуулж эхэлжээ. Тодруулбал, маргааш болох АН-ын ҮЗХ-ны хурлаар намын ээлжит бус хурал зарлахгүйг тус хөдөлгөөнийхөн таамаглаж байгаа аж. Тиймээс ҮЗХ-ны хурлын дараа Сүүдрийн АН байгуулахаар ярилцаж байгаа гэнэ.
Сүүдрийн АН-ынхан бас сүүдрийн ҮЗХ-той байна. Сүүдрийн ҮЗХ-ны гишүүдийг орон нутаг, нийслэлийн намын анхан шатны гишүүдээс бүрдүүлэхээр тохиролцжээ. Тиймээс өчигдрөөс эхэлж орон нутгаас гишүүдээ цуглуулахаар мордоцгоосон сурагтай. Баянхонгор аймгаас л гэхэд арван гишүүн өчигдөр нийслэл рүү гарсан аж. Орон нутгийн гишүүдийн зардлыг “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнийхөн санхүүжүүлж байгаа гэнэ.
Харин хөшигний цаанаас З.Энхболд, тус хөдөлгөөний зохицуулагч Т.Хасбаатарт зааварлаж байгаа гэх яриа байна. Ямартай ч Сүүдрийн Ан-ыхан, Ардчилсан хүчний холбооноос өөр харагдах гэж хичээж байгаа төдийгүй “ориг” ҮЗХ-ны хурлыг самрах төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Цэцэгдэлгэр
URL: