“Хуйвалдааны засгийн газрыг эсэргүүцэцгээе”

527-1418033335hudН.Алтанхуягийн ЗГ шиг их хэл ам, хэрүүл шуугианд хутгалдсан ЗГ Монголын түүхэнд ховор биз ээ. Монголынхоо тусгаар тогтнолыг 1919 онд устгаж, ДИУ-д нэгдэж байсан ЗГ-тай л муугаараа дүйх юм болов уу гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Харьд нэгдэх ч дөхсөн, арай л амжилгүй огцорсон болохоос. Маш их ойртон нягтарсан. Эдийн засгийн хувьд хараат болсон, орд ордоор нь баялгаа бэлэглэж бараг дуусгасан, нарийн царигтай төмөр замыг дэмжсэн, улсын гол банкийг нь оруулж ирсэн, нэг мөнгөн тэмдэгттэй болох зам руу орсон, Газрын тухай, Ашигт малтмалын тухай гээд олон хуулийг харьд ашигтайгаар батлуулах гэж зүтгүүлсэн, удирдлагатай нь нэн их сүжирч, нэр сүрээр нь түрээ барин далайлгах болсон, 10-30 тэрбумын зээл авах санаа цухалзуулсан…
Н.Алтанхуягийн ЗГ-ыг хүн бүр л жигшин зэвүүцэх болсон билээ. Чингис Бонд, Самурай Бонд гээд л их өр зээл тавьсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Гудамж” төсөл гээд их хэмжээний мөнгөтэй холбогдсон будлиан булхай байсгээд л дуулддаг байв. УИХ, ҮАБЗ-өөр хэлэлцэгдэж шийдэгдэх ёстой мөнгөний асуудлыг хэлэлцүүлэлгүй шийдэх явдал удаа дараалан гаргасан.
Юмны үнэ тэнгэрт хадсан, зарим нь ч 70 хувиар өсчихөөд, ерөнхий сайд нь “өндөг зэрэг тансаг хэрэглээгээ боль” гэж заавардна. Ард түмний амьдрал, мөнгөний ханш, эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт унасан, доройтсон. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг бараг хязгаарлалтгүй олгодог болсон. Улс маань орлогын ямар ч эх үүсвэргүй болсон мэт байдалд ороод хамаг уранаа ухаж төнхөж, хүн мал, байгаль орчноо хордууллаа.
Охин, хүргэн, зөвлөх нь элдэв хэрэгт холбогдсон.
Хүн бүр л Н.Алтанхуягийн ЗГ-ыг муу хэлдэг, хараан зүхдэг байсан. Огцор гэж намууд, хөдөлгөөд, зүтгэлтнүүд мөн ч их тэмцэж ирсэн. Өөрөө харин ямар ч арга хэрэглээд болтугай огцрохгүй гэж зүтгээд, МАХН-ын дарга Н.Энхбаяртай дур зоргоороо гэрээ байгуулаад, ухсан нүхэндээ унасан.
“Огцруулах хангалтгүй ээ, энэ ЗГ-ынханд хариуцлага тооц” гэх асуудал тавигдах болсон нь аргагүй. Далдуур харин улс төрчид “хор найруулаад” л байсан, “найруулаад” л байсан. Тэгээд яалаа даа? Нөгөө айхавтар муу ЗГ-ын ХЭГ-ын дарга асан Ч.Сайханбилэг шиг сайхан хүн үгүй болж таараад, ерөнхий сайдаар тавих асуудал дэвшүүлэгдэн алмайруулсан. ЗГХЭГ-ын даргаар Н.Алтанхуягийг тавина гэх асуудал хүртэл гарч ирж, нүд орой дээр гаргасан. ЗГ-ыг огцрууллаа гэсэн чинь, ЕС, ЗГХЭГ-ын даргын байрыг солиод гаргаад ирдэг ийм хошин шог дэлхийн түүхэнд ер нь хэр тохиож байсан юм бол.
“Юу ч өөрчлөгдсөнгүй ээ, Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийн ард ЗГ-ыг удирдаад л явах юм байна” гэгдэж асан. Ингэж Монголын төрөөр тоглоно, ард иргэдээ басамжилна гэдэг тун үнэмшмээргүй, хачирхалтай л байлаа. Монголын төр, улс төр дээд зэргээр ялзарч бүр ийм дорд хэмжээнд хүрчээ гэж халагламаар байсан.
“Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг хоёрт л Си Зинпинь тэрбум доллар зээлүүлэх гэнэ, тэр мөнгийг авахын тулд энэ хоёрыг өөрчилж болохгүй” гэсэн гайхмаар яриа гарсан. Юу гэж БНХАУ-ын удирдагч Си Зинпинь “Сайханбилэг, Алтанхуяг хоёрт л мөнгө зээлдүүлнэ” гэж гэдийж, гэрээ хэлцэл болох вэ дээ. Тэгсэн аваас, ЗГ маань Си Зиньпингийн мэддэг, Си Зиньпингийн ЗГ болно гэсэн үг биз дээ. Дарга нар маань тэгж л хардаг, боддог, төсөөлдөг бололтой.
Нөгөө “огцор огцор” гээд байсан улс төрчид цөмөөрөө Ч.Сайханбилэгийг ЕС болгохын төлөө саналаа өгч ч байх шиг. Н.Алтанхуяг дарга осолд орсноор ЗГХЭГ-ын даргад яригдахаа больсон гэгдэж байна.
Ч.Сайханбилэг гэдэг маань хэнсэн билээ дээ. Муу муухай бүхэн хурсан гэх ЗГ-ын тэр их муу муухайг Н.Алтанхуягтай гар нийлэн үйлдсэн хийсэн л хүн шүү дээ. Юун гайхамшигтай хүн оллоо гээд ЕС болгочихов оо.
Ноднинхон л дархан цаазтай газруудыг уул уурхайн эргэлтэд оруулна гэж дарамт шахалт үзүүлж, Говь-Алтай аймгийн дарга Ш.Амгаланбаатарыг огцруулж байгаагүй билүү.
Хэвлэлүүдтэй хаалтын гэрээ байгуулж, амыг нь үдсэн гэх хэл аманд холбогдсон. Ер нь сайтыг цэгцэлнэ, фейсбукийг журамлана гэхчлэн их ярьдаг, Мэдээлэл, харилцаа холбооны газрын дарга байхдаа хэвлэлийн эрх чөлөөг боогдуулдаг байсан. Тэгсэн хэрнээ гэр хорооллыг интернетжүүлнэ гэсэн амлалтаа биелүүлэхгүй, харин Хятадын ZTE компанийг сэжигтэй байдлаар урьж залж оруулж ирсэн. ZTE компани орж ирснээр гар утасны салбар хяналтад орлоо гэж мэдэгдэж байсан. Их хэмжээний орлогоо нуун дарагдуулсан хэргийг ZTE Монголд үйлдэж байсан ч зохих шийтгэлийг хүлээгээгүй.
Талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан байгуулж, олсон орлогыг нь иргэдэд тарааж өгнө гэсэн яасан бэ? 2012 онд “Атар” талх 630 төгрөг байсан, өнөөдөр 850-900 төгрөг, 2012 онд “Атар” гурил кг нь 750 төгрөг байсан, өдгөө 1200-1300 төгрөг.
Шийдлийн гэх энэ ЗГ Оюутолгойг харийн луйварчдад найр тавих гэж байна, Монголын эзэмших 34 хувийг зарж үгүй хийх ядарсан аргаар мөнгө олох гэж байна гэж С.Ганбаатар гишүүнээс өгсүүлээд хардаж буй.
Тэгсэн бүр онигоо шиг юм боллоо. Эвслийн ЗГ байгуулах сургаар нөгөө талцаад байдаг намууд бүгд нэгдчихлээ, нэг намын тогтолцоонд бараг шилжчихлээ. Урьд яриад байсан хариуцлага, шударга ёс, ард түмний эрх ашиг, бодлого зарчим, тэмцэл, огцруулах энэ тэр яасан бэ? Албан тушаалын сургаар бүгдийг нь уландаа гишгээд уралдан гүйлдэж байв. Яам, сайдын тоог нэм, ИЗНН-ыг ЗГ-т бүү оруул гэх мэт болж хувирсан, яриа хөөрөө нь.
Нэг хэсэг нь огцор гээд, нөгөө хэсэг нь шалгуулна гээд бие биеэ үздэггүй байсан хүмүүс бүгд ижий ахай болж хувирлаа. Манай улс төрчид чинь яачихаа вэ?
МАН-ын дарга М.Энхболд, ЕНБД Ж.Мөнхбат, УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гээд олон хүн Н.Алтанхуягийн дараахь ЗГ-т манай нам орохгүй гэж мэдэгдэж байсан. МАН АН-тай энэ чиглэлээр хамтран ажиллахгүй, ард түмнийхээ төлөө л тэмцэнэ, ард түмэнтэйгээ л хамт байна, 2016 онд ард түмнээрээ дүн тавиулна гэдэг байсан. Архи хараад ухаанаа алдчихдаг архаг архичин шиг юу болов оо? Ард түмэн одоо ямар дүн тавих вэ?
Үндсэн хууль (ҮХ), Засгийн газрын тухай хуулийн (ЗГХ) олон зүйлийг Шийдлийн ЗГ-ыг байгуулах явц, бүтэц, дэвшигчид нь зөрчлөө. Огцрох ёстой өмнөх ЗГ-ын гишүүд огцорсонгүй үлдэж байна (ҮХ, 43.2). Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, хуулийг дээдлэх зарчим алдагдлаа (ЗГХ, 5.1). Олонхийн санаа бодолд түшиглэх зарчим хөсөрдөж, олигархууд л дээдлэгдлээ (ЗГХ, 5.2). Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал зөрчигдлөө (ЗГХ, 8.5). Засгийн газрын бүтцийг дураар өөрчилж байна (ЗГХ, 18.3). ҮХ, ЗГХ-нд заагдсан эрхэм нандин үнэт зүйлсэд харш үйл ажиллагаа явуулсан, явуулж байгаа, явуулах олон хүн ЗГ-т орж байна. Тийм хүмүүс ЗГ-т орж яавч таарахгүй. ЗГХ-ын бараг бүх зүйл заалт зөрчигдөж байна. Давхар дээлтэн ч олноор орлоо (43% буюу 9). Давхар дээлийг цогтой эсэргүүцэгч гэгдсэн , УИХ-ын гишүүн Р.Бурмаа гишүүн ч давхар дээлтэн боллоо.
Бүх олигархууд, клептократууд нэгдэж, ард түмний эсрэг фронтод зогслоо. Тэдний шунаг атгаг эрх ашгийг нэгтгэн, шийдвэрлэх Шийдлийн ЗГ нэртэй Шидлийн ЗГ л байгуулагдаж байна. Нам бүр хамгийн муу улс төрчдөө шалгаруулан энэ ЗГ-т нэгтгэсэн мэт дүр зураг харагдаж байна. 1990 оноос хойш Монголын улс төрд ийм ноцтой сөрөг байдал үүсч байсангүй. Ард түмэнд аюул учирлаа!

Учир иймд, иргэний хөдөлгөөний журмын нөхөд бид:
1. Ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулж байсан Н.Алтанхуягийн ЗГ-ынханд хариуцлага хүлээлгэ, дараагийн ЗГ-т бүү оруул!
2. Одоо байгуулагдах ЗГ-т орохгүй гэж мэдэгдэж байсан улс төрийн хүчнүүд, улс төрчид хэлсэн амандаа хүр, эсэхүл худал хэлж, хууран мэхэлж байснаа хүлээн зөвшөөрч, хариуцлагыг нь хүлээ!
3. Ахин их хэмжээний зээл авах зэрэг хариас хараат байдлыг нэмэгдүүлэх алхам хийх талаар үг яриа бүү гарга, өмнөх зээл бондыг үр бүтээлтэй зарцуулж, тайланжуул, хариуцлагажуул!
4. Яам, сайдуудын тоог нэмэх биш, хас!
5. Төрөөр тоглохоо зогсоож, ЗГ байгуулагдах явцыг ил тод, нээлттэй болго, ард түмний хүсэл зорилгыг тусга!
6. Өмнөх ЗГ-ын алдаа дутагдлыг зөвшөөрч, засах, улс нийгмийг аварч чадах, нэр цэвэр улс төрчид, зүтгэлтнүүд, мэргэжилтнүүдийг дэвшүүлж, ард түмэнд тодорхой танилцуулан нотолж баталж, шүүлгэж, тийм хүмүүсээр ЗГ-ыг бүрдүүл! гэж шаардаж байна!
7. Дээрх шаардлагуудыг эс биелүүлэн, хуйвалдааны ЗГ байгуулах аваас бид бүхэн огцруулахын төлөө эрс шийдэмгий тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна!
8. Бид бүхний шаардлага, тэмцэлд нэгдэхийг Монголын ард түмэндээ уриалж байна!
Монголын ард түмэн урвасан хулгай нарын эв нэгдэл, дарангуйллыг бус, аз жаргал, эх орныхоо мандал бадралыг хүсэн мөрөөдөж байна! Монголын тэнгэрт үүр гийх болно оо! Монголын ард түмэн ялагдахгүй, ялах болно оо!

Иргэний хөдөлгөөд
2014.12.08
Улаанбаатар хот


URL:

Сэтгэгдэл бичих