Д.Гэрэл: Гөрөөчдөд захидаг үгээ улстөрчдөд хэлье, олзонд нүд аниж сур !
Ч.Үл-Олдох
“Polit-ийн нэг өдөр” булангийн зочноор Монголын мэргэжлийн анчдын холбоо, “Хэрлэн Аравт” ТББ-ын тэргүүн Д.Гэрэлийг урилаа. Зураач, барималч, түүх судлаач, байгаль хамгаалагч, гурван үеийн гөрөөчний удам гээд зочин маань олон талтай нэгэн. Түүнтэй ан амьтныг хайрлах тухай, манай улс гадаадын анчдад агнуулах зэрлэг амьтдын тоо толгойг бодитой гаргадаггүйн ард ямар хэний, ямар эрх ашиг нуугддаг талаар илэн далангүй ярилцлаа.
БАЙХГҮЙ АНГ БАЙГАА МЭТЭЭР ТООЛУУЛААД БАЙНА
-Мэргэжлийн анчдын холбоо хэзээ байгуулагдав, ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Мэргэжлийн анчдын холбоо анх байгуулагдахдаа 2008 онд ангийн үйл ажиллагааг цэгцлэе гэж зорьсон. Тэр үед ямар байв гэвэл, манай улс 10 жил ан амьтдаа тоолоогүй. Тэгээд У.Барсболд сайдын үед тоолж, аргаль угалз л гэхэд гадаадын анчдад жилд 80, тэх 250-280 толгойг агнуулж байсан юм. Түүнд бид яагаад бухимддаг вэ гэвэл, би өөрөө анчин хүн. Миний өвөг эцэг анчин, өөрийн эцэг анчин, би өөрөө анчин. Гурван үеийн гөрөөч учраас анчидтайгаа холбоотой байдаг. Тэдэндээ захиж хэлдэг гол зүйл бол ангаа барчихаж болдоггүй юм шүү, олзонд нүд аниж сураарай гэсэн захиас. Жишээ нь, дөнгөж ан эхэлж байгаа залуусыг “Олзонд нүд аниж сурчихаад хөх төмөр хөндлөн үүр” гээд хамаагүй буу үүрүүлж явуулдаггүй байлаа. Хамгийн гол нь ийм захиасыг мэдсээр байж хойч үедээ уламжлуулахгүй байх нь улс маань мөнгө олох дайнд мордчихож байна шүү дээ, ангаараа. Энэ ч бас аргагүй тал бий. Яагаад гэвэл социализмын үед манай улс маш их антай байж түүнийгээ жил бүр агнуулж багагүй валют олдог байсан. Зах зээл эхлэхэд ч ан амьтан сайтай байсан. Түүнийгээ тоо бүрэн хүлээлгэж өгсөн. Гэтэл тэр анг 20-хон жилийн дотор барчихсан. Одоо тэгж ярихаар хүмүүс “Битгий худал хэл, байгаа” гэх байх. Засаг, төр нь байхгүй юмыг байгаа мэтээр тоо толгойг нь өсгөж тоолуулаад дахиад агнаад байх сонирхолтой. Энэ чиглэлд бид нүд, чихээ бэлчээж байдаг улс. Уг нь социалзмын үед байдал өөр байлаа. Иргэдийн хяналт сайн байж. Бас анчид өөрсдөө байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн. Харин зэрлэг капитализм эхэлснээр өөр болсон. Яасан бэ гэвэл, ард иргэдийг өөрсдийг нь хулгайч болгож, хамгаалдаг байсан хүмүүсийнх нь оронд Ногооруулдаг яам гэгчээс байгаль хамгаалагч гэх хүмүүсийг гаргаж тавьсан. Хамаатан садан, танил тал, тойрон хүрээлэгч, далдаганагчдыг ажилтай болгосон нь тэр. Тэр нь мөнгө угаагчдад ашигтай юм байна л даа. Юу болж байна гэхээр нь бид байгалиа сайхан хамгаалж байна гэсэн мэдээ өгдөг. Яам нь түүгээр нь цаасан буу хийж худал мэдээлэл цацдаг. Би яагаад ингэж хэлж байна гэхээр мэдээлэл сайтай учраас, бүх баримт нь надад бий. Үе үеийн салбарын яам, сайд нар яагаад дайраад байдаг вэ гэвэл бас учиртай, тэрийг ч би мэднэ. Угалз, тэхийг гаднын анчдад агнуулснаар улс овоо мөнгө олдог. Хуулиараа бол олсон мөнгөнөөс 50-аас доошгүй хувийг ан амьтдад тэжээл тавьж өгөх, байгаль хамгаалагчдыг урамшуулах зэрэг байгальд эргүүлж зориулдаг. Буспыг нь улсын төсөвт тусгаад онгорхой, цоорхойгоо бөглөдөг байсан. Ийм байгаад 2008 онд ан амьтнаа тоололгүй 10 жил болчихсон, ажил нь ч уначихсан үед Мэргэжлийн анчдын холбоо энэ асуудалд анхааръя гэж зорьсон. Гаднын анчдад үйлчилж байсан олон байгууллагыг татан буулгаж, 130-аад сая төгрөг цуглуулан гаднын анчдад агнуулдаг анг тоолохоор дөрвөн аймагт “Амьтан асралт” компаниар тоолуулсан. Тэнд мэргэжлийн анчид, жудагтай, шударга хүмүүс ажилладаг. Тэд тоолоод агнах боломжтой ан маш цөөхөн байна гэсэн судалгаа гаргаж ирсэн. Тэр үед Л.Гансүх энэ салбарын сайд болж, бид ажлынхаа тайланг хүлээлгэж өгч бас магтуулж байлаа.
- Л.Гансүх гэснээс тэр хэр сайд байсан бэ, байгаль хамгаалалд ээлтэй бодлого баримталж чадсан уу?
-Ямар ч байсан гадаадынханд агнуулдаг амьтдын тоо толгой хэтэрчихлээ гэдэгт мэргэжлийн анчид бидэнтэй санал нэгдэж, цөөрүүлье гэж ярьж байсан юм. Явцын дунд сэтгэл нь хувирч улсын эдийн засаг хэцүү байна гэхчлэн ярьж, Мэргэжлийн анчдын холбооноос гадуур байдаг хувиараа гадаадын анчдад ан агнуулах ажил авч гүйцэтгүүлдэг хэсэг бүлэг этгээдүүдтэй нийлж, бидний эсрэг болсон. Бидний тоолсон цөөн тоо толгой байгаа амьтдыг дахин тоолуулж цаасан дээр тоо толгойг нь нэмэгдүүлэн гаргаж ирж, анг хайрлах бус мөнгө л олж байвал яахав гэсэн хүмүүст зөвшөөрөл өгч ажиллуулсан. Тэгэхээр нь бид асуудал тавьж, төр яахаараа энэ асуудалд хутгалддаг юм бэ. Бид анчид, эзэд нь юм чинь энэ асуудалд оролцож, төрийн болон ТББ-ын чиглэлээр ажиллаж болно гэсэн. Ингээд бид дайсан болж, сүүлдээ Л.Гансүхийг шүүхэд өгч байсан юм. Тэгээд дийлээгүй л дээ. Түүнээс хойш надад юу бодогдсон бэ гэхээр төрд байгаа нөхдүүд яг жирийн хүмүүс шиг ан руугаа дайрч байгаа юм байна. Бид тэрэн дээр нь хязгаарлалт тогтоох ёстой юм байна. Шүүхээр яваад бүтэхгүй юм байна. Ард иргэдэд ухуулж ойлгуулъя. Хүн болгон ангаа хайрладаг, хамгаалдаг, анчдын оролцоог өөд нь татахгүй бол бидний оронд ямар ч үүрэггүй нөхдүүд байгаль хамгаалагч нэрээр цалин аваад сууж байна. Тэрэн дээр нь дөрөөлж гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр ихээхэн орж ирдэг. Түүгээр дамжин гаднын бодлого ихээхэн явж байдаг. Тэр местэн дээр хүн бэлдэж, тэжээж байгаад төрд шургалуулдаг гээд олон асуудлууд байгаа юм. Захаасаа хэрэгжээд эхэлсэн.
-Тухайлбал?
-БОНХЯ-нд л гэхэд Эрдэнэчимэг гэж эмэгтэй Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газруудын эзэн нь болчихсон байж байх жишээтэй. Дээрээс нь тэр дотор нь байгаа, өөрөөр хэлбэл Хан Хэнтийн дархан цаазат газрын үйл ажиллагааг авч яваа хүмүүс нь захиргаа гэдэг нэрээр хотод байдаг. Уг нь орон нутагт нь байгуулъя гэж байгаад больсон. 1991 онд хилийн дээс тогтоож байхдаа ярьж байснаа хэрэгжүүлээгүй. Эхэндээ тэр ажил гайгүй явсан ч сүүлдээ болохоо байсан. Дунжаа, Туул гэж хоёр эмэгтэй ажиллаж байхдаа байгалиа хамгаалахгүй бол болохгүй нь гэдгийг мэдэрч ажлаа чиглүүлж байсан ч засаг солигдох үеэр тэднийг зайлуулж өөр хүмүүсийг байршуулсан. Нэг үгээр хэлбэл, тэр нь нам дамжсан хоолонд ордог газар болсон. Тусгай хамгаалалттай газрын шугамаар мөнгө цохих явдал ч их. Бид тийм л хүмүүсээр байгалиа хамгаалуулж байна шүү дээ. Сүүлийн үед гаднын төслийн шугамаар гоё юм ярьж, бас иргэдийг талцуулж, хов ярьж, бүр байгаль хамгаалагчдын дунд яс хаях замаар явж байна. Үүнийг татан буулгах ёстой. Хариуцаж байгаа яам байгаа бол тухай тухайн газарт хариуцаж байгаа ойн ангиудад нь чиг үүргийг давхар хариуцуулаад явахад болохгүй, чадахгүй гэх зүйл байхгүй. Хотод байгаа хоноцын сэтгэлгээтэй хүмүүсээс лав өөр байдлаар ажиллана. Дайвар, буудлын маягаар ажиллаж байгаа хүмүүст итгэж болохгүй. тэд ямар юмных нь дарга байхав дээ. Одоо шинээр томилогдож байгаа сайд, БОНХАЖ-ын яаманд энэ тухай саналаа хүргүүлнэ дээ.
МОНГОЛЧУУД ОЮУН САНААНЫ ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАЖ БАЙНА
-Ан амьтдыг агнуулах зөвшөөрлийн тухайд та юу хэлэх вэ?
-Энэ асуудлыг хариуцаж, эзэн нь юм шиг давхиж яваа Онон гэж эмэгтэй байдаг. Түрүүнд дурдсан Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй бол төсөл дамжиж гарч ирсэн. Ямар замаар, хэрхэн шат дамжлага дамжиж дээшилсэн бэ гэдгийг нь ч баримтаар хэлнэ. Гаднын бодлогыг хэрэгжүүлэх гэж төрд орсон хүн байгаа юм. Онон бол Дэлхийн байгаль хамгаалах сангаар дамжин ан амьтдыг агнуулах зөвшөөрөл энэ тэр рүү орсон. Мэргэжлийн анчдын холбооноос сумдад байгаль хамгаалах эрхийг нь өгөх ажлыг 2008 оноос эхлүүлэхэд баруун аймгаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгч гэх нэрээр хүнээ байршуулж эхэлсэн нь тэр.
-Ингэж үзэх болсон ямар баримт байна танд?
-Дэлхийнбайгаль хамгаалах сан гэгч байгууллага Монголын байгаль, ан амьдтыг хамгаалах л гэж байгаа юм бол яагаад зөвхөн тэх, угалз руу тэгтлээ их анхаардаг юм бэ. Түүний цаана мөнгө л харагдаад байгаа хэрэг шүү дээ. Яагаад тэд цагаан зээртэй газар хамгаалалтын ажлаа хийсэнгүй вэ. Ой хөвчид анхаарал тавьж юу нь болохгүй байна. Тэдгээр нь ашиггүй учраас угалз руу орж, тэхийг хамгаалъя гэхчлэн явж байна. Тэд тэр санаагаа сайн хэрэгжүүлж монголчуудын тархийг сайн угаасан. Эцэстээ монгол хүн монгол хүнийхээ үгийг бус гадныхны үгийг сонсдог, үнэн гэж итгэдэг болж хувирсан. Тэнд бас мөнгө үйлчилсэн. Энэ бол хамгийн эмгэнэлтэй зүйл. Учир нь монголчууд бид оюун санааны тусгаар тогтнолоо алдаж байна шүү дээ. Бас нэг зүйл бол хуульд өөрсдийнхөө санааг суулгуулснаар гадныхан бодлогоо гүнзгий хэрэгжүүлэх болсон. Тухайлбал, ан амьтдыг улс тоолохгүй, сум нь тоол. Ингээд хэдийг агнах боломжтой гэдгээ улсад тайлагна. Ингснээр Засгийн газраар оруулж тоо толгойг батлуулна гэж байгаа юм. Ингээд өөрсдөө тоо гаргаж, Засгийн газраар батлуулаад, гаднын анчдыг оруулж ирж агнуулах ийм л тогтолцоо бий болчихлоо. Суманд дөрөв дөрвөн жилээр байж байгаа удирдлага өөрийн байгаа хугацаанд ямар байхыг үл тоон мөнгө олоход анхаарлаа хандуулдаг. Ангаас олж буй орлогын 50 хулийг өгье гэхээр тэд олзонд шунаад явж байна. Тэр мөнгийг эргүүлж байгаль хамгаалахад бус өөр юманд зарцуулж байгаа нь ч нууц биш. Өөрөөр хэлбэл, тоог нь өсгөж мэдээлээд агнуулах сонирхол их байна шүү дээ, орон нутагт. Энэ юугаар илэрч байна гэвэл, тоолохоор очсон, тухайлбал түрүүнд дурдсан Ононгийн, эсвэл сайд байсан С.Оюуны даалгавраар очсон хүмүүс тоо гаргадаг, түүнийхээ дагуу ажиллаж байна гэдгийг би хатуу хэлнэ. Дээрээс нь сум нь агнуур зохион байгуулах зардлаа гаргах ёстой. Гэтэл тэд зардлаа гаргаж чадахгүй учраас гадаадын анчин урьж оруулж ирдэг компанид тэрийгээ шилжүүлж, гэрээ хийдэг. Ингэснээр ард түмэн биш тэр компани байгаль ан амьтанд нь эзэн суучихаж байгаа юм. Тоолуулж байгаа компани нь тоолуулах гэж байгаадаа мөнгө өгч тоолуулсан болоод тоогоо гаргаж авах нь нөгөө компанид ашигтай. Тэр компани сумтай адил аль болох олон тоог л гаргуулж авах сонирхолтой. Ингээд үгсэн хуйвалдах замаар явж байна. Өнгөрсөн жил хууль, журмаа зөрчиж, Засгийн газраар батлуулах хугацаанаасаа өнгөрчихсөн байхад ангийн тоог батлуулсан байдаг. С.Оюун сайд нь зөвшөөрөл өгөөгүй, дэд сайд нь гадаадад томилолтоор ажиллаж байх хойгуур тийм юм болсон байдаг юм билээ.
Өмнөх оныхоо 11-12 дугаар сард тоо толгойгоо баталж, тэндээс тэдийг, эндээс ийм ан агнуулна гэдгээ тогтож, зуучлах компани гадагш нь мэдээллээ өгч, анчилтай тохироо хийгээгүй байхад гэнэт 28 гэсэн тоо гаргаж ирээд батлуулж, тэр нь дорхноо борлогдож байгаа нь цаанаа юу явж байгаа вэ гэдэг тодорхой. Тэр бол Онон гэгч эмэгтэйн төлөвлөгөө байсан нь ойлгомжтой. Дэлхийн байгаль хамгаалах сангийн бодлого орж ирж байгаа нь тэр. Одоо ч тийм зүйл явдагдаж байна.
-Тэр нь юу билээ?
-Өнгөрсөн жил Онон гэдэг тэр эмэгтэй Туркийн нэг компанитай гэрээ хийж борлуулт хийсэн бол энэ жил бас л тэр шугамаараа юм хийсэн байна. Тэр компанид ихэнх байгууллага зөвшөөрөл өгч, яагаад гэвэл тэд анчдаа мэдэхгүй. Түүнийг нь Онон цааш Туркийн компани руу борлуулж тэндээс хахууль авдаг буюу авлига авдаг байсан гэж би хардаж байгаа. Онон бас хэн хэнд авлига өгдөг байсныг мэдэхгүй, ийм л нэг битүү зүйл тэнд байгаад байна. Тиймээс үүнийгээ болиоч гэж байгаа юм. Ононгоо болиул, Эрдэнэчимэгээ болиул. Шинэ Засгийн газар энэ хоёр томоохон бодлогоо тэр эмсэд бүү өг. Тэд эмлүүлэх ухаанаар ажиллахаас биш төрийн хатан ухаан алга. Гаднын даалгавар биелүүлэгчид, төсөл дамжин ажиллаж ашиг олохыг мэдэхээс олзонд нүд анидаггүй ийм хүүхнүүдэд итгэл хүлээлгэж болохгүй.
-Энэ жил аргаль 6000, янгир ямаа 12000 гэхчлэн тоолж зэрлэг амьтдын тоо толгойг гаргасан байна лээ. Хэр зөв болсон бол?
-Сонин тоо гаргасан байна лээ. Гадаадын анчдад агнуулах ангийн хувьд 40 угалз, 60 тэх, 15 буга, 20 чоно, бор гөрөөс 10, гахай 10 –ыг агнуулах тоо гаргасан байна лээ. Өмнө нь 40-50 угалз гануулахад 15-16 газраас агнадаг бүстэй байсан. одоо 12 аймгийн 36 суманд 40 агнуурын бүс байгуулсан байгаа юм. Түүндээ угалзын тоолуулсан тоо толгой нь 6200-7500 гэсэн байна лээ. Ямар аргаар яаж тоолсныг мэдэхгүй. Би тэдний гаргасан тоонд итгэхгүй. Тэр байтугай угалзын чанарыг олж харж тоолоогүй, хэдэн тэх, угалз, хурга байгаа, түүнчлэн хөгшин залуугаар ялгаагүй. Тухайлбал, хөгшин угалз байгаа бл яг хэд байна, үнэхээр ягнуулах бол тэрийг агнуулах хэрэгтэй гэсэн бодлого баримаар байна шүү дээ. Гэтэл их тоо гаргаад түүнээс заавал төдөн хувийг агнаж байх ёстой гэсэн юм ярьж байгаа нь учир дутагдалтай. Ингэж болохгүй, ийм байх нь Монголд ашиггүй, тэр байтугай дэлхий нийтээр үүнээс татгалзаж байгаа шүү дээ.
-Тоог ингэж өндөр гаргахаар, тухайлбал угалз 6000 байна гэхээр хэн ч сонссон 50-ийг агнахад яадаг юм бэ гэж л бодно шүү дээ?
-Харин тийм, тэгж бодуулах гэж зориуд тоог өсгөөд байна шүү дээ, тэр хүмүүс. Ингэж толгой эргүүлэхээ болиоч гэж л яриад, шаардаад байгаа юм шүү дээ, бид. Түүнээс гадна агнуурын бүсийг ч гэсэн маш хурдан тогтоосон байдал нь гадаадын анчдад агнуулах амьтдын байршиж буй бүсийг л агнуулын бүс болгосон байгаа юм.Жишээ нь, Төв аймгийн Мөнгөнморьт суманд л гэхэд монголчууд өөрсдөө агнаж болох ан бий. Тэр нь гахай.
МОНГОЛЧУУД АНГ ХАМААГҮЙ АГНА ГЭДЭГГҮЙ, ЗЭРЛЭГ ГАХАЙГ БОЛ ӨӨР
-Гахайг агнаж бай гэдэг нь ямар учиртай юм?
-Тэр учиртай. Өвгөд дээдсээс гахайгаа сайн агнаж ид, морь, эр хоёрыг зовоодог амьтан шүү. Агнаж л байхгүй бол гахай нэг мялантвал байгаль өмхийртөл үхдэг, тиймээс зохицуулж бай гэж сургасан байдаг. Ийм даалгавартай юм. Түүнээс ямар ч анг агна гэж захиагүй, ганцхан гахайн дээр л тэгж хэлсэн байдаг. Гэтэл энийг тоолж агнуурын бүс нутаг байгуулсан уу гэвэл үгүй. Өөрсдөдөө ашигтай байгаа гадаадын анчдаар агнуулж давхар ашиг олдог юмаа л бодоод байх юм. Тэд том мөнгөн дээр тоглож байгаа бол ард иргэд нь “Хятадтай сайдсан тохиолдол бүрт ангийн тоо толгой эрс цөөрнө” гэсэн өвгөчүүлийн захиасыг мартаж бид, тэр дотроо би хүмүүст тэр талаар ухуулж сурталчилж чадаагүйн улмаас тарвагаа агнаж арьсыг нь тушаадаг, бугаа алж чив засааг нь өгдөг явдал байгаад байна. Бид ухуулга хийж чадаагүй буруутай бол улсдаа бас хэлж ойлгуулж чадаагүй өөр хүмүүс тэр орон зайг нь эзлээд авчихсан буруу бас байна.
-Ер нь Монголын түүхэнд анг хамаагүй агна гэдэггүй байх аа?
-Ганцхан тохиолдол байдаг юм. Хайсанхүлэг хааны үед нэг жил ган болоход хаан зарлиг буулгаж, ард иргэдийг түлээгээ бэлдэх, ангаа агнахыг дураар зөвшөөр гэж гөрөөчдын ахлагчдад зарлиг хүргүүлж байсан түүхтэй. Тэгэхээр тэр үүргийг, тухайлбал хамгаалдаг, зохистой агнадаг үүргийг гөрөөчид хүлээж байж. Социаоизмын үед хэдэн зуугаар нь төлөвлөгөө биелүүлдэг, валют олдог байсан. Тэгээд бид ангаа бараагүй шүү дээ. Төр нь зах замбараагүй дайрдаггүй байлаа. Иргэд ч хамжааргатай байлаа.Ойн цагдаа суманд 1-2 л байсан. Ард иргэд, анчидтайгаа хамтраад ангаа хайрладаг, байгалиа хамгаалдаг байсан. Тийм байсан юмыг одоо эргээд гаргаж ирмээр байна. Би байгаль хамгаалагч гэж цээжээ дэлдэх биш, үнэхээр чадаж байвал тэр ажлаа хийгээд цалингаа авна. Үгүй бол хэн сэтгэлтэй нь тэр ажлыг хийг. Сэтгэл дагаж хамгаалдаг болохоос тушаал дагаж байгаль хамгаалдаггүй юм шүү дээ. Тэгэхээр сэтгэлтэй хүнд нь цалинг нь өгөөд ажилуул.
-Бусад улс оронд байгаль хамгаалах ямар жишиг, туршлага байдаг бол?
-Оросууд маш гоё юм хийчихсэн байдаг юм билээ. Зөв хууль боловсруулж баталсан гэж би ойлгосон. Монголын хувьд ядарсан зүдэрсэн үедээ байгалиа ашиглах, ангаа агнах журам байж. Түүхэнд ч тэр талаар дурдсан байна. Социалзмын үед ч ялгаагүй байгалийн баялгаа ашиглаж асар их ваоют олж байсан туршлага бий. Зэрлэг капитализм тэр бүхнийг үгүй болгочихлоо. Тэгэхээр одоо бүх нийтээрээ хамгаалъя. Үүнийг яаж зохин байгуулах вэ гэвэл, Орост агнуурын бүсээ тухайн нутгийнхан өөрсдөө тогтоож, 80 хувийн өгсгөж үржүүлж ашиглах эрхийг тэдэнд өгч, 20 хувийг хамгаал, нөхөн сэргээ гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Тэр нь өдгөө ашгаа өгч байна. Тэгэхээр манайхан ч гэсэн Нөхөрлөлийн хуулиа эргэж харж, засах хэрэгтэй. Хэн ч байсан байгаль хамгаалах, агнуурын бүсэд аялах, өсгөж үржүүлэх, агнах эрхтэй байг. Гэхдээ “Харамчийнхан” шиг байцгаая л даа. Одоо шинэ Засгийн газар гарч ирж байгаа энэ мөчид ан агнуулъя гэж гаргаж байгаа тоогоо буцааж дахин агнуулахгүй ядаж хоёр жил болооч. Тэр хугацаандаа хамгаалах ситемээ боловсронгуй болгоод хийчихээч. Тэгвэл би олон таван үг хэлэлгүй, модоо тариад Мөнгөнморьтдоо хэвтэж баймаар байна. Ийм зүйлүүдийг бодож явна даа ах нь. Нэгэнт хотод орж ирснийх энэ бүх байдлыг салбарын яаманд нь хэлж, асуудлаа сайн шиг тавьчихаад явна даа. Бас нэг зүйл бол энэ яамыг өнгөөр тоглохоо боль, ногоорууллаа энэ тэр гээд л байдгаа зогсоо гэж хэлмээр байгаа юм. Ногооруулчихлаа л гэдэг зарим нь ногооруулсан газарт нь очиж ногоортлоо архидаж аваад буцахыг ногоорлоо гэж ойлгодог шиг билээ. Энэ мэт жижиг сажиг гэлтгүй бүх асуудлаа энэ салбарынхан цэглээсэй билээ.
URL: