Номин их дэлгүүрийг банкны барьцаанд тавих уу?
1990-ээд оны их хувьчлалын үеэр улаан, цэнхэр тасалбар, хувьцааны тухай ойлголт Монголд анх орж ирснээс хойш олон жил өнгөрчээ. Тэр л үед хуучнаар Улсын их дэлгүүрийн хувьцааг эгэл жирийн иргэдэд олгож байсан бол нэг л мэдэхнээ хувьцааны дийлэнх хэсэг буюу 66 орчим хувь “Номин”-гийнхны гарт оржээ. Өнөөдөр тус дэлгүүрийн ерөнхий түрээслэгчийн эрхийг атгасан “Номин тав трэйд” ХХК нь Улсын их дэлгүүрийг жинхэнэ үйлчилгээний газар болгон хувиргасан нь сайшаалтай санагдана. Гэвч цаана нь УИД ХК-тай хийсэн гэрээг нь харвал бөөн алдагдал, бөөн хүү төлөлт гээд олон жилийн туршид хуримтлагдсан өрийн хэмжээ даруй 11 тэрбумыг хэдийнэ хол давжээ. Одоогийн байдлаар УИД ХК-ийн нийт хувьцааны 33.9 хувийг 45484 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна гэж Bloomberg телевиз саяхан мэдээлэв. Үүнээс гадна одоогоос хэдхэн хоногийн өмнө Хөрөнгийн биржээр УИД ХК-ны багцалсан таван хувь хувьцаа зарагдсан бөгөөд таваас дээш хувийн томоохон гол гурван хувьцаа эзэмшигч байдаг тухай ч мөн Bloomberg мэдээлэв. Чингэхдээ нэгж хувьцааг дээд тал нь 570 төгрөгөөр борлуулагджээ. Үүнээс үзэхэд, УИД ХК нь ямар ч ашиггүй ажилладгаас гадна ерөнхий түрээслэгчид жил ирэх бүр нэмж өрөнд орох маягаар өдийг хүрснээс харахад, жирийн нэг жижиг хувьцаа эзэмшигчид юун ногдол авах манатай гэдэг нь тодорхой харагдана.
Гэтэл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр танилцуулсан 2012, 2013 оны тайлан мэдээнээс үзвэл, УИД ХК нь 2012 онд 655.3 сая төгрөг, 2013 онд 815.4 сая төгрөгний алдагдалтай ажилласан гэж тайландаа тусгажээ. Угтаа “Номин тав трэйд” ХХК-д ерөнхий түрээслэгчийн эрхийг шилжүүлсэн тэр цаг мөчөөс эхлэн өөдлөх учиртай байтал өрний тулам болон хувирахад хүрчээ. Хамгийн хачирхалтай нь 20 орчим мянган метр квадрат түрээсийн талбайгаа 100 хувь түрээслэдэг авч жилдээ ердөө 3 тэрбумын түрээсийн орлого олж буй нь эргэлзэхэд хүргэнэ.
Хотын төвийн хамгийн сайн байршилтай газар байрладаг тус их дэлгүүр нь гадны түрээслэгчдэд нэг метр квадрат талбайгаа сар тутам 70-100 мянган төгрөгөөр бодож гэрээ хийсэн тухай давхар түрээслэгчид ярьж байна. Үүнээс үзвэл жилдээ дунджаар 18 тэрбумын орлого олох нь хэнд ч тодорхой харагдана. Үүнээс наад зах нь 14 тэрбумын цэвэр ашиг олж, тэндээсээ хувьцаа эзэмшигчдэд олговол хэн хэндээ ашигтай байх бус уу? Гэтэл ерөнхий түрээслэгч компани өөрийн охин компаниудаас хэр хэмжээний түрээс, төлбөр авдаг нь тодорхойгүй байгаа юм. Харин УИД ХК-ийн хувьд түрээснээс олсон орлогынхоо ихэнх хувийг эргүүлээд ерөнхий түрээслэгчид зээлийн хүү гээд өгчихдөг ажээ. Ийм маягаар УИД ХК алдагдалтай ажиллаж, харин Номингийнхны тус дэлгүүрээс авах авлагын хэмжээ өсөн нэмэгдсээр байна. Харин хүлцэнгүй 45 мянган жижиг хувьцаа эзэмшигчид энэ бүхнийг төдийлөн сайн ойлголгүй өнөөг хүрсэн нь туйлын харамсалтай юм. Тэд санаа сэтгэлээр нийлж нэгдсэн зохион байгуулалтад аль хэдийнэ орсон бол өнөөдөр хувьцааныхаа үр шимийг хүртэж, жилдээ чамгүй хэмжээний ашиг орлоготой байх боломжийг олон жилийн туршид алдаж ирснээ өөрсдөө ч мэдэлгүй өдий хүрсэн байж мэднэ. Гэвч одоо нэн даруйхан идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өөрсдийнхөө эрхийг хамгаалахгүй бол галт тэрэг аль хэдийнэ хөдөлж, аюулын харанга дэлдэх цаг нэгэнт иржээ.
Учир юун гэвэл, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт Хан-Уул дүүргийн хуучин Гутлын үйлдвэрийн байрыг худалдаж авсан “Номин Юнайтед” ХХК-ийн байранд УИД ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болох тухай зар өдөр тутмын ганц нэг сонин дээр гарчээ. Хурлыг “Номин тав трэйд” компани зарласан агаад хачирхалтай нь энэ үеэр ирэх жил УИД ХК-тай ерөнхий түрээслэгчийн гэрээ байгуулах эрхийг “Номин реалтор” ХХК-д шилжүүлэх тухай асуудал яригдах аж.
Үүнээс гадна хамгийн их анхаарал татаж буй хэлэлцэх асуудлын нэг бол уг хурлаар УИД-ийг Европын Сэргээн Босголтын Банкинд барьцаанд тавьж “Номин холдинг” групп үлэмж хэмжээний зээл авах тухай юм. Энэ мэтчилэн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдсөөр эцэс сүүлдээ өр зээлний барьцаанд гадаадын банкинд УИД ХК орж, 45 мянган эгэл жирийн жижиг хувьцаа эзэмшигч юу ч үгүй хоцорч, нэгэн гэр бүлийн гурван том хувьцаа эзэмшигчдийн тоглоом болох цаг айсуй.
URL: