Архины тусгай зөвшөөрлийн төлөөх “тулаан” эхлэх нь
Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад арав гаруй хонож байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг санаачилж, боловсруулалцсан.
Өсвөр, өтөл гэлтгүй монголчууд архинд живчихээд байгаа энэ цагт уг хуулийг батлах нь зөв хэмээн сайшаагч олон байна. Одоогоор манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн долоо, архины 57, шар айрагны 19, дарсны арав нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо хэт олон байгаагаас зах зээл дэх архины нийлүүлэлт, далд сурталчилгаа ихэсч, хүн амын архины хэрэглээ өндөр байгаа. Үүнээс чанарын шаардлага хангахгүй архи үйлдвэрлэх нь түгээмэл байгаа юм.
Хямд үнэтэй, чанар муутай архи зах зээлд борлуулах нь амьжиргааны төвшин доогуур иргэдийг архинд донтуулах сөрөг талтай. Тиймээс хуулийн төсөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэхэд тавих хяналттай холбоотой харилцааг зохицуулахаар заажээ.
Мөн согтууруулах ундааны спиртын агууламжийн хэмжээг харгалзан ялгамжтайгаар тогтоох гэнэ. Үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг Засгийн газар, худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг сум дүүргийн Засаг дарга олгохоор тусгаж, өндөр агууламжтай согтууруулах ундааг тусгай цэгээр худалдаалах гэнэ.
Ингэхдээ тусгай цэгт тавих шаардлагыг өндөржүүлж, борлуулалтыг цагийн хуваарьт шилжүүлэх юм байна. Ямартай ч УИХ-д өргөн барьсан уг хуулийг тун удахгүй “өлгийдөж” авах нь ойлгомжтой боллоо. Харин хуулийн хэрэгжилт ямар байх бол. “Монголын хууль гурав хоног” гэх гуншин дахиад энэ хуульд үйлчилбэл утгагүй.
Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилж батлуулсан Тамхины тухай хууль шиг хэрэгжилт нь замхрахвий. Хуулийн зарим зүйл заалтыг хараад шууд манайд хэрэгжүүлэхэд түвэгтэй, бэрхшээлтэй зүйл олон харагдаж байгаа юм.
Тухайлбал, архийг 08:00-21.00 цаг хүртэл худалдаална гэж тусгасан. Шөнийн цэнгээний, уушийн газрууд ч мөн адил дээрх цаг хүртэл архи, согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхээр болж байгаа юм. Үүнтэй цэнгээний газрууд тийм амархан “хөл нийлүүлэх” болов уу. Харин ч нууц хэлбэрт шилжиж, иргэдээ архиар угжсаар байхвий.
Үнэхээр хуулийг хэрэгжүүлж чадвал хүссэн хүсээгүй цэнгээний газрууд үүд хаалгаа барьж, архидалт багасах учиртай. Мөн архи худалдаалах цэгийг багасгах зүйл заалт энэ хуулийн төсөлд бий. Өөрөөр хэлбэл, архийг зөвхөн тусгай дэлгүүрээр худалдаална.
Ингэхдээ 5000-10000 хүн ам тутамд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байхаар тооцоолсон. Нийслэл нэг сая гаруй хүн амтай гэж үзвэл нийслэлийн хэмжээнд 100-200 тусгай дэлгүүр үйл ажиллагаа явуулах аж. Гэтэл одоо нийслэлд 300 хүнд нэг найман нэрийн барааны дэлгүүр ногдож байгаа юм байна. Ингэхээр тусгай дэлгүүр ажиллуулах сонирхолтой хүмүүсийн өрсөлдөөн эхэлж байна.
Тэд ямар арга хэлбэрээр тусгай зөвшөөрөл олж авах бол. Мөн тухайн бүсэд архины тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүр ажиллуулах эсэхийг Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхээр тусгажээ. “Манай ойролцоо архины дэлгүүр ажиллуулаад өгөөч” гэж гар өргөх хүн байх болов уу. Архины дэлгүүр ажиллуулдаг цөөн тооны хүнээс өөр хүн гарахгүй л байх.
Үнэхээр энэ байдлаар санал хураавал архи худалдаалах дүүрэг, хороо тун цөөрнө. Өнөөдөр архинаас болж, айл гэрийн амьдрал салж, хэрүүл маргаан, хүчирхийлэл хүрээгээ тэлсээр байна. Ийм байхад “Архи худалдах нь зөв” гэж ам нээх хүн ховор шүү дээ. Мөн орон нутагт ч гэсэн энэ зарчмаар хууль үйлчилнэ. Гэтэл хуульд тусгасан шиг 10000 хүртэлх хүн амтай сум, хороо тун цөөхөн.
Иймээс хоёр сумын дунд нэг архины тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүр ажиллаж таарах нь. Энэ нь нэг бодлын зөв алхам юм шиг. Гэтэл энэ заалт нь архинд “донтогсдод” аймаг, сум алгасч архидах боломж ч болж мэдэх юм. Төвлөрсөн нэг цэгт архи борлуулах нь гэмт хэргийн гаралт ихсэхээс гадна хулгай дээрэм, хууль бус үйлдэл гарах үндэс суурийг тавина.
Иймд хяналт сайн байх учиртай. Цагдаа хүчнийхэн, камер, эргүүл гээд цогц бүрэлдэхүүнтэй ажиллахгүй бол ховор бараанд улангассан хүмүүс юу эсийг хийх билээ дээ. Талханд дугаарлах нэг өөр, харин архинд дугаарлагсдаас ямар ч ааш аяг гарахыг тааж хэлшгүй. “Хясавч хүсдэг” гэж үг бий. Хүслээ биелүүлэхийн тулд хуулийн “хясал”-ыг тэд сөрж л гарахыг бодно. Мэдээж хуулиар насанд хүрсэн иргэнд үйлчлэхээр зүйлчилсэн байна.
Гэхдээ өнөөдөр ч гэсэн согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүдэд энэ дүрэм, журмыг мөрдөж ажиллахыг хуулийн байгууллагууд сануулдаг. Гэтэл аав, ээж нь хүүхдээ архинд гүйлгэсээр л байна. Тухайн худалдагч ч хүүхдэд архи, тамхи өгөөд л гаргадаг. Арван жилийн хүүхдүүд дэлгүүрийн гадаа шар айраг ууж, тамхи суунаглуулж зогсох нь хэвийн үзэгдэл болсон шүү дээ.
Ийм байхад энэ хууль “төрлөө” гээд иргэний үнэмлэх шалгаж,үйлчлэх дэлгүүр хэр олон байх бол. Цэнгээний газрууд ч мөн адил насанд хүрээгүй хүүхдүүдэд согтууруулах ундаагаар үйлчилж, хөл толгойгоо мэдэхгүй болтол нь хөлцүүрүүлдэг. Мэдээж хуулийн хэрэгжилтийг сайн хянаж, ажиллавал болохгүй гэх зүйлгүй.
Хамгийн гол нь иргэдийн амьдралд нэн тулгамдсан хууль санаачилж, батлуулдаг хэдий ч хуулийн хэрэгжилт, хяналт сул байдгаас иргэд үр шимийг нь хүртдэггүй. Зүгээр л цаасан дээр буусан хууль, хууль сахиулагчдын ширээнд хадгалаастай үлддэг. Энэ л зарчмаар манай улс хууль “үйлдвэрлэсээр” өдий хүрлээ.
Архины тухай хуульд бол тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрийн дотор, гадна камер байрлуулж ажиллахаар тусгасан. Хэрэв насанд хүрээгүй, жирэмсэн хүнд архи борлуулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах аж.
Тэгэхээр тухайн камерт хяналт тавих цагдаагийн байгууллагын сонор сэрэмжээс бүх зүйл шалтгаалах болж байна. Мөн өмнө нь 22.00 цаг хүртэл үйлчилгээ явуулдаг байсан найман нэрийн дэлгүүрүүд 21.00 цагт хаалгаа барих үүрэг хүлээж байна. Үүнийг эсэргүүцэгчид олон байгаа юм. Архи борлуулахгүйгээр 22.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах, эсвэл архи борлуулаад 21.00 цаг хүртэл ажиллах сонголт хийх шаардлага тэдэнд тулгарч байна.
Цаашлаад машинд болон гудамж, сургууль цэцэрлэгийн ойролцоо архи уухыг хуулиар хориглосон. Ийнхүү архины “шинэ” хуулиар архи зарах тусгай дэлгүүр ажиллуулж, борлуулах цагийг багасгаснаар бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болох нь ойлгомжтой.
Иймд хууль санаачлагч Л.Эрдэнэчимэг гишүүн архи үйлдвэрлэгчдэд согтууруулах ундаа үйлдвэрлэхгүйгээр ашигтай ажиллах гарцыг олж өгөх гэнэ лээ. Мөн архины импортыг багасгахын тулд татварыг тогтмол нэмэх системээр ажиллах юм байна.
Архийг дотор нь 38-аас дээш хатуулагтай буюу цагаан архи 38-аас доош буюу шар айраг, дарс гэж ангилж борлуулна. Хууль баталсан эхний нэг жилдээ тусгай дэлгүүрээр зөвхөн өндөр хатуулагтай архи борлуулж, хүнсний дэлгүүрүүдэд шар айраг, дарс худалдаалахаар тусгажээ.
Харамсалтай нь архины үйлдвэрлэлийг багасгах талаар уг хуульд тусгасангүй. Зөвхөн худалдан авалтыг “боомилж”, хэрэглээг багасгах зорилго агуулж байгаа юм байна. Харин иргэдийн зүгээс архи үйлдвэрлэгч нарыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх нь зөв гэж үзэж байна.
Тэр дундаа “Архины монополь үйлдвэрийн эздийг өндөр албан тушаалд суулгахгүй байх хэрэгтэй”. Мөн архи үйлдвэрлэгчдээс нийгмийн эрүүл мэнддэд хохирол учруулсан гэдэг нэрийдлээр татвар авах, авсан мөнгийг архинд донтож амьдралаа алдсан иргэдийг эмчлэх, эрүүлжүүлэхэд зарцуулах шаардлагатай гэж үзжээ.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Монголын үнэн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зөв, архины үйлдвэрлэлийг багасгавал өөрчлөлт гарна,дэлгүүрүүд цөөрч,тэд өөр бизнес хийхийг эрэлхийлнэ.