МАН шударга ёсны тэмцэгч гэдгээ харуулав

МАН өөрийн гишүүдээ хаядаггүй, шударга ёсны төлөө тэмцдэг гэдгээ сайд нарын томилгоогоор харуулав

МАН-аас сайд нарт дэвшүүлсэн хүмүүс нийгэмд ихээхэн таалагдав. Урьд өмнө сайд нарыг шүүмжлэн хүлээн авдаг олон нийт энэ удаа МАН-ын сайд нарт LIKE гэсэн товчлуур даржээ.

АН-ынхан давхар дээлтэй өнөөх л гишүүдээсээ сайд болгохоор оруулж ирэв. Гэтэл МАН-ын бодлого ялгарал, харьцуулалт хийх боломжийг олгов. Улс төрийн шийдэл, МАН-ын бодлого талаас нь харвал маш сонин гаргалгаа харагдаж байна.

Шадар сайд У.Хүрэлсүх

Энэ эрхэм өмнө МАХН-ынхаа нэрийг МАН болгон өөрчилөхөд гол үүрэг гүйцэтгэж оролцсон. Тэгээд үүнээс үүсэх хариуцлагыг хэн хүлээх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад “Би” гэж ганцхан үгээр хариулж байсан. Тэр хэлсэндээ хүрч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албаа өгсөн. Дараа нь УИХ-ын гишүүнээсээ татгалзаж нэгэн эмэгтэйг гишүүн болгосон. Ингэж хэлсэн ярьсандаа байж чаддаг хүнийг МАН Шадар сайд болгов. Тэгээд ч өмнө У.Хүрэлсүх Шадар сайдад нэр дэвшиж байсан. 2012 оны сонгуулийн өмнө Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс Засгийн газрыг хаяад гарч одсон. Тэгэхэд Ерөнхий сайд С.Батболд Н.Алтанхуягийн оронд У.Хүрэлсүхийг Шадар сайд болгохоор оруулж ирсэн. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цомхон төр хэрэгтэй. Сонгууль болтол Шадар хэрэггүй гэж хэлсэн. Харин У.Хүрэлсүх Шадараасаа татгалзсан. Зүтгээд томилогдвол томилогдох л байсан. Хоёр дахь удаагаа Шадар сайдад ороод ирэхэд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн зөвшөөрөв. Тэгээд ч У.Хүрэлсүх Шадар сайдын мэдэлд байгаа Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг нэр төртэй удирдаж байсан. Өнөөдөр тэднийгээ дахиад л удирдах гэж байна. Ийм хүнтэй хэн ч маргахгүй байгаа нь томилгоо нүдээ олсны илрэл.

Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат

Харин олон нийт МАН Сангийн сайдаар хэнийг тавьчих ваа гэж жаахан эргэлзэж гайхаж байна. Олон нийтийг эргэлзээнд оруулсан МАН-ын энэ шийдлийн цаана асар том бодлого нуугдаж байна. Энэ бол 21 аймгийн МАН-ын дарга нарт өгч байгаа сигнал юм. Учир нь Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн санхүүгийн хэлтэсийн мэргэжилтнээс эхлээд хэлтэсийн дарга, Засаг даргын орлогч, Засаг дарга гээд өгсүүр замаар гарч ирээд УИХ-ын гишүүн болсон. МАН-ынхан түүнийг улс орны санхүүгийн салбарыг сэргээнэ гэж итгээд байгаагийн цаана нэг шалтгаан бий. Ж.Эрдэнэбат улс төрд шинэ хүн ч гэсэн Сэлэнгэ аймгийг хөл дээр нь босгосон эр. Сэлэнгэ гэдэг бол Монголын эдийн засгийн тулгуур багана, ноён нуруу болсон газар. Ийм аймгийг хөгжүүлсэн хүн Монголын эдийн засгийг өргөлцөөд л ирнэ. Ж.Эрдэнэбат Засаг даргаар ажиллаж байхдаа С.Баярын зарласан “Атрын III” аяныг гардан зохион байгуулсан хүн. Тийм учраас МАН түүнд итгэж байна. Бас МАН-ынхан залуучууддаа, 70 оныхондоо итгэлээ атгуулав. Өмнө С.Батболд Сангийн сайдаараа Д.Хаянхирваа хэмээх Дарханы Засаг даргаар ажиллаж байсан этгээдийг томилсон. Хүмүүс бас “хэн бэ?” гэж шүүмжилж л байсан. Тэгэхэд С.Батболд “Монголын хоёр дахь том хот, үйлдвэрлэлийн бүсийг хөгжүүлсэн хүндээ итгэлээ өглөө” гэж хэлсэн. Тухайн үед шүүмжлүүлж байсан Д.Хаянхирваа одоо МАН-ын топ улс төрчдийн нэг болж өссөнийг ард түмэн мэднэ. Ж.Эрдэнэбатын өмнө тийм зам үлдэв. Тэгээд ч МАН-ынхан амжилттай ажиллаж байсан аймгийн Засаг дарга нартаа итгэлээ өгч чаддагаа харуулав. Аймгийн засаг дарга хийж байгаад шууд сайд болж байгаа гишүүн АН-д лав байхгүй. Үүний цаана МАН-ынхан 21 аймгийнхаа Засаг дарга нарт “та нар сайн ажиллаад, гишүүн болоод, намаа ялуулчихвал сайд болгож болно шүү” гэсэн сануулгыг дайж байна. Ийм сануулга авсан аймгийн Засаг дарга нар ирэх сонгуульд хичээх нь гарцаагүй. Гэтэл АН-ынхан нөгөөх л хэдэн байдаг гишүүд нь сайд нараа булаацалдаад л. Намуудын бодлогын ялгаа юм даа.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол

Энэ эмэгтэйтэй маргах хүн ховор. Завхан аймагт дөрвөн удаа өрсөлдөж гурван удаа намдаа ялалт авчирсан. Парламентад хамгийн олон жил сууж туршлагажсан эмэгтэйчүүдийн тэргүүнд эгнээнд бичигдэнэ. МАН-ынхаа үзэл баримтлалыг тууштай хамгаалдаг. Улс төрийн уналт, босолтыг туулж ирсэн. Өмнө олон удаа сайдаар томилогдоно гэж яригдаж байсан. МАН-ын дэргэдэх НАМЭХ-ыг удирдаж явсан. УИХ-ын хоёр ч байнгын хорооны даргаар ажиллаж гишүүдийг удирдсан. 26 гишүүнтэй бүлгийнхээ дэд даргаар ажиллаж ирсэн ийм эмэгтэйтэйг үгүйсгэх, маргах хэцүү л дээ. Харин ч Д.Оюунхорол гарцаагүй. Түүнд бодлогоо хэрэгжүүлэх боломж олгох ёстой гэж үнэлж хүлээн авах хүмүүс олон. Энэ бол МАН хүлээн зөвшөөрөгдсөн, үзэл баримтлалдаа үнэнч байсан, урваж шаравдаггүй, лидер болсон гишүүдээ дэмждэг гэсний мессеж болж байна. Бас ямар ч том томилгоонд эмэгтэйчүүдээ мартдаггүй гэж харагдлаа.

Барилга, хот байгууллатын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар

МАН-д зөв харагддаг залуучуудын нэг. Нийгэмд таалагддаг хүлээн зөвшөөрөгдсөн эрхэмүүдийн нэг. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүд дунд мэдлэг боловсролоороо толгой цохино. Ийм залууст МАН үргэлж боломж олгодог, итгэл хүлээлгэдэг гэсэн дохио юм даа. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын зөвлөх, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөө хоёронтоо өрсөлдөж явсан. Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд ууланд ямар нэгэн газар олгохгүй гэсэн шийдвэр гаргаж дуулиан дэгдээсэн. Түүнийг ажлаа өгсний дараа Богд уулын газрууд олгогдсоор л байна. Энэ бол асуудалд хэр их зарчимтай ханддагийнх нь нэг жишээ.

Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү

Ч.Сайханбилэгийн танхимын хамгийн залуу сайд. 2012 оны сонгуульд МАН олон залуучуудыг сойсон. Түүний нэг нь Н.Төмөрхүү. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тухайн үед Н.Төмөрхүү нэр дэвших ямар ч сонирхолгүй, бэлтгэлгүй байхад нь МАН гал руу түлхсэн. Түүний өрсөлдөгч нь Монголын хамгийн том олгархи гэгддэг Г.Батхүү, Д.Зоригт. Ийм хоёр хүнээс хэн ч айж сүрдэнэ. Бараг л МАН нэг залууг золионд явуулчихлаа гэсэн шүүмжлэл их байсан. Тэгээд ч тойрогтоо дархлагдсан ийм хоёр хүнтэй өрсөлдөх зоригтон олдохгүй байсан үед Н.Төмөрхүүг нэр дэвшүүлсэн. Сонгуулийн үр дүн санаанд оромгүй байсан. Тэрээр 43 хувийн санал авсан. Харин өрсөлдөгч Г.Батхүү 40, Д.Зоригт 34 хувийн саналтай. Харамсалтай нь АН-ынхан эрх мэдэлдээ автаж шүүхдсээр байгаад Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёрыг эргүүлэн татуулсан. 2012 оны сонгуулийн дараа АН-ынхан иймэрхүү увайгүй үйлдэл олныг хийсэн. Тэдний хууль бус үйлдэлийн өмнө МАН хүчин мөхөсдсөн. Өөрөөр хэлбэл МАН суудал аваад ирсэн хоёр гишүүнийхээ мандатыг баталгаажуулж чадалгүй алдчихсан. Ингээд Монгол даяараа Н.Төмөрхүү, С.Чинзориг гэдэг хоёр хүнийг таньдаг болсон.

Харин сонгуульд ялаад ялагдчихсан энэ хоёр эрхэмийг МАН сайдаар томилуулахаар нэр дэвшүүлэв. Энэ нь МАН өөрийн гишүүдээ хаядаггүй гэсэн сануулга юм. Бас МАН үргэлж шударга ёсны талд зогсдог гэдгийг АН-ынханд ч, ард түмэнд ч ойлгуулах гэсэн шийдлийнх нь илэрхийлэл болов. Н.Төмөрхүү бол амжилттай бизнес эрхэлж ирсэн залуу. МАН-д ийм залууст орон зай гаргаж өгдөг гэдгээ харуулав.

Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч С.Чинзориг

Өвөрхангай аймагт олон удаа нэр дэвшсэн. Нөгөө л Г.Батхүү, Д.Зоригт нарт ялагдсаар ирсэн. Тууштай тэмцсэн. 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймагтаа хамгийн өндөр буюу 48 хувийн санал авч нэгдүгээрт бичигдсэн байдаг. Гэвч мөнгө эрх мэдлийн өмнө хүчгүйдэж тойргоо алдсан төрийн албан хаагч л даа. Олон жил төрд үнэнчээр зүтгэсэн. Аймгийн засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын дарга, дэд сайд, төрийн нарийн, ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга, ерөнхий сайдын зөвлөх гээд насаараа л төрийн ажил хийсэн хүн. Төрд үнэнчээр зүтгэж ирсэн хүмүүстээ ч МАН боломжийн хаалгаа нээв. МАН-ын томилгоо иймэрхүү бодлогуудыг агуулж байна.

Ерөнхийд нь дүгнэж үзвэл МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын бодлогын хослол сайд нарын томилгоон дээр харагдаж байна. Тэд томилгоо бүрийн ард бодлого боджээ. Хэрэв иймэрхүү байдлаар бодлого гаргаж, 2016 оны сонгуульд нэр дэвшигчидээ тордуулах юм бол МАН-д том боломж байгааг харуулж байна. МАН хэлсэн ярьсандаа, бодлогодоо үнэнч байдаг гишүүдээ сайд болгов. Ч.Сайханбилэгийн танхимын хамгийн залуу сайдыг томилуулах гэж байна. Залуучуудад таалагдав. Эмэгтэйчүүдийн хүлээн зөвшөөрөгдсөн лидерийг гаргав. Эмэгтэйчүүдэд дэмжигдэв. Орон нутгийн удирдлагад байсан хүнийг сайд болгов. Орон нутгийнхан алга ташиж байна. Шударга бус явдлын золиос болсон гишүүдээ мартахгүй байна. Гишүүдийнхээ алгыг ташуулав. Гадаад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсээ нэгдүгээр эгнээндээ гаргаж байна. Гадаадад сургууль төгсөгчид зөв гэж байна. Нийгмийн гол салбарын төлөөллүүдийг томилгоон дээрээ оруулав. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ бодлого дээрээ гаргаж ирэв. Томилгоо бүрийг бүлэг, фракцдаа хувиарлах биш бодлого явуулах хүмүүсээ дэвшүүлэв. Энэ бүхнийг улс төр судлаачид МАН нийгмийнхээ санаа бодлыг уншиж томилгоо хийлээ гэж дүгнэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих