Шийдлийн Засгийн газар шинэчлэлийн Засгийн газраас юугаараа илүү вэ?
Шийдлийн хэмээх Засгийн газар бүрдэж, ажиллаж эхлэх нь тодорхой болов. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг энэ засгийг удирдаж ажиллана. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа “Алтангадас” фракцаа хуралдуулж “Намайг битгий захирах гээд байгаарай. Би өөрийнхөөрөө ажиллана. Сонин шийдэлтэй алхмуудыг ч хийж магадгүй…” гэж мэдэгджээ. Тэр нь үнэн бололтой.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаараа үлдэж, танхимаа хурдан хугацаанд бүрдүүлэхийн тулд МАН, “Шударга ёс” эвслийнхэнд найр тавина гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж байж ийн бүтцээ батлуулж, сайд нараа томилуулж эхэллээ.
АН-аас нэр дэвшиж орж ирж байгаа сайд нарын зарим нь олон нийтийн шүүмжлэл, тэр байтугай намынхныхаа харуусал шогшролтыг дагуулан орж ирж байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Өргөдлийн байнгын хорооны дарга, Их хурлын гишүүн Р.Бурмаа. Электроникийн мэргэжилтэй түүнийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлжээ. “Давхар дээл”-ийг үзэн яддаг Р.Бурмаа ийн сайд болохоор сэтгэл шулуудсан нь юуны учир хэмээх асуулт гарч ирээд байгаа юм. Хамгийн логикгүй нэр дэвшигч гэх “хоч”-ийг түүнд зүүгээд байна.
Ч.Сайханбилэгийн үй зайгүй найз С.Баярцогт ЗГХЭГ-ын даргад нэр дэвшээд байгаа. Тэрээр өнгөрсөн баасан гаригийн шөнө чуулган дээр үг хэлсэн гишүүн бүрийн бай болж байв. Оюутолгойн гэрээ, “нуусан” нэг сая ам.доллар… Гэхдээ гишүүд энэ хоёр асуудал л болохоос С.Баярцогтын чадварт эргэлзэх зүйлгүй гэсэн төгсгөлүүдийг хийж байсан.
Ерөнхий прокуророос Хууль зүйн сайд руу үсэрч буй Д.Дорлигжавт тавих асуулт намынханд нь ч цөөнгүй байдаг юм шиг. Х.Тэмүүжиний дэлгэсэн дөрвөн сая ам.долларыг явж явж түүнтэй холбогдох магадлалтай талаар хэвлэлүүд бичиж байна. Яг үнэндээ Д.Дорлигжав тийм ч нэр цэвэр хүн биш. Гэхдээ л албан тушаалын далайд байнга шумбаж явдаг.
“Монгол шуудан”-гийн Д.Зоригтод АН, эсвэл З.Энхболд, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар өртэй бололтой. 2012 оны сонгуульд нэр дэвшиж, хэдэн мянган хүнээр “ мад тавиулаад” байхад нь чангаасаар байгаад Их хуралд оруулж ирсэн. Өнөөдөр сайдын суудал өгч байна.
Байгуулагдаагүй байхад нь тарахыг нь зөгнөх шалтгаан бий гэнэ. 2012 оны сонгуулийн өмнөхөн АН хамтарсан засгаас гэнэт гарч Сү.Батболдыг, МАН-ыг шоконд оруулж байв даа. МАН ч бас ийм туршлагатай.
Намынхаа байгуулсан засгийг унагалцсан Р.Бурмаа, С.Эрдэнэ нар Ч.Сайханбилэгийн танхимд багтаж буй. Тэднийг намынхан нь Түгжил гэж нэрийдсэн.
Энэ мэтчилэн АН-аас нэр дэвшигчид нэлээд гоочлуулж байж сайдын сэнтийд сууж таарах нь.
Ер нь АН-ын нэр дэвшигчдийг ажихнээ МоАХ буюу Х.Баттулгаас бусад нь шийдлийн Засгийн газарт хамтарчээ. Ялангуяа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж томилгоонд ихээхэн нөлөөтэй оролцсон байна. Тэрээр өөрийн зөвлөх Л.Пүрэвсүрэнгээ Гадаад харилцааны сайдад, Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдад, Р.Бурмааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдад зүтгүүлж байна.
МҮДН-ээс Д.Эрдэнэбат, Д.Зоригт, “Шонхор”-оос С.Эрдэнэ, Р.Жигжид нар засагт орно. “Нэг ардчилал”ын Лу.Гантөмөр, “Алтангадас”-ын С.Баярцогт гээд бүгд л байна.
АН-ын дотоодод нэлээдгүй зөрчилтэй байгаа аж. Баасан гаригийн шөнийн чуулган дээр “Фортуна” Н.Батбаяр халамцуухан “Дээр суусан гурван хүн төрийг, намыг удирдана гэвэл андуурал шүү. З.Энхболд оо, чи намынхаа засгийг унагачихаад төрийн эрхийг авна гэж байхгүй шүү…” гэх зэргээр хэлсэн үгнүүд нь АН доторх зөрчлийн нэгэн жишээ.
МАН-ын хувьд ч дотроо багагүй зодолдож байж таван сайдынхаа нэрийг Ерөнхий сайдад өгчээ. Уг нь шийдлийн Засгийн газрын Шадар сайдаар намын дарга М.Энхболд очихоор бүх бэлтгэлээ хангаад байж. Намын дарга болохдоо л “АН-тай хамтарч засаг байгуулна” гэж байсан тэрээр өнгөрсөн хугацаанд засагт орох бүхий л боломжийг хайж АН-ын зарим даргатай үгсч, тохирч, бүр хуйвалдаж байж санасандаа хүрсэн гэдэг. Гэтэл У.Хүрэлсүх гарч ирэн, “Би Шадар сайд болно. Таныг намын дарга болоход янз бүрийн тээг тавиагүй болохоор Шадар сайд болоход минь саад бүү хий…” гэсэн гэнэ. М.Энхболдын хувьд 2007 онд С.Баярт намын дарга, Ерөнхий сайдын суудлаа нэг дор булаалгаж байсан түүх бий.
МАН-ныхан засагт орох боломжоо ашиглан сурсан зангаараа албан тушаалын бялуу хүртээх, намд өгсөн хөрөнгө мөнгөний өр төлөхөө мартсангүй. Өвөрхангайд илт ялалт байгуулсан С.Чинзоригийн суудлыг АН-д “дээрэмдүүлээд” дуугүй өнгөрсөн. Нам нь дорвитой хөдөлсөн бол авч болох л суудал байв. Түүнийхээ оронд С.Чинзоригт Хөдөлмөрийн сайдын суудал бэлэглэж байна. “Өндөр буянт холдинг” гэдэг барилгын компанийн захирал Н.Төмөрхүү гэж бий. МАН-ын үед тендерийг “залгидаг” байсан гэдэг. Н.Төмөрхүү Тусгаар тогтнолын ордныг барьж, МАН-д маш их хандив өгснийхөө төлөөсийг Зам, тээврийн сайд болж намаасаа авч байгаа аж. Барилга хот байгуулалтын сайд болж буй Д.Цогтбаатар өнгөрсөн жил болсон Намын их хурлаар генсек болох шахаж байв. Түүний ялагдалд удирдлагуудын буруу их учир энэ удаад мөн л гэмээ бодож сайдад зүтгүүлж буй бололтой.
Харин МАН-аас орж ирж байгаа “давхар дээл”-тэй хоёр сайдыг муу хэлэх хүн ховор байгаа юм. Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайдаар Д.Оюунхоролыг оруулж ирсэн. Ж.Эрдэнэбат нэр цэвэр, аймаг удирдаж арвин туршлага хуримтлуулсан, ер нь л МАН-ын ирээдүйтэй залуусын нэг. Д.Оюунхорол ч энэ намд олон удаа мандат авчирч байсан ч сайд болж “мандаж” явсангүй. Тиймээс Д.Оюунхоролын сайд болох цаг нь болсон гэх юм билээ.
АН-ын фракцууд гэдэг шиг МАН ч бас олон бүлэглэл фракцтай. Энэ засагт М.Энхболдын Хотын фракц, У.Хүрэлсүхийн “Зүүний хүчний холбоо” буюу НАМЗХ, С.Баяр, Сү.Батболд нарын фракцаас жигд орж иржээ.
“Шударга ёс” эвслийн хувьд МҮАН нь М.Энхсайханыг Монгол Улсын сайдад, МАХН нь генсек Г.Шийлэгдамбыгаа Эрүүл мэнд, спортын сайдад, Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдад дэвшүүлсэн байна. Энэ гурван эрхэм чуулган дээр нэг их муу үг сонсолгүй дэмжигдчих боломжтой.
Гэхдээ намууд тохирохдоо нэр дэвшигчдийг унагаалгүй дэмжинэ гэж ярилцсан юм байна лээ. Тэгэхээр хэлэх нэг нь үгээ хэлж байгаад л дэмжээд баталчих бололтой юм. Энэ нэр дэвшигчид бүгдээрээ торох юмгүйгээр сайд болно гэсэн үг.
Энэ бүхний эцэст зайлшгүй тавих ёстой нэг асуулт гарч ирнэ. Шийдлийн Засгийн газар шинэчлэлийн Засгийн газраас юугаараа илүү вэ гэж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Ч.Сайханбилэгийн илүү нь юу юм бэ. Шадар сайд Д.Тэрбишдагва, У.Хүрэлсүх хоёрын ялгаа юу юм. “Өндөр буянт”-ын Н.Төмөрхүү, Зам тээврийн сайд асан А.Гансүхээс илүү сайн ажиллаж чадах уу. “Монгол шуудан”-гийн Д.Зоригт эрчим хүчний салбарыг М.Сономпилээс сайн авч явж чадах уу. Ерөөсөө л унасан Засгийн газраас энэ Засгийн газрын сайжирсан нь юу юм бэ?
Хариулт даанч олдохгүй байгаа юм. Харин ч сайд, яамдын тоо нь нэмэгдсэн байна. Намуудын шантаажийг биелүүлж, суудлын тоо гаргасан гэж байгаа.
Улс орныг учиргүй сайхан болгож гийлгэхээс өмнө шийдлийн Засгийн газрын зарим субъектээс улс төрийн сонин хачин шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. 2016 он гаруут МАН хамтарсан засгаас гарч магадгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж яриад эхэллээ. Байгуулагдаагүй байхад нь тарахыг нь зөгнөх шалтгаан бий гэнэ. 2012 оны сонгуулийн өмнөхөн АН хамтарсан засгаас гэнэт гарч Сү.Батболдыг, МАН-ыг шоконд оруулж байв даа. МАН ч бас ийм туршлагатай. У.Хүрэлсүх нар ингэж гараад одоогийн Ерөхийлөгч Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаж байсан түүх бий. Ерөнхийлөгч ч үүнийг анзаарсан байна лээ. Нэр дэвшигчидтэй уулзах үеэрээ засгаас гарч гүйхгүй байхыг хатуу сануулсан. Болж өгвөл хуульчилчих юм сан гэдэг санаагаа ч хэлсэн. Хаширсан, хал үзсэн хүний үг.
Тиймээс жилийн дараа МАН шийдлийн Засгийн газрыг орхиж магадгүй л юм. Тэгэхээр сонгуулиас өмнө 29 дэх Ерөнхий сайдын эрэлд гарах болно. Улс төрд мөнхийн эвлэрэл гэж байдаггүй. Түр зуурын нөхөрлөл л байдаг гэсэн үг бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: