Ээжийн уянгат бүүвэйн увдис хүүхдээ сайн хүн болоход тусална
Хүний орчлонгийн дар эх,
Хүсэл хайрын амьд бурхан
Лусын эзэн их дагина
Ачлалт ээж та, үр хүүхдээ ч
Уяхан сайхан сэтгэлтэй
Ус гал дөлгөөн зантай
Ухаан бодол саруул
Эв эеийг эрхэмлэдэг
Энхрий хайраар бялхсан
Уур уцаарыг тэвчдэг
Ухаалаг зөөлөн сайхан хүн болгох гэсэн ганцхан л хүсэл мөрөөдөлтөй байгаа. Энэ бол хорвоод үр төрүүлсэн эх хүний ариун жам. Түүндээ хүрэхийн төлөө та, бүхнээ зориулдаг.
Таныг ийм мөрөөдөлдөө хүрэхэд сайн, саар олон нөлөөллөөс шалтгаалах нь мэдээж. Түүний дотроос нэн гол, бүүр хамгийн гол сайн, сайхан нь ч байж мэдэх нэгэн гайхамшиг бол ачит ээж таны энхрийлэл хайрын эелдэгхэн намуун зөөлөн ‘БҮҮВЭЙ’’-н шидэт увдис л таньд тусална.
Ээжийн бүүвэй
Хүүхэд хорвоод мэндэлнэ гэдэг бол эхийнхээ хамгийн ялдам энхрий зөөлөн дулаахан хэвлийд хүмүүний биеийг олж гүйцээд, одоо цоо шинэ, бүр өөр хатуу орчлонгийн хүн болж эхлэн хөл тавьж байгаа гайхамшиг. Хүүхэд дөнгөж төрмөгц уйлдаг, нүдээ нээдэг, мээмээ хөхдөг, нойрсож байгаад дуу чимээнд цочдог, сэрдэг, өлсөхөөрөө хоол үгүйлж уйлдаг зэрэг нь нялх хүү бүгдийг ойлгон хүнийхээ зөн билгээр бүхнээ мэдэрч байгаа нь тэр.
Тэгэхээр ээж та хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд нярай онгон тархи зүрх бүх мэдрэмж эд, эсэд нь хүний оюун ухааны нандин гайхамшиг эелдэг зөөлөн, энэрэнгүй, гэгээлэг сайхны үр суулгаж гэгээрүүлж хэвшүүлэх нь хүмүүний биеийг олгож төрүүлсэн шигээ, ээж хүний хамгийн чухал үүрэг, хамгийн дээдийн жаргал, гэгээн үйлс, ач гавьяа тэр юм аа.
Тийм сайхан ухаан хүмүүжпийг үр хүүхдэдээ шингээж, энэрэнгүй гэгээн уяхан зөөлөн зантай, усгал дөлгөөн ааштай, хайрлах энхрийлэх сэтгэлтэй сайн хүн болгож өсгөдөг байсан монгол хүний олон мянган жилийн уламжлалт хосгүй арга ур ухааны ид шид бол ээжийн энхрийхэн уянгалаг “БҮҮВЭЙ” -н дуу юм. Тийм болоод л монголчууд
Бүүвэйн дуутай хорвоо гэж дээдлэн таалж:
Ээжийн зөөлөн бүүвэйнд
Эх дэлхий уярдаг юм
Ээжийн зөөлөн бүүвэйнд
Эрхэс тэнгэр цэлмэдэг юм
Ээжийнхээ зөөлөн бүүвэйнд
Энхрий үр нь уяран тайвширч нойрсдог юм гэж ээжийн “БҮҮВЭЙ”-г бишрэн дээдэлж, эх хүн хүүгээ бүүвэйлж өсгөхийг хүүдээ хүмүүжил, өөртөө жаргал гэж үзэн хүүгээ бүүвэйлж, түүндээ хүүтэйгээ хамт өөрөө баярлаж баясаж бахархаж жаргал эдэлж байдаг.
Ээжийн бүүвэй сонсож өсөөгүй хүүхэд хатуу сэтгэлтэй, харгис зантай, харалган давчуу бодолтой хүн болдог гэж өвөг дээдэс минь үзэж, үр хүүхдээ мэндэлсэн өдрөөс нь эхлэн ээжийн уран зөөлөн аялгуу дуулгаж увдис шидэт ээжийн бүүвэйгээрээ илбэж дуулан бүүвэйлж уян гэгээн эелдэг энэрэнгүйн сайхныг сэтгэл зүрх, тархинд нь шингэсэн хүн болгож өсгөдөг гайхамшигт онцгой сайхан арга ухаантай улс үндэстэн дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй.
Хүүхэд төрүүлсэн эх хүн болгон, энхрийхэн үр минь, хүү минь хэнээс ч дутахгүй, чаддаг бол бусдаас л илүү сайн, сайхан хүн болоосой гэж мөрөөдөн бурхан тэнгэртээ залбиран хүсч хүүгийнхээ сайн сайхны төлөө юугаа ч хайрлахгүй бүхнээ зориулж байдаг билээ.
Таны энэ агуу сайхан хүсэл мөрөөдлийг тань гүйцэлдүүлэх, туслагч ачтан бол ариун тэнгэр, авралт бурхан, далдын хүч огт биш, тийм хүч гэж ерөөс байхгүй. Тэгвэл хэн байх вэ? Тэр агуу увдис ид шидтэн ачтан нь бол ганцхан ээж Та өөрөө.
Та хүүгээ тунгалаг ариун сайхан сэтгэл зүрхтэй хүн болгон ариусгажхүмүүжүүлэхэд тань хамгийн чухал, хамгийн гайхамшигтай, хамгийн энгийн, хамгийн гоё, хамгийн гол арга бол бидний өвөг дээдсээс амьдралаар шалгагдан яс мах зүрх сэтгэлд шингэн амьдрал болж олон жил уламжлагдан ирсэн гайхамшигт арга ухаан бол монгол ээж таны ариун цагаан сүүтэйгээ адилхан үрийн тань сэтгэл зүрхийг таалан ариусгагч энхрий зөөлөн эелдэг, зүрх сэтгэлийн тань уянгат “БҮҮВЭЙ” тань юм шүү дээ
Монгол эхийн бүүвэй нь нутаг хошуу, тэр ч байтугай жалга ус, бүр ээж бүр хүүхдээ энхрийлэн өхөөрдөж хэлэх өөр өөрийн үг, аяс аялгуу нь хоорондоо бага зэрэг ялгаа онцлогтой байдаг ч цаад жинхэнэ гол зорилго нь хүүгээ л сайн хүн болгох агуулгатай байдаг. Монголчууд “Бүүвэйн дуутай хорвоо” гэж шүтэж хүндлэн ярьдаг нь хүний хорвоо, ээжийн бүүвэй хоёр амьд хүйн холбоотой салгаж болшгүй ойлголт байгаа биз.
БҮҮВЭЙЛЭХГҮЙГЭЭР эх хүн хүүгээ яаж халуун бүлээн сэтгэлтэй, хайлган зөөлөн ааш зантай ухаалаг сайн хүн болгох вэ дээ. Энэ бол санашгүй хэрэг. Сүүлийн үед хүний ааш, араншин зан төрх, монголчуудын түүхэнд хэзээ ч байгаагүй, хүний ой ухаанд багтах зайгүй эвдэрч жигшүүрт муугаар өөрчлөгдөн өдөр тутам сэтгэл шимшрүүлж, нүд хальтраасан хатуу харгис, бузар бусармаг муу муухай үйл явдлууд дуулдах боллоо. Үүний учир шалтгаан нь хүүхдэд хар нялхаас нь олгох зүрх сэтгэлийн тэжээл ариусгал, хайр энхрийллийн хөг дутсаны хор уршиг гарцаагүй мөн.
Ээж хүний хүүдээ, булбарайхан нялхаас нь эхпэн хорвоог таниулах, хүүгээ хайрлаж энхрийлэн, хүн хүнээ хайрлах хайр энхрийллийн ойлголтыг шингээх хамгийн уран уяхан чавхдас бол ээжийн хайрын бүүвэйн шид маргаангүй мөн.
Тэгээд монгол ээж хүүгээ ялдам намуун, нэгэн жигд -хайр сонсгож халамж шингэсэн аялгаар зүрхэндээ нааж цээжээрээ таалан бүүвэйлдэг бөгөөд бүүвэйн аялгыг давталтаар нь дунд бүүвэй их бүүвэй гэж нэрлэдэг. Жишээ нь: Ээж хүн хүүгээ
Энхрий хөөрхөн үр минь дээ, бүүвэй, бүүвэй, бүүвэй
Ээж нь хүүдээ хайртай шүү, бүүвэй, бүүвэй, бүүвэй
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Алдрай хөөрхөн үр минь дээ бүүвэй, бүүвэй, бүүвэй
Алаг зүрхний дэнлүү шүү бүүвэй, бүүвэй, бүүвэй
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Алаг хонгор үр минь дээ бүүвэй, бүүвэй, бүүвэй
Аав ээжий нь хайртай шүү хүү дээ бүүвэй, бүүвэй, бүүвэй
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Бондгор хөөрхөн үр минь дээ, бүүвэй, оүүвэй, бүүвэй
Борхон ходоод чинь өлсөө юу, бүүвэй, бүүвэй, бүүвэй
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Цолмон хөөрхөн үр минь дээ бүүвэй, бүүвэй, бүүвэй
Цагаан сүүгээ хөхөөд цадаж аваад унтаарай бүүвэй, бүүвэй, бүүвэй
Бүүвэй, бүүвэй бүүвэй
Ухаантай хөөрхөн үр минь дээ
Уурлаж битгий уйлаарай бүүвэй, бүүвэй, бүүвэй
Уураг сүүгээ хөхөөд унтаж сайхан амраарай бүүвэй, бүүвэй, бүүвэй
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Миний хөөрхөн үр минь дээ бүүвэй бүүвэй, бүүвэй
Мээмээ хөхөөд унтаарай бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй
Алдрай хөөрхөн үр минь дээ, бүүвэй, бүүвэй, бүүвэй
Амарч сайхан нойрсоорой бүүвэй, бүүвэй, бүүвэй
Адуу малаа зүүдлээрэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй бүүвэй, бүүвэй бүүвэй
Хонгор бяцхан үр минь дээ, бүүвэй, бүүвэй, бүүвэй
Хонь хургаа зүүдлээрэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй бүүвэй, бүүвэй, бүүвэй
Өөдөсхөн чинээ үр минь дээ, бүүвэй, бүүвэй, бүүвэй
Үдэш боллоо унтаарай бүүвэй бүүвэй, бүүвэй
Үхэр тугалаа зүүдлээрэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй бүүвэй, бүүвэй, бүүвэй
Энхрий хөөрхөн үр минь дээ, бүүвэй, бүүвэй, бүүвэй
Ээжийгээ хараад инээ дээ, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй
Галын бурхан үр минь дээ бүүвэй бүүвэй, бүүвэй
Гар дээр мандсан нар минь дээ бүүвэй, бүүвэй, бүүвэй
Уурын мунхгийг тэвчдэг
Ухаантай сайн хүн болоорой бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй бүүвэй… гэх мэт олон гоё, хамгийн сайхан эелдэг уран үгээр уянгатайгаар таалж аргадан уярааж усгал зөөлөн хайрын орчинд нялх булбарай уураг тархи ухаан бодлыг дасган, насан туршид нь эелдэг зөөлөн хэвшил шингээн тогтоодог юм.
Монгол эхийн ийм сайхан хосгүй уламжлал ухаан, заншил сүүлийн жйлүүдэд бүдгэрч байна. Хүүгээ ээжийн, бүүвэйн дуугаар уяраан тайвшруулахын агуулга учир ухайныг мэдэхгүй чадахгүйгээс зарим ухвар мөчид хүмүүст хүүхдийг бүүвэйлнэ гэдэг бол хүүхдээ саатуулж, сатааруулах өөр арга ухаан, орчин байхгүй урьдын хүмүүсийн бүдүүлэг ичгэвтэр заншил гэж боддогтой ч холбоотой байх.
Үүнээс болж эрдэнэт хүний нандин ухаарал сэтгэлээр ядуурсан хүмүүс олширч, монгол хүний түүхэнд хэзээ ч гарах байтугай ямар ч муугаар бодоод санаанд багтамгүй сэтгэл харлаасан араатан шинжийн хэргүүд олноор гарах болов.
Энэ яагаад ийм болов гэдэгт хүмүүс өөр өөрийн үзэл бодлоор, өнгөцхөн харсан үзсэнээрээ, нэгдсэн ул үндэстэй дүгнэлтгүй олсун янзын хариу өгөх боловч хамгийн гол нь миний бодпоор ээж хүн хүүгээ эхийн хайрын увдис шингэсэн, эгшиглэн зөөлөн бүүвэйгээрээ бүүвэйлж, уяраан хайлуулж өсгөхөө больсон.
Түүний оронд ур уянга байхгүй хяхарган орлио дуу хөгжмөөр саатуулмаар болж, эсвэл бүр ямар ч илч уянгагүй харийн харгис хашгираа хөгжмөөр дөжрөөж саатуулаад, дээр нь халамцуу хошуугаар үнсүүлж өссөн хүүхэд яаж хүний хайлган зүрхтэй, халуун сэтгэлтэй сайн хүн болох вэ дээ. Тэгэхээр яах ёстой вэ? Миний бодлоор дараах хэдэн зүйлд анхаарлаа төвлөрүүлмээр. Үүнд:
1. Хүүхдэдээ өв тэгш энэрэнгүй сайхан чанарыг олгож хүмүүжүүлдэг байсан монголын уламжлалт шалгарсан арга барил, ухааныг ШУ-ны үндэстэйгээр судлан түүнийг эх, эцэг, хүүхэд залуучуудын байгууллагаас эхлээд өнөө цагийн бүх иргэдийг мэдлэгжүүлж тэр ухааныг эзэмшүүлэх,
2. Боловсролын байгууллага сургуулиудаас хүүхдэд хүмүүжил олгож байгаа арга барилыг бүх шатанд өргөтгөж, хүүхдийг боловсролтой хүн болгохоос гадна бүгдээрээ эцэг эх болцгоож үр хүүхдээ хүмүүжүүлэх жамтайг бодож сургуулийн ахлах ангийн охидод үр хүүхдээ хар нялхаас нь хайр даасан хайлган зөөлөн халуун бүлээн сэтгэлтэй хүн болгоход монгол уламжлалт арга ухаан, ээжийн бүүвэй түүний агуулга, уянга шингэсэн ид шидииг мэдрүүлж хүмүүжүүлэх хичээл заах,
3. Залуу эхчүүдэд жирэмсний хяналтад орох өдрөөс нь л эмч эмнэлгийн ажилтан харьяа хороо, дүүргийн нийгмийн ажилтан, хүүхдийн төлөө төрийн бус байгууллагуудын ажилтан нар хүүхдээ сайн хүн болгох, бүүвэйн дууны ид шид агуулгыг тайлбарлаж бүүвэй аялж сурахад нь туслах, туршлагатай ахмад ээжүүдэд шавь оруулах,
4. Төрөх газар төрсөн эх бүрт эмнэлгээс гарахад нь бүүвэйн сайхан дуутай хуурцаг бэлэглэдэг болох. Үүний зардал мөнгийг сайхан сэтгэлтэй, монголынхоо ирээдүйд санаа зовдог хүмүүст туслах хөдөлгөөн өрнүүлэх
5. Хүүхдээ сайн сайхан хүн болгож хүмүүжүүлж ирсэн монгол арга ухааны хичээлийг радио, телевизээр зааж зөвлөгөө өгөх
6. Хүүхдээ өв тэгш сайн, сайхан хүн болгон хүмүүжүүлж ирсэн сайхан эхчуүдийн туршлагаар ном, гарын авлага гаргах. Тийм эхчүүдийн туршлагыг радио, телевизээр сурталчилж олны хүртээл болгох.
“Хайр гэдэг СҮЛД ШҮТЭЭН” үгний агуулга гаихамшгийг тархи, зүрх яс махаараа ойлгож хүндэлдэг, хайлган уяхан, зөөлөн, өрөвч хайрлах хайрын сэтгэлтэй боловсролтой хөдөлмөрийг эрхэмлэдэг хүн болгоход эх хүн оюун сэтгэл, хөдөлмөрөө түүнд зориулах нь хамгаас чухал.
Эцэг, эх, эх орныхоо ирээдүй халаа хүүхдээ сайн сайхан хүн болгох тухай хуралдаж ярилцах нь бараг мартагдаад байгааг ухаарах цаг болжээ. Монгол хүмүүжлийн гайхамшиг бүүвэйгээ сэргээх хэвшүүлэх тухайгаа хүн болгон бодож бүгдээрээ ярилцмаар байна.
Ахмад зохиолч Батын Бадам
URL: