Ерөнхий сайдын зурсан “төөрөг”

ерөнхий сайдХямралыг хохирол багатай давахын тулд эдийн засгийг тогтворжуулах хэрэгтэй хэмээн үзэж, шинэ Засгийн газар ийм бодлого хэрэгжүүлэхээ илэрхийлж байгаа. Үүний тулд богино хугацаанд хэрэгжүүлж болохуйц ямар оновчтой шийдлүүд байвал зүгээр вэ гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес эрхлэгчидтэй биечлэн уулзаж сонссон билээ. Ингээд шинэ Засгийн газар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагааг бодлогоор дэмжихээ амлав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хувийн хэвшлийнхэнтэй уулзахад бизнес хийх бололцоогоор хангаж, төрийн байгууллагуудын зүгээс ирдэг дарамт ша­халтыг багасгах хү­сэлт тавьсан” хэмээн онцлоод “Эдийн засгийн хүнд­рэлээс олон удаа шалгалт хийж, ихээхэн хэмжээний торгууль ногдуулснаар гарахгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн юм.

Гэхдээ үүнийг зүгээр л нэг яриад өнгөрөх биш ажил хэрэг болгоно хэмээн хэлсэн амандаа хүрэхийн тулд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хяналтын шинэ хууль батлагдан гартал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд руу чиглэсэн хяналт шалгалтыг даруйхан бүрэн зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосон. Мөн татварын орлогын төлөвлөгөө тодорхой хэмжээгээр буурсан ч хувийн хэвшлийнхэнд янз бүрийн дарамт шахалт үзүүлэх ёсгүйг Ерөнхий сайд Татварын ерөнхий газарт албан ёсоор үүрэгдэж амжсан юм. Цахим хэлбэрээр өгсөн тайланг дахин цаасаар нэхэж байгаа нь бизнес эрхлэгчдэд чирэгдэлтэй байдаг. Үүнийг таслан зогсоож, татварын тайланг цахим хэлбэрээр авахыг анхааруулав. Эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэйгээр татварын орлого тасалдаж бай­хад байцаагчдаа их хэмжээний мөнгөөр урамшуулдаг тогтол­цоогоо өөрчлөхийг мөн үүрэг болгосон юм.

Бизнес эрхлэгчид “Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн үндэсний зөвлөл ажиллуулахаар бол­сон нь оновчтой шийдэл юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ нь өнгөн тал. Хамгийн гол нь хувийн хэвшлийнхний санал санаачлагыг төрийн бодлогод хэр үнэнчээр тусгах вэ гэдэг нь бидэнд чухал юм. Үнэхээр л макро эдийн засгаа тогтворжуулъя, хөрөнгө оруулалтаа өсгөе, бизнесийн орчныг сайжруулъя гэж байгаа юм бол хувийн хэвшлийн үйл ажиллагааг боомилдог хүнд суртал, шат дамжлагаа халах цаг нь болсон. Сайхан үг, санаачлага цаасан дээр биш амьдрал дээр буудаг баймаар байна” гэж үзэж буйгаа ч ил тодоор хэлж байгаа.

Харин шинэ Ерөнхий сайд тэдний хэлсэн бүгдийг дуулгавартай нь аргагүй хүлээн авч, бизнесийн орчныг хамтран шинэчилье гэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд маань ирэх оны эдийн засгийн “зурхай”-г бизнес эрхлэгчдэд ээлтэй байхаар зурчихав. Гагцхүү хувь хүний төөрөг тавилан ч бай, улс орны хувь заяа ч бай зөвхөн “зурхай”-н зурлага-улсын төсвийн төсөөллөөр өрнөдөгүйг өнгөрсөнд болчихсон үйл явдлууд бэлээхэн харуулна. Тиймээс Ерөнхий сайдын хийх гэж буй эдийн засгийн шинэчлэл хэрхэн өрнөж, төгсөх бол гэдэг хүлээлт одоо хүн бүхний анхаарлыг татсан сэдэв болж хувирлаа.

 

 

Г.Ганчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих