“Шантаажны нам, эвсэлд зориулж яам үйлдвэрлэж болохгүй”
Шинээр байгуулагдах Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөж эхлээд байгаа билээ. Өчигдрийн хувьд УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүд бүтцийн талаар зөвшилцөж ч ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй. Энэ талаар ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим асуултад хариулт авлаа.
-АН, МАН яамдуудын тоон дээр нэлээн зөрчилтэй байгаа гэх мэдээлэл гарч байна. АН яамдын тоог нэмж байгаа гэх юм. Харин танай намын бүлэг Засгийн газрын бүтцийн асуудалд ямар байр суурьтай байгаа юм?
-Зөвшилцөлтэй холбоотой олон асуудал гарч байна. Таны хэлсэнчлэн бүтэцтэй холбоотой маргаантай асуудал үүссэн. Урилга өгсөн эрх баригчдын зүгээс яамдынхаа тоог нэмнэ гэж байгаа. Харин бидний зүгээс яамдын тоог цөөлөх ёстой гэсэн зарчим барьж байгаа. Өнөөдөр 14.00 цагаас манай ажлын хэсэг дахин цуглана. Өчигдөр бүлгийн шийдвэр гарсан. 100 хувь яамдынхаа тоог өнөөдрийн байгаа жишигт нийцүүлнэ гэж байгаа. Яамдын тоог цөөхөн байлгах нь төсвийн урсгал зардалтай холбоотой. Тиймээс үнэхээр хямралыг хамтдаа даван туулъя гэж байгаа бол нэн тэргүүнд төсвийн урсгал зардлыг бууруул гэдэг шаардлагыг тавьсан.
-АН-аас яг хэдэн яамтай байх санал оруулж ирсэн бэ. Мөн танай санал ямар байгаа юм?
-АН-аас 19 яамтай байх санал гаргасан. Харин манай зүгээс 16 яамтай байх саналыг гаргаж байгаа. Мөн өнөөдрийн мөрдөж буй хуулийн хүрээнд явагдах ёстой. Түүнчлэн манай зүгээс тавьж буй зарим нэг шаардлага бий. Тухайлбал, Соёл, спорт аялал жуулчлалын яамыг бусад яамдад нэгтгэх ёстой гэх мэт. Ер нь бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тавьж байсан шаардлага, зарчмынхаа хүрээнд л асуудалд хандаж байгаа.
-Н.Алтанхуяг сайд бүтцээ өөрчилж 13 яамтай байхаар оруулж ирэхэд танай бүлэг үүнээс ч илүү цөөлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан шүү дээ. Гэтэл одоо 16 яамтай байх санал оруулсан байна. Үүнд тайлбар өгөөч?
-16 яамтай байхаар оруулж ирээгүй. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль маань энэ. Харин тоон дээр нийцэхгүй байгаагаа илэрхийлсэн. Илүү буруулах ёстой гэдэг зарчмаа барьж байгаа. Үүнээс болж зөвшилцлийн ажлын хэсэг үл ойлголцолд хүрч, түр завсарлага авсан.
-Шадар сайдын суудал хоёр байхаар хөндөгдөж байгаа юу?
-Манай бүлэг нэг л байх ёстой гэдэг зарчим барьж байгаа. Ер нь шантаажны нам эвсэлд зориулж яам үйлдвэрлэж болохгүй ш дээ.
-Дэд сайд нарын асуудал яригдаж байна уу?
-Тэр асуудал руу ерөөсөө ороогүй байгаа. Хэрвээ хамтраад явна гэвэл сайд, дэд сайдаа сольбих ёстой гэдэг зарчмыг баримталж байгаа.
-Өчигдөр бүх ажлын хэсэг хуралдаад МАХН-д гурван яамыг өгөхөөр болсон гэх юм. Энэ үнэн үү?
-Яамдын тоо хувиарлалт ерөөсөө яригдаагүй гэдгийг дахин хэлье. Зөвшилцлийн хурлыг би хувьдаа орхиж гарсан. Мөн Ё.Отгонбаяр гишүүн гарсан. Зөвшилцөх уулзалт дээр бид бүлгийнхээ шийдвэрийг л танилцуулсан. Нөгөө талаар бидний гол зорилго бол эдийн засгийн хямралыг даван туулах гэдэг асуудалтай холбогдож байгаа юм. Тиймээс л яамдынхаа тоог бууруулж, урсгал зардлаа тана гэдэг зарчмын асуудлыг хөндсөн.
-Танхимын сайд нарын хэдэн хувийг гаднаас томилох вэ?
-Яамдынхаа бүтцийг тохирсны дараа яригдах зарчмын асуудал. Ээлж дараатай явж байгаа. Мэдээж манай нам өнгөрсөн хугацаанд дан дээлтэй байх зарчим дээр хатуу зогссон. Парламент нь Засгийн газартаа хяналт тавьдаг эрүүл тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэхүү зарчмаа ч баримтална. Түүнээс засагт орох болсноороо өмнө тавьж байсан шаардлагаасаа ухрахгүй.
-Засгийн газрын шинэ бүтцийг хэзээ өргөн барих вэ?
-Уг нь хуулиараа арванхоёрдугаар сарын 5-нд өргөн барих ёстой.
Д.Анар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Номтойбаярын ярьж хэлж байгаа, МАН бүлгийн жанжин шугмыг дэмжиж байна, муусайн сайдын хэнээтнүүдэд зориулж яамны тоог нэмэгдүүлж болохгүй, харин ч ХЯ,НХХЯ-ыг нэгтгэж ССАЖЯ-ыг холбогдох яамдад нь тараах, за харин зарим хувилбарт яригдаад байгаа ЭЗХЯ энэ үед ёстой хэрэггүй, байгууллагдлаа гэхэд ХАшчулуунаас өөр олигтой амьтан 2 намд байхгүй . бас нэг хувилбарт дээр үеийн Буд зураг нь харагдаж байна лээ, Буд одоо болсон ханаж цадвал цадсан, одоо яамны сайд болбол улам дордоно, ер нь AQ тааруухан нөхөр шүү дээ
үргэлжлэл… харин түүний оронд морио уяаад Сүхбаатартаа шоволзон л биз, төрд бол дахиад хуруу битгтй хэл хушуу ч дүрүүлж болохгүй