Газрын тосны зах зээл дэх оросын шийдвэр

20141203083252Олон улсын эрчим хүчний агентлагаас “Дэлхий дахинд эрдэс баялгийн үнэ унасаар байна. Энэ нь ирэх онд ч үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн билээ. Өнгөрсөн баасан гаригт нэг баррель “Брэнт” маркийн газрын тосны үнэ 78.13 ам.доллар болж буурсан нь ийн дүгнэхэд хүргэсэн хэрэг. Харин үүнийг манай зарим хүн “Шатахуунаа гадаадаас импортолдог манай улсад ашигтай” гэж тайлбарласан юм. Харамсалтай нь дэлхий нийтэд газрын тосны үнэ буурч, урьд өмнө байгаагүй уналт үзүүлж байхад орос ах нар үүний эсрэг шийдвэр гаргаж, нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөө мэдэгдэв. Тодруулбал, ОХУ одоохондоо баррель нефтийг 84 ам.доллараар бусад улсад нийлүүлж байна. Харин 2015 оноос нэг баррель нефтийг 95-100 ам.доллараар худалдаалахаар тооцжээ.

Тэд 2017 он хүртэлх төсвийнхөө төсөөллийг тооцоолж үзэхэд алдагдалтай гарсан байна. Ингээд төсвөө алдагдалгүй болгохын тулд экспортод гаргах нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гарцыг олжээ. Баррель нефтийг 95 ам.доллараар худалдахад алдагдалгүй ч ашиггүй. Тиймээс оросууд барьцаа чангаруулж 100 “ногоон”-оор зарж, ашиг унагаахаар шийдсэн байна. Ийнхүү ОХУ экспортод гаргах нефтийн бүтээгдэхүүнийнхээ үнийг өсгөх нь тодорхой болов.

Энэ тухай уншиж мэдсэн манай хэрэглэгчдийн зарим нь битүүхэн түгшиж эхэлжээ. “Оросууд ирэх онд шатахууныхаа үнийг нэмэх юм байна. Ингэхээр эдийн засаг улам хүндэрнэ” гэсэн тайлал хийж буй аж. Учир нь шатахууны үнэ өсөхөд дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улмаар инфляц “галзуурах” нь тодорхой гэдэг ойлголт манай иргэдийн тархинд тогтжээ. Үнэндээ бид ийм л замаар явж ирсэн. Харин одоо үгүй гэнэ.

Монголбанк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийнхөө хүрээнд сүүлчийн хоёр жилд шатахууны үнийг өсгөхгүйгээр барьж чадсан. Үүнээс гадна сайн хэлцэлүүд үүнд нөлөөлсөн хэмээн тэд тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, гадаадын зарим банктай хийсэн своп хэлцлийн үр дүн нь энэ аж. Цаасан дээрх валютын тогтвортой байх гэрээ бодит амьдралын хөрсөнд буухдаа ийнхүү иргэдэд ашигтайгаар эргэж буй юм байх.

Өмнө нь валютын ханш бага зэрэг савлахад л шатахууны үнэд шууд нөлөөлдөг байлаа. Харин одоо валютын ханш өссөөр байгаа ч шатахууны үнэ тогтвортой байгаа. Өөрөөр хэлбэл, валютын ханш өссөөр байгаа энэ үед шатахууны үнийг тогтвортой байлгах зохицуулалтыг хийсээр байна. Цаашид ч энэ байдал хадгалагдана. Тиймээс “Оросууд шатахууныхаа үнийг өсгөсөн ч монголчууд тэвдэж сандрах хэрэггүй” хэмээн албаны хүмүүс тайвшруулж байна. Мөн өөр нэг эх сурвалжийн үзэж буйгаар “Бид одоо Сингапурын биржийн үнэд суурилж шатахуунаа авч байгаа учраас хямд тусч байгаа” аж. Нэлээд урт хугацааны хэлцлийн үр дүнд оростой ийн тохиролцож чадсан гэв.

Г.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих