Хаан банк муухай хүмүүст үйлчлэхгүй

Сар бүрийн 15-нд банкуудын гадаа уртаас урт дараалал үүсдэг, Эх орны хишиг хэмээн сар бүр 21 мянган төгрөг олгодог болсноос хойш. Харин одоо бол зарим банкны салбарын гадаа урт бүү хэл богино дараалал харагдахгүй болох нь. Зарим ч юу байх вэ дээ, ХААН банкны гэр хорооллын салбаруудын гадаа. Учир нь тус банкныхан ачааллаа дааж чадахгүй байгаа учраас гэсэн албан тайлбартайгаар зарим салбараараа Эх орны хишгийг олгож чадахгүй болсноо мэдэгдсэн. Салбар болгоноор нь нарийвчлан харах юм бол энэ нь хөдөөгийн хот буюу гэр хорооллын борогхон салбарууд. Албан тайлбараар бол тэд ачаалал хүндэрсэн гэж байгаа ч Эх орны хишгийг тараахаа больж байгаагаа юу гэж хэлсэн гээч “Заваан үнэртэй муухай хүмүүст үйлчилж чадахгүй” гэж.

Анхнаасаа Эх орны хишгийг тарааж чадна гээд амлалт авсан “Танд ойрхон түмэнд итгэлтэй” гэсэн уриатай банкныхан ийнхүү гэр хорооллын халтар заваан хүмүүст үйлчилж чадахгүй гэдгээ сая л “ойлгожээ”. Үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан гэж буй салбаруудад харьяалагдах буюу үндсэндээ гэр хорооллынхныг ХААН банк нь халтар, заваан хэмээн өөрсдийг нь шоовдорлосныг хараахан сонсоогүй байж магадгүй. Зүгээр л 21 мянган төгрөг олгох боломжгүй хэмээсэн салбарууд болон “хүчинтэй” үлдээсэн бусад салбаруудыг харьцуулан харах юм бол үнэхээр “муухай үнэртэй”-г нь л “пялж” орхисныг харж болно. Зарим нэг хүмүүсийн хувьд сард олгох 21 мянган төгрөгийг авах гэж банкны салбар руу “санжигнах” нь бараг л илүү ажил. Зарим нэгсээд байх ч юмгүй сарын цалингаараа хоёр идэхгүй хоосон хонохгүй явж байгаа нэгэн ч сар бүр тийш зүглэх нь ядахдаа л цаг хугацааны гарз. Тэдэнд хэдэн сар өнжөөд бөөндөж авах буюу, картын данс руугаа шилжүүлэх нь илүү хялбар бөгөөд амар байдаг. Гэтэл өнөөдөр Монголд сар бүрийн 15-ныг хонон өнжин тоолдог хүмүүс цөөн бус гэдэгтэй мөрийцөхөд ч алдахгүй болов уу. Зарим хүний нэг үдийн хоолонд ч хүрэхгүй мөнгөөр тэд хэдэн өдрийнхөө өлийг даана. Сар бүрийн 15-нд өдрийнхөө хоолыг чадан ядан залгуулж байгаа өвгөд хөгшид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүй лааз өшиглөж явагсад гээд зутруу царайтай голдуу хүмүүс ХААН банкны гадаа дугаарлаж зогсдог байх. Магад­гүй Эх орны хишгээ авангуутаа л архи гудардаг нэгэн ч байж болох юм.

Уучлаарай ерөнхий зураг­лалыг хэлж байгаа болохоос бүхнийг хавтгайруулах гээгүй юм шүү. Хэнээс ч доргүй амьдарч, хэрэгцээгээ хангаж байгаа хэн ч гэсэн бас “21 мянгын дажин”-аас болоод хэдэн цагаар банкны гадаа дугаарлаж зогсч л байгаа. Басхүү авах л ёстой хувь хишгээ авах гэхэд нь дугаарлуулж зовоож байгаа ч тал бий. Тэд бүгдийг нийлүүлээд ХААН банк халтар заваан гэж тодорхойлж байгаа нь л зэвүүтэй.

Тэгвэл ХААН банкныхан өөрсдөө тийм ариун цагаанхан амьтад мөн үү? Халтар заваан хүмүүс бүчдэг гээд байгаа тэр салбаруудад үйлчилгээ нь ч бас халтар заваан, ууртай теллер, удаан үйлчилгээ, хүнд суртал ноёрхож байдаг гэж олон хүн хэлж байна. Хотын захын хорооллын ХААН банкны салбарын үйлчилгээг төвийнхтэй нь харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Дээрээс нь бусад банкныхантай харьцуулахад бүр ч ичмээр дүр зураг харагдам юм билээ.

Гэхдээ ийм харьцуулалтыг хийх нь энд илүүц учраас зөвхөн ХААН банкны уриа хийгээд угшил язгуур, цаашилбал, Эх орны хишгийг тань найдвартай дамжуулан түгээнэ гэсэн амлалтыг нь л тэдэнд дахин сануулах гэсэн юм.  ХААН хэмээх Монголд байхгүй олон салбартай, нийгмийн хариуцлага гэдэг үгийг бамбай болгох дуртай банк үнэндээ бол хуучин соц нийгмийн төв банкны бааз суурь, салбар сүлжээг өвлөн авсан. Хувьчлалын талаарх элдэв маапаантай мэдээллийг эс дурдая гэхэд өнөөгийн өнгө төрхөө тэд нийгмийн хариуцлага гэдэг сайхан үгээр чимж байдаг. Тийм ч учраас тэдэнд гэр хорооллынхонд үйлчилж чадахгүй ээ гэж хэлэх эрх баймааргүй. Зах зээлийн нийгэмд арилжааны банк хэнд үйлчлэх үйлчлэхгүй байх нь тэдний эрх нь үнэн.  Гэвч энд дээр дурдсан угсаа гарал хийгээд одоо рекламдаад байдаг сайхан үгсийг нь сануулангаа хойш тавилаа гэхэд сар бүр “Эх орны хишгийг тань хүргэнэ ээ” гэж амласнаа яагаад биелүүлэхгүй ийнхүү бухаж байна вэ гэдгийг асуумаар байна.

Ер нь бол сар бүр хэдэн зуун мянган хүнд 21 мянган төгрөг түгээнэ гэдэг хүнд бөгөөд ашиг багатай ажил л байх л даа. Тийм ч учраас зарим банкууд энэ “үүрэг”-ээс татгалзсан гэдэг юм билээ. Гэтэл “хаанчууд” анхнаасаа томхон харилцагчтай цэмцгэр банкууд шиг сар бүр хэдэн зуун мянган хүнд 21 мянган төгрөг тараах “новш”-ийн ажлыг хийж чадахгүй гэж хэлэх нь яасан юм бол?

Манай Засгийн газар ч гэж Засгийн газар. Анхнаасаа сар бүр 21 мянган төгрөг олгох нь иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэх хийгээд инфляцид ч нөлөөлж болзошгүйг эдийн засагч, судлаач шүүмжлэгчид хэлсээр байтал сонгуулиар солиорсон амлалтаа хагас дутуу ч гэсэн биелүүлж байгаа дүр эсгэх гэж гуйгаагүй байхад нь иргэддээ хишиг хүртээх болсон. Чингэхдээ банкинд ямар ачаалал хүндрэл үүсгэж болохыг тооцоолоогүй нь бараг л тодорхой. Гэхдээ ядахдаа дамжуулна, түгээнэ гэсэн банкуудтайгаа яс  гэрээ хийгээд хаанчууд шиг ингэж хэсэг хугацааны дараа булзаж татгалзах замыг нь хаасан л байх ёстой сон. Төсөрхөн холбогдох албаны хүн Хадгаламж банкийг ХААН-ыг орлохыг гуйж гувшиж байгаа хийгээд бүр болохгүй бол зөвхөн Эх орны хишиг олгох нэгж байгуулах арга зам хайна гэх маягийн зүйл ярьсан байна лээ. Яс тас гэрээ байгуулж чадаагүй болохоороо одоо ийнхүү өөр зам хайна гэж булзаж байгаа хэрэг юм байлгүй. Ингэхэд энд бас зөвхөн Эх орны хишгийг тараахын тулд төсвийн байгууллагын ажилтнуудын орон тоог 70-аар нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь Засгийн газрын ажлын байр бий болгоно гэсэн нэгэн жилийн урианы хамгийн том ажил болсон билээ. Дашрамд тэр хүмүүс нь юу хийгээд байгаа юм бол оо гэдгийг асуух нь зүйтэй байх. Магад бичиг цаастай зууралдаад л сууж байгаа. ХААН банк нэгэнт гэр хорооллын салбаруудаараа 21 мянгыг тарааж чадахгүй гээд гэдийчихээр дахиад өөр 70 ажлын байр бий болгох төсөл бичээд ч сууж байж магадгүй.

Яг өнөөдрийн байдлаар бол хүчгүй нь манай “төр засаг” болж харагдаж байгаа биз. Хэрэглэгч хаан гэдэг бол өнөөдөр Монголд хэрэглэгч биш, захиалагч буюу Засгийн газар ч биш харин ХААН банк хаан ч юм шиг. Хэлж ирээгүй хийсч ирсэн 2008 оны зуднаар хуйгаараа малаа барсан малчид давхар ХААН банкны өрөнд хүлүүлэн амиа хорлосон гэсэн мэдээлэл ч гарч байсан. Хувийнхаа мал хөрөнгийг тооцоогүйгээр банк­ны өрөнд тавьж эцэстээ амь амьдралаа алдах дээрээ тулсан нь хувь хүмүүс, өөрөөр хэлбэл санхүү, зах зээлийн нийгмийн харилцааны мэдлэг муутай малчдын түмэн буруу ч зуд болоход нохой, зовлон болоход лам зоолдог шиг ХААН банк “хаан” байсан. Өнөөдөр ч малч­дын банкны өрийг сон­гуу­лиар амласан 1,5 сая төг­рөгөөр нь хаая гэсэн саналыг эрхэм хууль тогтоогчид маань парламентад өргөн бариад тууж яваа. Өрөнд баригдаж үхэх дээрээ тулаад байгаа малчид ийм санал гаргасан гэхэд хэцүү. Малчид санал гаргасан байлаа ч түүнийг нь шаргал ордонд санал болгоод гаргана гэдэг хэр баргийн сайхан сэтгэлт гишүүдийн хийх ажил биш. Үүнээс ч илүү чухал амин асууд­лыг ойшоодоггүй юм чинь. Тэгэхээр ХААН банкны лобби хууль тогтоогчдын гараар дамжин орж ирж байгаа гээд таамаглачихад буруутах зүйл үгүй.

ХААН банк ч нээрээ “хаан” юм аа.

А.Туяа

Зохиогчийн эрх” Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих