Согтуугаар хүн дайраад зугтсан жолоочийг саатуулжээ

Энэ сарын 06-07 нд шилжих шөнө 00.10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг 7 буудлын автобусны эцсийн зогсоолын замд зам тээврийн ноцтой хэрэг гарчээ. Тухайн шөнө 30-72 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь 40-45 насны явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод зугтсан байна. Түүнийг хүн дайрчихаад хэргийн газраас зугтаахад ард нь явсан тээврийн хэрэгслийн жолооч харж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ажээ. Уг хэргийг үйлдсэн жолоочийг Б гэдэг бөгөөд 24 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг ажээ. Тэрээр найзуудтайгаа бааранд сууж байгаад гарч явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан байна. Тэрээр найзынхаа хашаанд машинаа тавих гэж явсан. Осол гарах үед их айсан учраас хэргийн газраас зугтсан гэж мэдэгдсэн байна. Монгол улсын эрүүгийн хуулинд зааснаар бол осол гаргасан жолооч нь хохирогчид анхны тусламж үзүүлэх, тусламж дуудах, хэргийн тухай цагдаагийн газарт мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл жолооч нар ихэвчлэн хэргийн газрыг орхин зугтаадаг байна. Хэргийн газрыг орхин зугтах нь санаатай үйлдэл гэж үзэн хэргийн хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлдэг. Тиймээс жолооч нарт согтуурсан буюу мансуурсан, эсвэл хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, замын хөдөлгөөнд соёлтой ухамсартай, хүнлэг оролцож, осол хэргийн газраас зугтаахгүй зохих байгууллага, ажилтанд мэдэгдэж байхыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.

tv5.mn


URL:

Сэтгэгдэл бичих