Монголд эдийн засгийн хямрал болоогүй, АМЬДРАЛ САЙХАН Л БАЙНА

АмныАмны билгээс ашдын билэг гэсэн сайхан үг бий. Монгол хүний зөн мэдрэмжийн давтагдашгүй онцлогийг харуулсан энэ үгний үнэ цэнэ одоо ч хэвээрээ. Бэрхшээлийг сэтгэлийн хатаар даван туулсаар ирсэн өвөг дээдэстэй бид харин өнөөдөр ялихгүй зүйлийн өмнө өвдөг сөхөрдөг маргаашаа сайхнаар төсөөлдөггүй болчихож.

Сүүлийн хэдэн сар эдийн засгийн хямрал гэсэн үг хаа сайгүй сонсогдож бараг бүгдээрээ үүнд итгээд сууж байна. Долларын ханш өслөө, инфляцыг барьж дийлэхээ болилоо гээд дандаа муу мэдээ. Уг нь болж бүтэж байгаа гэгээлэг зүйл Монголоор минь дүүрэн байна. Олон айлын гэрт баяр баясгалан, инээд хөөр цангинасаар байгаа. Хэрвээ үнэхээр л эдийн засгийн хямралд орж иргэдийн амьжиргаа доройтсон юм бол дэлгүүрээс бараа худалдаж авах хүн цөөрмөөр юм. Гэтэл хүнс барааны дэлгүүрүүд дүүрэн хүнтэй хэвээр. Монголчууд урьдын адил иддэгээ идээд өлсөөгүй л явж байна. Дэлхийн зах зээлд гараад удаагүй үнэтэй гар утаснууд Монголд борлуулагч компаниудын тооцсоноос ч хурдан зарагдаж байна. Хамгийн үнэтэй шинэ машинууд хаана зарагдаж байна. Монголд л борлогдож байна. Мөнгөгүй хүн наймаа хийдэггүй.

Тэгтлээ гуниж гутраад өөрийгөө боомилохдоо тулсан хүн Монголд алга амьдрал хэвийн үргэлжилж дор бүрнээ өөрсдийгөө болгоод явж байна. Ийм байхад хямрал болж байна гэж цөөн монголчуудынхаа сэтгэлийг чилээх хэрэггүй. Хямрал гэдэг өөрөө аймаар үг. Хаана хямралтай байна тэнд жагсаал цуглаан мөргөлдөөн болдог. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсдэг. Үнэндээ одоо Монголд болж байгаа зүйл бол эдийн засгийн хямрал биш. Энэ бол түр зуурын бэрхшээл. Харин төр засгаа бид өөрсдөө хямраагаад байгаа нь гашуун үнэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд эрх баригчид улстөрчид албан тушаал, сандал ширээгээ булаацалдаад төрийн ажил хөдөлсөнгүй. Тэд л Монгол орныг минь хямрааж байна. Хэрвээ жинхэнэ төрийн түшээд шиг ажиллаж жирийн иргэдэд тус болохоо байг гэхэд төвөг учруулахгүй орчин бүрдүүлээд өгвөл улс орон маань өөрөө хөгжөөд явчихна.

Түүнээс биш монголчууд төрөөс хоногийн хоол гуйх арчаагүй ард түмэн биш ээ. Монголд эдийн засгийн хямрал болоогүй, амьдрал сайхан л байна. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ.

 

 

Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих