АН, МАН-ынхан яамдын тоогоо тохирч чадсангүй
Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох УИХ-ын тогтоол батлагдсаны дараа /2014.11.21/ спикер түүнд 14 хоногийн хугацаа байгааг сануулсан. Өөрөөр хэлбэл, хоёр долоо хоногт багтаж шинэ Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг УИХ-д оруулах хуулийн заалттай. Энэ тоолуур нь гүйсээр одоо дуусах шатандаа орж байна. Ирэх баасан гаригаас өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг засагт хамтрах намуудтайгаа ойлголцлоо дуусгаж, шинэ Засгийн газар хэдэн яам, хэдэн сайдтай байх саналаа УИХ-д оруулах ёстой юм. Тиймээс ч ЗГХЭГ-аас өнөөдөр УИХ-ын даргад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл өргөн барих цаг захиалжээ. Харин улс төрийн нөхцөл байдал захиалсан цагаа цуцлахад хүргэж ч болзошгүй байгаа юм байна. Одоо энэ тухай өгүүлье.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д оруулах бүрэн эрх нь зөвхөн Ерөнхий сайдынх. Цагаан дээр хараар бичсэн хуулийн энэ заалт улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд бол хэрэгжихгүй нь тодорхой байгаа юм. Аль ч нам УИХ-д олонхи болоогүй, дээр нь олонхийг бүрдүүлж байсан намууд нь нэг Ерөнхий сайдаа огцруулчихаад байгаа энэ үед бол бүр ч хэрэгжихгүй. Өөрөөр хэлбэл, шинэ засагт хамтрах бүх намын ойлголцол, түүний үр дүнгээс хамаарч Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуулийн төслөө УИХ-д оруулахаас өөр аргагүй байгаа юм. Гэвч засагт хамтрах дээр ойлголцсон намууд Засгийн газрын яамдын тоон дээрээ нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байсаар өнөөдөртэй золголоо.
Санаачилга гаргах эрхтэй хүний хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа 16 яам, 20 сайдтай байх саналыг УИХ дахь намуудад санал болгосон бололтой. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн Засгийн газар шиг 16 яамтай, сайд нарын хувьд
түүний танхимын гишүүд дээр Тэргүүн шадар сайдын орон тоог нэмэх саналыг намуудад танилцуулсан юм байна. Гэвч засагт нь орох эсэхээ хамгийн их “гуйлгаж”, бүр Бага хурал дээрээ илгээлт аван байж шийдсэн МАН-ынханд энэ санал таалагдахгүй байгаа ажээ. МАН-ын бүлэг өчигдөр үдэш хүртэл хуралдахдаа энэ тоотой санал нэгдэхгүй гэдгээ Зөвшилцлийн ажлын хэсгээрээ дамжуулж АН-ынханд уламжлахаар тогтсон байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцрохоосоо өмнө УИХ-аар батлуулсан шинэ бүтцээс яамдын тоог нэмэгдүүлэхгүй явах ёстой гэж үзэж байгаа ажээ. УИХ-ын нэгэнт баталчихсан байгаа тэр бүтэц бол 13 яам, 16 сайдтай байх хувилбар. МАН-ынхан Тэргүүн шадар сайдын орон тоо ч шинэ засагт байх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин яамдын хувьд тоог нь нэмэхгүйгээр зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулж болох юм гэсэн санал гаргажээ.
Тухайлбал, баялаг бүтээдэг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг хоёр салгаж, Зам тээврийн, Барилга хот байгуулалтын гэж хоёр яам болгох. Уул уурхай, эрчим хүчний яамыг мөн л энэ маягаар Уул уурхайн болон Эрчим хүчний яам болгон хувааж болно гэжээ. Гэхдээ ингэж хоёр яамыг дөрөв болгож салгах юм бол өөр дөрвөн яамыг хоёр болгож цомхотгох ёстой гэсэн байна. Ямар ч баялаг бүтээдэггүй, харин мөнгө үрдэг гэдэг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яамтай, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай нийлүүлж болох юм гэж саналаа явуулсан байна. Угаасаа яамдын тоог нэмэхгүй гэж байгаа нь ачааллаа дийлэхгүй байгаа төсвөө бодсон алхам гэцгээжээ.
МАН-ын энэ саналыг хүлээж авах эсэхээ АН-ынхан, тодруулбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шийдэх л үлдэв. Мэдээж тэрээр зөвшилцлөө нураахыг бодохгүй л болов уу. МАН-ыг засагт оруулах гэж, одоогийн энэ ойлголцлын төвшинд хүрэх гэж аль аль нам чармайлт гаргасан. Гэхдээ МАН-ынхнаас илүү АН-ынхан арай илүүтэй чармайлт гаргасан нь хэнд ч ойлгомжтой. Угаасаа УИХ-д МАН шиг 26 суудалтай хүчтэй сөрөг хүчинтэй цаашаа хол явахгүй гэдгээ тооцож л засагтаа урьсан. Тиймээс Ч.Сайханбилэгийн хувьд зөвшилцлөө нураах нь байгуулаагүй засгаа огцруулахтай л адил. Харин нөгөө талдаа МАН-ын лидерүүд дотор АН-тай засагт хамтрахын эсрэг бодолтой хүн цөөнгүй бий. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ил тодоор энэ тухайгаа хэлж байгаа бол МАН-ын лидерүүдийн нэг Ө.Энхтүвшин ч түүнтэй адил байр суурьтай байсан юм билээ. Яагаад гэвэл, тэрээр МАН-ын дарга байхдаа АН-ынханд нэг бус удаа хууртагдаж байсан хүн. Өвөрхангайн сонгуулийн маргаан дээр л гэхэд АН-ынхан ярьснаасаа буцаж, нэг ёсондоо түүнийг хуурч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлчихсэн. Энэ мэт шалтгаанаас болж Ө.Энхтүвшин засагт хамтрах асуудал дээр эсрэг саналтай байсан аж. Харин одоо бол нэгэнт МАН олонхиороо шийдвэр гаргасан учраас засагт хамтрах гээд явж байна. Хэрэв АН-ынхан яамдын тоог тэдний хэлсэн хэмжээнд барихгүй гэвэл засагт орохгүй гэж зөрүүдлэх боломж ч тэдэнд бий. АН-ынхан зөвшилцлөө зөрчвөл, ярьснаасаа буцвал Засгийн газраас гарах, эсвэл орохгүй байх асуудлыг шийдэх эрхээ Бага хурал нь намынхаа Удирдах зөвлөлд шилжүүлчихсэн. Иймээс л МАН-ын Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарын хүчтэй лидерүүд нь эсрэг бодолтой байгаа энэ үед АН-ынхан зөвшилцлөөсөө ухарвал байгуулаагүй засгаа огцруулахтай адил болчихоод байгаа юм.
Яамдын тоо хэд байхаас хамаарч шинэ Засгийн газарт аль нам хэдэн суудал авах нь шийдэгдэнэ. Тиймээс АН, МАН-ынхан эхлээд яамны тоогоо тохирох ёстой гэж үзсэн юм байна. Харин яг суудал хуваахдаа УИХ-д байгаа суудалдаа хувь тэнцүүлж Засгийн газарт орох ёстой гэсэн байр суурийг МАН-ынхан барьж байгаа аж. УИХ-ын 76 суудлыг 100 хувь гээд тооцвол АН-ынхан 45 хувийг нь бүрдүүлж буй. Шинэ засагт ч тэднийг ийм төлөөлөлтэй байх ёстой гэж МАН-ынхан үзэж байгаа аж. Харин 26 суудалтай МАН-ын хувьд УИХ-ын 34 хувийг бүрдүүлдэг. Иймд Засгийн газрын 34 хувийг тэд бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Энэ жишгээр явбал УИХ-д арван суудалтай “Шударга ёс” эвсэл Засгийн газрын 13 хувийг бүрдүүлэх юм байна. Харин хоёр суудалтай ИЗНН-д засагт суудал өгөхгүй Байнгын хороо хуваарилах яриа ч гарсан байна лээ. Мэдээж ойлголцол дуусвал, Засгийн газраа байгуулчихвал энэ сардаа багтаж Байнгын хороодоо ч- дээр ‘ өгүүлсэн харьцаагаар намууд хувааж авах нь ойлгомжтой.
Ч.Гангэрэл /Үндэсний шуудан/
URL: