Г.Уянга: Монголын ард түмнийх бус Рио Тинтогийн Засгийн газар байгуулагдлаа

G_Uyanga2

УИХ-ын гишүүн Г.Уянгын шинэ Засгийн газрын талаарх байр суурийг нь сонслоо.

-Шинэ Засгийн газар МАНАН болох нь тодорхой боллоо. Өнөөдөр Засгийн газрын бүтэц, яамдын тоо тодорхой болно. Та шинэ Засгийн газрын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Би Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад одоо хэрэгжиж байгаа дөрөвдүгээр үндсэн хуулийн хүрээнд байгуулагдаж болох хамгийн сүүлчийн Засгийн газар гэж хэлж байсан. Энэ Засгийн газар огцорсноор Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдаж болох Засгийн газруудын боломж дууссан. Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай бүх улс төрийн хүчин, бүлэгтэй хамтарч Засгийн газар байгуулж байна. Энэ өмнө нь байсан хувилбар. МАХН олонх болж байсан ч С.Баяр үндсэн хууль зөрчиж, хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Тэр үеийн УИХ-д 62-ын бүлэг байгуулагдаж байсан. Энэ түүх дахин давтагдах гэж байна. Улс төрд бугшсан, хуримтлагдсан асуудлуудыг шийдэж чадах хувилбар, Засгийн газар биш гэж би үзэж байна. Би 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүний тангаргаа өргөхийн өмнө шинэ их хуралд хандаж уриалга гаргаж байсан. Тэр уриалгаа би дахин өгмөөр байна.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад улс орныг хямралтай байдлаас гаргаж чадахгүй гэж үзэж байгаа гэсэн үг үү?

- Монголын нийгэмд 25 жил хуримтлагдсан асуудлуудыг шийдэхийн тулд парламентад суудал авсан бүх хүчнүүд, тал талаасаа нийлэн түр Засгийн газар байгуулах хэрэгтэй. Одоо ямар нэгэн Шинэчлэл, Шийдэлийн гэх мэт гоё нэртэй биш түр Засгийн газар байгуулаад, улс төрийн өдөр тутмын амьдралыг шийдэж байх хооронд Үндсэн хуулийн асуудлаа хэлэлцье. Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийхгүйгээр бид Монголын улс төрийг, нийгмийг цааш авч явах боломжгүй. Монголын улс төрийг намчирхалаас, намын хуваагдлаас аврах хэрэгтэй байна. Яг үнэндээ намууд өнөөдөр албан тушаал, эрх мэдэл наймаалцдаг наймааны хэрэгслүүд болсон байна. Одоо ч гэсэн асуудлыг шийдье гэх хэлэлцээрүүд явагдаагүй. Намуудын хооронд аль нь хэдэн яамыг авах вэ, гэдэг хэлэлцээр явагдаж байгаа. Энэ зүйлээс төрөө салгах хэрэгтэй. Ингэхийн тулдҮндсэн хууль, Намуудын тухай хуулийг өөрчилнө гэсэн үг. Мөн намуудыг гишүүнчлэлгүй болгоно гэсэн үг. Монголын төрд ямар улс төрийн намууд гарна, тэд бүгд хамтарч хариуцлага хүлээдэг болгох хэрэгтэй. Шинэ Үндсэн хуулиа батлаад дараагийн шинэ парламентийг шинэ үндсэн хуулиар байгуулаад, төр эмх цэгцэндээ орж, цааш явах ёстой.

-Энэ бололцоо шинэ Засгийн газарт бий юу?

-Мэдээж бий. Хэдийгээр парламетын бүх улс төрийн хүчнүүдийг оролцуулсан Засгийн газар байгуулагдаж байгаа ч гэсэн дардан сайхан явах засаг гэсэн үг биш. Жишээлбэл, өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэж ярьж байна. Тэгэхдээ МАН ярьж байсан зүйлээсээ ухарч байгаа залхай заалтуудыг хийж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өрд өрийн баталгааг тооцохоо болъё гэсэн заль хэрэглэж байна. Энэ нь МАН өрийн таазыг нэмэгдүүлэхийг зөвшөөрч байна гэсэн үг. Хувийн компаниудад гаргаж өгсөн Засгийн газрын баталгааг өрөөс хасч тооцоод хувийн компаниуддаа баталгаа гаргаж өгөөд үүгээр дамжуулж өр зээлээ нэмэгдүүлнэ гэсэн санаа байгаа. Ингээд явж явж нөгөөх л мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн МАНАН-гийн засаглал дахиад тогтож байна. Харамсалтай байна. Үндсэн хуулийг өөрчлөх чухал асуудлуудыг онцгойлон ярихгүй байна. Би энэ засгийг түр Засгийн газар байгаачээ гэсэн саналыг тавьж байна.

Нөгөө талаараа энэ засаг Монгол Улсынх бус Оюутолгой, Рио Тионтогийн Засгийн газар байгуулагдлаа гэж би харж байна. Оюутолгойн гэрээг нөгөө талын эрх ашигт нийцүүлж цааш үргэлжүүлнэ гэдэг хандлага нь монголчуудын эрх ашгийг хамгаалах Засгийн газар биш гэдгийг харуулж байна. Хэдийгээр “Шударга ёс эвсэл” шинэ Засгийн газарт хамтарч ажиллах шийдэр гаргаж байгаа боловч би сөрөг хүчний байр суурьтай байгаа. Ялангуяа Оюутолгойн асуудал дээр.

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих