Бэлгэдэлт томилгооноос Бэлгэдлийн Засгийн газар руу

12-2-15_700x700Д.Баярбилэг

Хүчний байгууллагуудын дарга нарыг соль гэдэг шаардлага Д.Тэрбишдагвад ч ирж байжээ

 

“Ч.Сайханбилэгийн Засгийн газар билэгдэлдээ машид анхаарч байна. Татварынхаа хөрөнгийг арвижаасай гэж Ариунсан, хууль журмыг сахиулах цагдаадаа Чингис, тагнуулдаа хурц нүдтэй, соргог бай гэж Хурц, хүмүүжигчид билэггүй муу зүйл бодохгүй шүү гэж Билэгт нэртэй хүнийг томилсон гэнэ ээ”. Ийм нэгэн шоглол шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шинэ томилгооны араач гарч иржээ. Цахим ертөнцөөр хамгийн олон шейр хийж байгаа мэдээллийн тоонд багтаж байна.

Ч.Сайханбилэг ажлаа авангуутаа Цагдаа, Тагнуул, Шүүхийн шийдвэр, Татварын газрын даргыг өөрчиллөө. Хэнтэй, яаж хамтарч танхимаа бүрдүүлэх нь тодорхойгүй, яриа хэлцэл хийж байхад ингэж яаран хүчний байгууллагуудын даргыг өөрчилсний цаана юу байна, ямар улс төр, ямар тохироо  явагдав гэдэг нь хүмүүст сонин байна. Янз бүрээр тайлбарлаж байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар хүчний байгууллагуудыг даргыг сольж, шинэ томилгоо хий гэдэг шахалт Ерөнхий сайдын тамгыг түр барьж байсан Шадар сайд Д.Тэрбишдагвад ч ирж байсан гэх. Үүрэг гүйцэтгэгч шадар ийм томилгоо хийхээс цааргалж аргацааж байгаад Ч.Сайханбилэг дээр ирсэн гэнэ.

Ч.Сайханбилэгийг улсын нэгдүгээр хүн дэмжсэн. Дэмжлэгийн цаана юу байсан бэ гэдэг нь эхний томилгоонуудаас харагдаж байна гэдгийг зарим ажиглагч тэмдэглэж байна. Ингэж хэлэх, хардах үндэслэл угаасаа хангалттай.

 

Н.Алтанхуягийг ялан дийлэхүй буюу Б.Билэгт

 

Цагдаагийн газрын дарга ажиллаж байсан Б.Билэгтийг чөлөөлсөн Н.Алтанхуягийн шийдвэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эзгүйд гарсан гэдэг. Б.Билэгтийг хууль бусаар халсан гэдэг шүүхийн шийдвэр Н.Алтанхуягийг дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад гарсан. Шүүх хурал хойшилж, хойшилж, гэнэт л хуралдаад “хөөрхий муу Б.Билэгт хохирсон байна” гэдэг шийдвэр уншчихсан. Н.Алтанхуяг ажлаа өгчихсөн болохоор түүний өмнөөс Б.Билэгттэй заргалдаад давж заалдаад явах хүн одоо хаа байх билээ дээ. Тиймээс   Б.Билэгт цагдаадаа эргээд очих нь тодорхой боллоо гэж цагдаа даяар л чимээгүй хөдөлгөөн болчихсон, түүний дараа томилогдсон С.Баатаржавыг сэм занасан хүн цөөнгүй байлаа. Гэхдээ Билэгт цагдаад эргэж очсонгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тамгыг гардаж авлаа. Ингэснээр Б.Билэгтийн намтарт агентлагийн дарга болсон түүх дөрөв дэх түүх ньбичигдлээ. Тэрээр өмнө нь Радио, телевизийн хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын даргын албыг хашиж байсан билээ. Б.Билэгтэд халаагаа өгч байгаа С.Баяндалай нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн найз. “Нүүрс” хөтөлбөртэй холбоотойгоор Лүүмэдийн Гансүхийг баривчлагдан хоригдоход  Ерөнхий сайдыг дагуулж аваачаад Төв аймгийн хориход ахлах зөвлөхтэй нь уулзуулчихаж байсан овоо гар. Н.Алтанхуягийн ийм ойрын холбоотныг нь мөргөөд очиж байгаа болохоор Б.Билэгт ялан дийлэхүйн ийм мэдрэмж дүүрэн байгаа нь  лавтай.

 

Н.Алтанхуягийн  нөлөөлөхүй буюу Б.Ариунсан

 

Тагнуулын ерөнхий газар Ерөнхий сайдын шууд мэдэлд харьяалагддаг агентлаг. Нууц байгуулллагын дарга нар Ерөнхий сайд өөрчлөгдөхийг дагалдаад солигддогт гайхаад байх зүйл ч бас байхгүй. Тагнуулын газрын даргын өрөөгөө Татварын газрын даргынхаар сольсон Б.Ариунсан мөн л Н.Алтанхуягийн их ойрын хүрээний хүн гэлцдэг.

Ерөнхий сайдын гомдлоор АН, МАХН хоёр намын даргын байгуулсан гэрээний хуурамч хавсралтыг хэн, хэзээ, хаана зохиов гэдгийг ТЕГ маш хурдан хугацаанд тогтоож, зарласан. Ардын намын хэвлэлийн албаны дарга Дэмбэрэл гэдэг залуу үйлдсэн гэж. Харин Их Хурлын гишүүдэд өөрсдийнх нь утасны дугаараас мессеж бичсэн нөхрийг болохоор зарлаж чадахгүй таг чиг гацчихаад байгаа. Шалтгаан нь хүний өмнөөс мессеж савсан нөхөр нь Их Хурал дотор сууж байгаагаас болоод байгаа гэдэг яриа гараад таг чиг болсон. Иймэрхүү маягтайгаар ажиллаж байгаад Б.Ариунсан Тагнуулын даргын ажлаа өглөө. Гэхдээ ядравч янжууртайгаа гэдэг агенлагийн даргатайгаа үлдэв. Чагнаж, тагнадаг байсан Б.Ариунсан татвар хураах нь. Түүнийг ингэж байраа сольсны цаана улс төрийн хүрээнд Н.Алтанхуяг гэдэг хүний байр суурь бас байна гэж “орчуулж” байгаа ажиглагч ч байна.

Татварын байцаагч нар 18 жилийн цалинтай дүйцэх хэмжээний мөнгийг нэг удаад урамшуулал болгон авдаг нь илэр, шүүх цагдаадаа хүрээд байгаа. Татвар төлөгчдөө дарамтлаад байдаг байцаагч нарын дарамтын цаана өөрсдийнх нь халаасанд орох их хэмжээний мөнгөний эрх ашиг явдаг байсан юм байна гэдгийг нийтээрээ сая л мэдэж авч байгаа нь энэ. 18 жилийн цалин гэдэг бол зөвхөн албан ёсоор авч байгаа урамшуулал нь. Түүнээс татварынхны албан бус орлогыг тоолж, тооцож чадах хэн байх билээ дээ. Тиймээс тагнуулаас татвар руу ирсэн Б.Ариунсан даргад хийх ажил мөн ч их байна даа. НӨАТ гэж хадны мангаа бий. Хуурамч падаан илэрсэн гэдгээр шалтгаалаад компанийн захирлуудыг  НӨАТ-ын татвараа заавал төлж дуусгасны дараа шинэ падаан өгнө гэдэг болсон. Падаан нь дуусчихаар дараагийн НӨАТ-ын бичилтүүд хийгдэхгүй гээд байгууллагууд дээр хүндрэл гарч байгаа нь өндөр урамшуулал авдаг татвар байцаагч нарт хамаагүй мэт байгааг анзаарч үзээсэй гэж экс тагнуулч Б.Ариунсан даргад эртхэн дуулгачихъя. Бас тэр хуурамч падаан хийдэг улсаа л чангалдаг юм байгаа биз. Түүнээс зүгээр мөрөөрөө татвараа төлөөд явдаг компанийн захирлуудыг НӨАТ-ын падаан авах гэж байгууллагын гэрчилгээ, иргэний үнэмлэх хоёрыг нь бариулан татварын хэлтэс дээр оочерлуулж байх хэрэг байна уу гэдгийг анхааралдаа аваарай даа Б.Ариунсан дарга аа.

 

Ц.Элбэгдоржийн нөлөөлөл буюу Б.Хурц

 

АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурц Тагнуулын газрын дарга боллоо. Экс тагнуулч энэ хүн сайн, муу олон юманд нэр холбогддог. АТГ-ын дэд дарга гэдэг албан тушаал УИХ-аас томилогддог алба. Гэтэл Ч.Сайханбилэг түүнийг хуучин ажлаас нь чөлөөлсөн УИХ-ын шийдвэр гараагүй байхад шинэ ажилд томилсон нь багагүй хэл ам татлав. Түүнийг ТЕГ-ын даргаар ийм шуурхай томилсоны цаана гурван хүчин зүйл байсан гэх. Мэдээж, эхнийх нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой хүчин зүйл. Б.Хурцын нэрийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэдэг тодотгол зүүлттэй явдаг. Наад зах нь л түүнийг АТГ-ын дэд дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны даргын албанд томилсон хүн нь Ц.Элбэгдорж байлаа.  Хүн хулгайлсан хэрэгт буруутаж, Англид саатуулагдаад байсан түүнийг суллахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн нь Ерөнхийлөгч гэдэгтэй маргах хүн байхгүй. Б.Хурцыг ТЕГ-ын дарга болоход нөлөөлсөн өөр нэг хүчин зүйлийг МАН-ын дарга М.Энхболдтой холбон тайлбарлах хүн бас байна. МАН-ын дарга М.Энхболдын ихээхэн ойрын хүн нь АТГ-ын дарга Н.Ганболд. АТГ-ын хоёр дарга хэрхэн гар нийлэн ажиллаж байсныг өнгөрсөн хугацааны тус газрын шалгаж илрүүлсэн хэргээс харж болно. Б.Хурц сүүлийн үед МАН-ынхантай ихээхэн сүжирч байгааг У.Хүрэлсүхийн тоглолтыг таалан таашаан үзэж байгаа зургаас нь ч харж болох.

Гурав дахь хүчин зүйлийг офшор дансны мэдээлэлтэй холбон тайлбарлаж байна. Тодруулбал, төрийн нэгэн өндөр албан тушаалтны офшор дансны мэдээллийг мэдэх цөөхөн хүн байдаг гэнэ.

 

Х.Тэмүүжингүй томилгоо буюу Р.Чингис

 

Наймдугаар сарын 14. Засгийн газрын хуралдаанаар Б.Билэгтийг Цагдаагийн ерөнхий газрын даргаас чөлөөлж, С.Баатаржавыг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Наймдугаар сарын 28. Засгийн газрын хуралдаанаар С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар жинхлэн томиллоо.

Арваннэгдүгээр сарын 26-нд Засгийн газрын хуралдаанаар Ч.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилж, С.Баатаржавыг чөлөөллөө. Сүүлийн гурван сар гаруйн хугацаанд Цагдаагийн даргыг сольсон өөрчилсөн томилгоо хэрхэн болсныг тоймловол ийм байна.

Цагдаагийн дарга нар нь дээрээ суудлаа олохгүй ингэж бужигнаж байхад доороо яаж ажиллаж байгаа нь тодорхой шүү дээ. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж эртний үгтэй шүү дээ. Дээрээс нь Тэмүүжин сайдын хийсэн шинэчлэл гээд цагдаа ямар бүтэц зохион байгуулалттай  яаж ажиллаж байгааг иргэд байтугай цагдаа нар ч өөрсдөө сайн ойлгохгүй хоёр жил өнгөрсөн. Хувцасны загвараа өөрчилж, байраа шинэчилж, нүүж, хаягаа сольж гээд өнгөн талаас нь харвал цагдаад косметик засвар маягийн шинэчлэл хийгдэж байна. Харин яг агуулга талаасаа, ард түмний төлөө цагдаа өнгөрсөн хоёр жил юу хийсэн юм бэ гэдэг тайланг бодитоор нь гаргаж ир гэвэл хариулт нь тун ч бүрхэг гарна даа. Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийг Р.Чингис дарга хэр ойлгож үргэлжлүүлэх вэ гэдэг том асуултын тэмдэг.

Х.Тэмүүжинг хууль зүйн салбарын шинэчлэлийн түүчээ гэж хүмүүс хэлдэг. Тэгвэл салбарынхаа шинэчлэлийн бэлгэ тэмдэг болсон Х.Тэмүүжингүйгээр энэ удаад цагдаагийн даргын томилгоо явагдлаа. Цагдаагийн шинэ дарга Р.Чингисийн тухайд олон улстөрч, олон томоохон компанитай нэр холбогддог нэгэн. ЦЕГ-ын дарга болох нь гэж яригдаж эхэлснээс хойш найман жилийн дараа тэрээр жинхэнээсээ дарга болж байна. Анх Р.Чингис цагдаагийн дарга болно гэдэг мэдээлэл тэртээ 2008 оны үед гарч байжээ.

Шинэ Засгийн газрын тэргүүний бэлгэдэлт томилгоог товч тоймловол ийм байна.

 

Шинэ маягийн МАНАН буюу Бэлгэдлийн Засгийн газар

 

МАХН, МҮАН хоёр уг нь сонгуульд нэг эвсэл болж орсон. Гэтэл Ерөнхий сайд тус тусад нь урилга илгээсэн. МАХН-ынхан угшил нэгт МАН-ын шийдвэрийг хүлээж байж хариугаа өгнө гээд хүлээж байна. Хүлээхийн хажуугаар дотооддоо ч бас дажинтай. Их Хурлын дэд дарга Л.Цог нь Н.Энхбаяртайгаа үзэлцэнэ гээд өрөлтөө авчихсан. МАХН-ын залуус голдуу нэг хэсэг нь засагт орсон нь дээр гэж амбийцлаж байгаа бол, харин ахмадууд нь МАН-тай нийлэхгүй гэж хатуу байр суурьтай байгаа аж.

Харганы ноос түүнэ, түүсэн ноосоороо эсгий хийнэ, хийсэн эсгийгээ зарж мөнгө олно, олсон мөнгөөрөө морь худалдаж авна. Авсан морио унаад аав ээж рүүгээ явна гэж мөрөөдөөд хэн нь түрүүлж явах вэ гэдгээсээ болоод муудалцдаг эхнэр, нөхөр хоёрын үлгэр байдаг даа. Яг энэ үлгэр шиг юм өнөөдөр МАН-д болж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг Засагт хамтраач гэж урилга илгээлээ. УИХ дахь МАН-ын бүлэг нь болохоор Удирдах зөвлөл мэднэ гэх. Удирдах зөвлөл нь хэд хэдэн удаа хуралдаж, бас хэрүүл маргаан болж. МАН-ын дарга зөвлөхүүдээсээ асууж гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэргүүтэй зөвлөхүүд нь “Засагт хамтрахад гэмгүй шүү, Энхболд хүү минь” хэмээн айлдаж. Гэхдээ зөвлөхүүд бол намын шийдвэр гаргадаг эрх бүхий субьект биш тус Бага хурлаараа хэлэлцэхээр боллоо. Бага хурал нь угтаа бол баасан гаригт хуралдаад шийдвэрээ гаргачихсан байх ёстой байлаа. Гэтэл хойшиллоо. Амралтын өдөр шөнийн харанхуйгаар хуралдаж шийдвэрээ гаргадаг уламжлалаа МАН яаж зөрчих билээ дээ. Ингээд засагт орохоор шийдлээ. Хамгийн гол нь засагт орох орохгүйдээ биш, орох хүсэл маш их байгаа бөгөөд түүнийгээ аятайхан илэрхийлэх гарц гаргалгаа хайж байгаа гэнэ. Түүнээс МАН засагт орох эсэх гэдгийг Бага хурал нь шийднэ гэдэг өнгөлөн далдлалт гэдгийг эх сурвалж хэлж байна. Зөвшилцлийг хойшлуулаад удаагаад байгаа жинхэнэ шалтгаан нь өөрсдөөсөө хэн сайд болохоос гадна өөр бусад намаас хэнийг ямар яамны сайд болгох эсэхийг шийдэх гээд наймаалцаад байгаа явдал гэнэ.

Шинэ Засгийн газарт хамтраач гэдэг урилгыг УИХ дахь бүх намд өгсөн. Гэхдээ  Н.Алтанхуягийг огцрохоос өмнө эв нэгдлийн Засгийн газрын зураг зурагдчихсан байсан гэдгийг мартаж болохгүй. Харин одоо өрнөж байгаа улс төрийн үйл явцаас харвал  шинэ маягийн МАНАН  буюу Бэлгэдлийн Засгийн газар байгуулагдах нь зам руу эргэлт буцалтгүй явж байна.  Тодруулбал, шинэ танхим Ц.Элбэгдорж, З.Энхболд, М.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын хүмүүсээс бүрдэнэ гэдгийг зарим ажиглагч хэлж байна.

Энд дурдагдсан нөлөө бүхий улстөрчдөөр нь харвал  наанаа Засгийн газар, сайд нар ажиллаад байгаа мэт боловч цаана нь таван эрхэм л асуудлыг шийдэж сууна гэсэн үг.

Хэн сайд болох вэ гээд яригдаж буй таамаглалууд доторхи нэрс нь дандаа дээрх таван эрхэмээр “овоглосон” байгаа хүмүүсийнх байгаа нь ч анзаарагдана.

Бүх намын төлөөлөл багтсан Бэлгэдлийн Засгийн газраас иргэд юу хүлээх вэ?

Эх сурвалж: “Улаанбаатарын сонин”


URL:

Сэтгэгдэл бичих