Дорнод аймгийн “PBS” телевиз дайралтанд өртжээ
Дөнгөж сая Дорнод аймгийн “PBS” телевизийн захирал П.Болдсайхан хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Хэвлэлийн бага хурал зарласны учир нь Өчигдөр орой 16.30 минутын орчимд Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “PBS” телевизийн байр руу 30-40 хүн дайрч орон, техник хэрэгслийг эвдэж сүйтгэн ажлаа хийж байсан сэтгүүлчдийг нь хэл амаар доромжилсон байна. Өчигдөр Дорнод аймгийн АН-ын гишүүд Засаг дарга С.Ганбатыг огцрохыг шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан аж.
“PBS” телевизийн захирал П.Болдсайхан ярихдаа “Манай телевиз Дорнод аймагт үйл ажиллагаагаа таван жил тасралтгүй явуулсан. Гэтэл өнөөдөр манай телевиз эфирээ хаачихсан байна. Өчигдөр 30-40 хүн манай телевизийн үүд хаалгыг эвдэн орж техник хэрэгслийг эвдэж сүйтгэж манай сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэвлэлийн эрх чөлөөг ноцтой зөрчлөө. “PBS” телевиз Дорнод аймгийн АН-ын байранд оффис түрээсэлж ажилладаг болохоос биш ямар нэгэн улс төрийн байгууллага, нам эвслээс хараат бус. Гэтэл АН-ын гишүүд намынхаа дотоод зөрчлийг манай телевизийн үйл ажиллагаатай андууран телевизийн байр руу дайран орлоо. Бид хууль хяналтын байгууллагад хандсан “PBS” телевизийн хохирлыг хурдан барагдуулж өгөхийг хүсэж байна”гэв.
URL: