Н.Tэгшбаяр: Hамайг явуулахын тулд энэ салбарыг нураах хэрэггүй
- Цөмийн энергийн газрыг АМГ-тай нэгтгэх тухай яриаг зарим улстөрчид гаргаад байгаа. Юуны өмнө энэ талаарх Таны байр суурийг сонсох нь зөв байх.
- Цөмийн технологийн салбар бол дэлхийн улс орнуудын хувьд геополитик болоод стратегийн өндөр ач холбогдолтой юм. Цөмийн энергийн газар нь Улсын их хурлаар батлагдсан бие даасан бодлого, хуультай мэргэжлийн тохируулагч агентлаг. Тиймээс аливаа нэг газрын хатавчинд аваачих, түүгээрээ төсөв хэмнэх тухай ярих нь өрөөсгөл. Цөмийн энергийн салбарт өгч байгаа төсвийг энгийнээр харьцуулж хэлбэл улсын төсвийн 10 мянган төгрөг гэж үзвэл түүний нэг төгрөг ч хүрдэггүй тийм бага юм. Үүнийгээ үйл ажиллагаагаараа эргүүлээд төлчихдөг. Харин энэ салбарт гадна, дорвитой хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж шинжлэх ухаанч монгол хөгжинө. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт цөмийн технологийн хөгжилд, тэр тусмаа цөмийн цахилгаан станцуудын бүтээн байгуулалтад илүү ач холбогдол өгч улс орнууд олон тэрбумa долларыг зарцуулж байна. Энэ нь агуулгаараа үр хүүхдээ иргэдээ утаагүй, цэвэр, аюулгүй орчинд амьдруулах алсын хараатай бодлого юм. Өөрөөр хэлбэл япон, солонгос зэрэг азийн орнуудын жишээг харж болно
- Улс төрчдийн таарамжгүй харьцаанаас үүдээд энэ салбарыг унагаах гэж байна гэсэн яриа цизикчдийн хүрээнд яригдсан юм биш үү?
Би албан тушаалаас төрөөгүй, аав ээжээсээ унасан. Намайг унагахын тулд энэ салбарыг оролдох хэрэггүй. Цөмийн эрчим хүч бол хөгжлийн уураг тархи юм гэдгийг технологи хөгжсөн улс орнуудын жишээнээс харж болно. Энэ салбарыг хүчгүйдүүлнэ гэдэг Тэгшбаярыг бус Монгол улсыг дэлхийд муухай харагдуулна. Байгууллага алга болсноор асуудал эзэнгүйдэж хөгжлөөс хоцрох алхмыг улстөрчид хийхгүй биз дээ.
Дээрх яриандаа япон гэснээс Фукушимагийн ослын дараах хандлагыг ярьж байна уу?
- Тэр үед жирийн иргэдэд цөмийн цахилгаан станц аюултай юм байна, үүнээс болж олон хүн хорогдлоо гэсэн ойлголтыг Цөмийн эсрэг хөдөлгөөнийхөн өгөхийг хичээсэн. Үнэндээ бол тухайн үед цунамигаас болж хорин мянган хүн алтан амиа алдсан боловч яг Фукушимагийн ослын улмаас хүний амь нас эрсдээгүйг олон улсын шинжээчид хүлээн зөвшөөрсөн. Энэ оны 11-р сарын 18-19-нд миний бие Азийн орнуудын цөмийн салбарын сайд нарын түвшны 15-р уулзалтад оролцоод ирлээ. Энэ үеэр японд ЦЦС-г дэмжих хандлага судалгаагаар 60-70% болж өссөн нь өндөр үзүүлэлт гэж дүгнэж байна. Тиймээс ойрын хугацаанд дахин 10 гаруй ЦЦС-г стандарчилж ажиллуулж эхлэхээр болсон байна. Бусад орнуудын хувьд жишээлбэл АНУ 100 реактортой бөгөөд шинээр 5-ыг, ОХУ 33 реактортой бөгөөд шинээр 10-ыг, Хятад 23 реактортой бөгөөд шинээр 26-г, солонгос 23-ыг реактортой бөгөөд шинээр 5-ыг, япон 48-ыг реактортой бөгөөд шинээр 2-ыг барьж байгаа гэх мэт өөдрөг жишээ олон байна. Дэлхий нийт эрчим хүчний 11% ийг ЦЦС-аас хангаж хойшид 30% хүрэх төлөвтэй байна. Бид эдгээр улсуудыг хөгжиж байна гэж харж байгаа бол энэ бүхний цаана тогтвортой эрчим хүүчний асуудал байгааг ойлгох цаг болжээ.
- Ингэхэд танайхыг зөвхөн ураны лиценз олгодог гэсэн ойлголт нийгмийн зарим бүлэг хэсэгт байгаад байх шиг?
- Цацраг идэвхт ашигт малтмалын асуудал бол манай үйл ажиллагааны нэгээхэн жижиг хэсэг гэж хэлж болно. Манай агентлаг Улсын хэмжээнд цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, салбарын хүний нөөц бэлтгэх зэрэг ажлууд, мөн түүнчлэн салбарын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ л хэрэгжүүлж байгаа. Ураны лиценз олгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцэгдсэний дараа манай байгууллага баталгаажуулах эрхзүйн орчин байна. Түүнээс биш Тэгшбаяр гэдэг хүн дур мэдэн лиценз олгодог эрхзүйн орчин байхгүй.
- Таны хэлж байгаагаар цөмийн технологи манайд тийм хэрэгтэй юу. Манайх нар, салхи, нүүрснээсээ эрчим хүчээ гаргачих болохоор заавал цөмийн энерги ашиглах шаардлага бий юу гэдэг асуудал тавиад байна л даа?
- Дэлхий нийт цөмийн технологийг дан ганц эрчим хүчээр төсөөлдөг гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд бий. Үнэн хэрэгтээ бид цөмийн энерги, технологиос хамааралгүйгээр нэг ч өдөр амьдардаггүй. Энэ бол цоо шинэ зүйл биш. Хүн, малын эмчилгээ, оношилгооноос авахуулаад таны хэрэглэж буй гар утас, компьютер, гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, идэж буй хоол хүнс цөмийн технологиос хамааралтай байна. Тэр ч бүү хэл амьсгалж буй агаар тань хүртэл цацрагтай холбогдож байгаа юм. Иймээс цөмийн энерги хэрэгтэй, хэрэггүй гэдэг яриа угаасаа утгагүй зүйл.
- Амьсгалж буй агаарт цацраг байна гэж та хэллээ. Энэ талаар тодорхой хариулт өгөх үү.
- Өөрөөр хэлбэл бидний оршин байгаа бүхий л орон зайд цацрагийн нөлөөлөл бий. Харин энэ нь стандартын хэмжээнд байна уу үгүй юу гэдэг нь л асуудал. Үүнд хяналт тавьдаг чиг үүрэг нь манай салбарт байна. Ер нь бол манайх 50 гаруй жилийн өмнөөс үүсч хөгжсөн мэргэжлийн салбар шүү дээ. Анх өвчнийг оношлох чиглэлээр,, дараа нь геологи хайгуулын чиглэлээр, мөн хүнсний эрүүл ахуй гэх зэргээр өргөжсөн л дөө. Хамгийн гол нь өөр юугаар ч хийж чадахгүй зүйлийг өнөөдөр цөмийн технологиор хийж болж байна.
- Цөмийн технологийг бүхий л салбарт, өргөн хүрээнд ашигладаг гэдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй шүү дээ?
- Үүнд бидний буруу байгаа. Цацрагийн үүсгүүрийн хэрэглээ манай улсад геологи, уул уурхай, анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэх зэрэг бүх салбарт жилээс жилд өсч байна. Цацрагтай ажиллагсадын тоо сүүлийн 10 жилд 4 дахин өссөн. Энэ маань салбар хэр өргөжиж байгааг харуулж байна л даа. Тиймээс нэвтрүүлсэн технологийн хэрэглээнд хяналт тавих нь хамгаас чухал юм. Тухайлбал Эрдэнэт, Оюу Толгой зэрэг томоохон зэсийн уурхайнуудаас гарч байгаа баяжмал дахь элементийн агуулга тодорхойлж, үнэ тогтоох суурь болж байна. Мөн газрын тос, нүүрс болон бусад ашигт малтмалын эрэл хайгуул, агаарын геофизик судалгааны ажилд цацрагийн үүсгүүрийг өргөн хэрэглэдэг учраас манай хяналтад тогтмол байдаг.
- Цөмийн технологийг оношилгоо, эмчилгээнд хэрэглэдэг гэлээ. Чухам яаж хэрэглэдэг юм бэ?
- Манай улс цацраг туяа гэж нэрлэгдсэн эмнэлэгээс эхлээд өнөөдрийн Хавдар судлалын үндэсний төв, Нэгдүгээр эмнэлэгийн цөмийн оношзүйн тасаг хүртэл, өөрөөр хэлбэл рентгенд харуулахаас эхлээд эмораыд харуулах хүртэл гээд л ойлгочих л доо.
- Олон улсын Атомын энергийн агентлаг /ОУАЭА/-тай манай улс хэзээнээс хамтарч ажиллах болсон юм бэ. Энэ талаар жаахан тодруулахгүй юу.
- Монголчууд атомын бөмбөг хийгдэх үеэс эхлээд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилалж ирсэн. Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтыг үүсгэн байгуулагч байсан орны хувьд манай улс Олон улсын атомын энергийн агентлагт элсээд хагас зууныг өнгөрөөжээ. Энэ хугацаанд рентген болон туяаны аппаратууд бүгд ОУАЭА-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж нэвтэрсэн. Тус байгууллагын техникийн хамтын ажиллагааны хүрээнд 30 гаруй лаборатори байгуулж, тоног төхөөрөмжийг нь шинэчилж, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүдийг нь урт, богино хугацааны сургалтад хамруулж ирсэн байдаг. Манай газар чинь Цөмийн энергийн комисс гэж олон жил явж байснаа 2009 онд цөмийн энергийн салбарын бүх үйл ажиллагааг зангидах төрийн байгууллагатай болж, бодлогоо гаргаж, хуулиа баталсан. Мөн цөм, цацрагийн бүхий л хяналтыг манайд хийдэг. Ингэснээр гэрээ конвенцийн дагуу дэлхийн олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн тодорхой үүргүүдээ ханган ажиллаж байна.
- Танай салбар цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах тал дээр яаж ажиллаж байна вэ?
- Бид цөмийн их гүрнүүдийн хүрээлэлд байдаг орны хувьд манай цөмийн салбарын эрхзүйн орчин, хяналт нь байнга олон улсын анхааралд байдаг. Цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжүүдийг улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах, хадгалах, хэрэглээнээс гаргах хүртэлх бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьдаг гэсэн үг. Тухайлбал, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа, НҮБ-ийн 1540 тогтоол буюу цөмийн материалын хөдөлгөөнд хяналт тавих тухай тогтоол гэх мэтээр олон зүйлээр үйл ажиллагаа нь хязгаарлагдсан, олон улсын өмнө хариуцлага хүлээдэг ийм л байгууллага даа.
- Улсын хил дээр Цөмийн энергийн газар хяналт тавьдаг уу?
- Тэгэлгүй яахав. Хилийн боомтууд дээр байнгын ажиллагаатай цацрагийн 80 төхөөрөмж суурилуулснаар хүмүүсийн айж ичээд байдаг цөмийн хаягдлын асуудалд цэг тавьж байгаа юм.
- Манайхан стандартыг мөрдөхдөө тааруухан шүү дээ. Ер нь манай цөм, цацрагийн хяналт, стандартыг хангуулах асуудал олон улсын түвшиндээ ямаршуу байдаг юм бэ?
- физик бол маш тодорхой шинжлэх ухаан. Хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гэдэг шиг. Дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн алхах гэж л байгаа бол монгол хүн чадахгүй гэж ярихаа болих цаг болсон. Цацраг бол үзэгддэггүй, баригддаггүй, үнэрлэж болдоггүй онцлогтой. Үүнийг мэргэжлийн хүмүүс л хийж ирсэн. Хойшид ч тийм байх болно. Манай хяналтын салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон залуус байна. Мөн ОУАЭА-ийн экспертүүдтэй хамтарч ажиллаж байна. Тэгээд ч дэлхийн стандарт гэж байх болохоос энэ салбарт монголчлох юм байхгүй. Монголын онцлогтой физик ч гэж байхгүй. Дэлхий дээр ганц л физик байгаа. Цөмийн энергийн газрын дэргэдэх хоёр лаборатори Олон улсын итгэмжлэл болон Үндэсний стандартын тохиролоор баталгаажсан. Ингэснээр манай лабораторын хэмжилтийн үр дүн олон улсын жишигт хүрсэн. ОУАЭА-ийн мэргэжлийн 4 эксперт бүхий ажлын хэсэг ажиллаж, Монгол Улсын цацрагийн хамгаалалтын үндэсний дэд бүтцэд үнэлгээ өгсөн. Цацрагийн хяналт хийх, зөвшөөрөл олгох, хариуцлага хүлээлгэх зэрэг хяналтын албаны үндсэн үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцэж байна гэсэн дүгнэлт гарсан. Жишээлбэл манай салбар олон улсын түвшинд хүрснийг Хавтгайн Намсрай гуайн шагнал илэрхийлж байгаа юм.
- Төрийн соёрхолт, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич Х.Намсрай гуай Чингис хаан одонгоор шагнагдлаа. Энэ хүндтэй одонг улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан цөөн хэдэн хүнд олгосон. Х.Намсрай гуай цөмийн физикч үү?
- Тэгэлгүй яахав. Шагнал нүдээ олно гэж үүнийг л хэлэх байх. Цөмийн физикч ийм хүнийг олж шагнасных нь төлөө төрийн тэргүүнд Цөмийн энергийн газрын даргын хувьд талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Х.Намсрай гуай манай агентлагийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн. Ерөнхийлөгчийн хэлснээр “Дэлхийн шинжлэх ухааны шинэ нээлтэд Улаанбаатар хотдоо суугаад дүн тавих, үнэлэлт дүгнэлт өгөх эрдэмтэн байна гэдэг бол яах аргагүй монгол бахархал”. Ийм физикичид манай эрдэмтдийн зөвлөлд олон байгаа нь манай салбарын бахархал юм. Энэ шагнал бол төрийн тэргүүний зүгээс спортынхныг дэмжиж чадсан шигээ өндөр технологийн салбарыг үнэлсэн томоохон үйл явдал боллоо. Нобелийн шагнал хүртэлцсэн монгол хүмүүсийн анхдагчид нь ОУАЭА-т ажиллаж байсан монгол залуучууд байсан.
- Ер нь ингэхэд Цөмийн энергийн салбарын үйл ажиллагаа олон улсын түвшинд хэр хүрсэн байна вэ?
- Боловсон хүчин нь хүрчихээд бодлого нь хүрэхгүй байсан цаг үе бий. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, одоогийн УИХ-ын дарга З.Энхболд нарын шийдвэр гаргах түвшний хүмүүс ОУАЭА-т зочилсны зэрэгцээ Монгол Улс тус агентлагтай Элчин сайдын түвшинд хүрч харилцдаг болсон. Цөмийн технологи нь өөрөө өндөр технологи учраас цөмийн энергийн асуудлаа улс нэгдсэн зохицуулалтаар удирдаж байгаа нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахад дөхөм болж байна.
- Сүүлийн асуултыг танд үлдээе.
- Шинжлэх ухааны үр шимийг нь хүртэж байгаа бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Монгол хүн монгол хэлээрээ зөв ярьдаг, дөрвөн аргын тоотой, малаа зүсэлж, нутгаа мэддэг, томьёоноос айдаггүй, хаана ч ханагар байгаасай билээ.
П.ХАШЧУЛУУН
URL: