Ч.Сайханбилэг танхимдаа тэргүүн шадар сайдаас гадна нэгээс хоёр яам нэмэх үү

527-14174845395eb2704d3cdb8c50bigЧ.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсноос хойш 11 хоног өнгөрч байна. Шинэ Ерөнхий сайд хуулийн дагуу 14 хоногийн дотор Засгийн газраа эмхлэн байгуулж, бүтцээ батлуулах учиртай.

Хуулийн хугацаа нь энэ долоо хоногт дуусгавар болно. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо УИХ-ын чуулганы индрээс эдийн засагт бүх анхаарлаа төвлөрүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр үүнийгээ бататгаж,”Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” хэмээн шинэ Засгийн газрын баримталж ажиллах чиглэлээ маш товчхон тодорхойллоо.

Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд “Олон нийтэд таалагдахгүй, алгаа ташиж баяр хүргэхээргүй шийдвэр олныг гаргана шүү” гэдгийг ч чуулганы индрээс шинэ Ерөнхий сайд зоригтой мэдэгдсэн. Гэхдээ ийм хүнд шийдвэрүүдийг гаргахад парламент дахь олонхийн саналыг авах нь хамгаас чухал.

Тиймээс Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдонгуутаа парламентад суудалтай улс төрийн намуудад зөвшилцөх албан бичиг хүргүүлсэн. Ч.Сайханбилэгийн дэмжлэгтэй, шийдлийн, хурдтай Засгийн газар байгуулахын эхлэл энэ байв. Өөрөөр хэлбэл, тэрбээр сайдын суудлыг улстөрчдөд үнэгүй бэлэглэдэг сайхан сэтгэлт Санта Клаусын дүрд хувилах гэсэндээ биш “АН дангаараа Авралын Засгийн газар байгуулж чадахгүй нь. Ардын намынхан туслаач” гэж хоёр ч удаа албан бичиг илгээж соёлтойгоор гуйсан нь энэ.

Иргэд шинэчлэлийн Засгийн газарт итгэл өгсөн ч эдийн засгийн огцом уналтаар ард түмэндээ хариу барив. Харин одоо эрх баригчид өмнөх алдаагаа давтахгүйн тулд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэцгээж байна.

Яг ийм үед Ч.Сайханбилэгт улс төрийн тулхтай, туршлагатай нам хэрэгтэй. Тэр нь яах аргагүй МАН байж таараа. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдрөөр болсон МАН-ын Бага хурлын дундуур Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ардаараа овоглосон Ардын нам иргэдээ бодсон шийдвэр” гаргахыг хүсч буйгаа мэдэгдэж, дахин албан бичиг явуулсан.

АН-тай зөвшилцөх эсэх нь мэдэгдэхгүй хариугөа хамгийн удаан хүлээлгэсэн МАН-ынхан улс төрийн нам, ирэх сонгуулийн чимээг чагнахгүйгээр өнөөдрийн хүндрэл, ард иргэдээ бодож Ч.Сайханбилэгийн засагт хамтрах шийдвэр гаргав. Харин улс төрийн бусад нам, эвсэл МАН-ын гаргасан шийдвэрийг алгаа ташин хүлээж авсангүй. УИХ дахь биө даагч гишүүд , МАН, АН-тай нэгдсэн учраас сөрөг хүчин болж, хяналт тавьж ажиллахаа мэдэгдэв,

МАХН-ынхан Ч.Сайханбилэгийн танхимд орж ажиллах эезхээ эцэслэн шийдээгүй байна. Яг одоо олон нийтэд улс төрийн намуудын тунирхлаас илүүтэй шийдлийн Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах нь сонин бөйна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн аравдугаар сард Засгийн гаэрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, Уул уурхайг Эрчим хүчний яамтай, Барилга хот байгуулалтыг Зам тээврийн яамтай, Сангийн яамыг Эдийн эасгийн хөгжлийн яамтай нэгтгэж 16 яамыг 13 болгон цөөрүүлсэн.

Төрийн бүтэц данхар байна гэх шүүмжлэлийг Н.Алтанхуягийн энэ алхам бага ч болов намжаасан. Тиймээс Н.Алтанхуягийн өргөн барьсан бүтцээр яамдын тоог нэмэгдүүлэхгүй явсан нь дээр гэсэн байр суурьтай гишүүн цөөнгүй байна. Гэхдээ улс төрийн “хөшиг”-ний цаана Засгийн газрын бүтэцтэй холбоотой шинэ ярианууд хөвөрсөөр л байна.

Тэр тусмаа Н.Алтанхуягийн өргөн барьсан тогтоолын төслийн дагуу явах уу, яамдын тоог нэгээс хоёроор нэмэгдүүлэх үү гэдэгт улстөрчид санал хуваагдчихаад байна, Нэг хэсэг нь “Яамдын тоог нэмэхэд буруудах зүйлгүй” гэж байхад нөгөөх нь “Эдийн засгийн хямралыг давахаар хамтарсан засаг байгуулчихаад яамдын тоог нэмж, улам хямруулах шаардлагагүй” хэмээн үзэж байна.

Учир нь яамдын тоог нэмбэл ирэх өны төсвөө дахин задлах хэрэг гарна,  МАН-ынхны хувьд ч өмнө нь төрийн бүтцийг данхар байна гэж байнга шүүмжилж байснаа засагт хамтрангуутаа яамдын тоог нэмэхийг гараа өргөөд дэмжих нь ёс суртахуунгүй хэрэг болно гэх бодолтой гишүүн ч байна. АН-тай хамтрахыг эсэргүүцэж байсан МАН-ын нөлөө бүхий гишүүд мэргэжлийн Засгийн газар байгуулахыг илүүд үзэж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Салбартаа арваас доошгүй жил ажилласан, улстөрчдийг дагаж хөөрцөглөөд байдаггүй мэргэжлийн хүнийг сайдаар томилох нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар тогтвортой, мэргэжлийн төвшинд ажиллахын эхлэл” гэлээ. Тэрбээр МАН-ыг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахыг анхнаасаа хатуу эсэргүүцэж байсан нь нууц биш.

Үүнийгээ ч Бага хурлын үеэр “АН-ынхан ядрахаараа МАН-ыг түшдэг. Задрахаараа шоронд хийдэг” гэх ширүүн үгээр илэрхийлсэн. Ц.Нямдорж гишүүнээс гадна МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин ч МАНАН байгуулахыг таатай хүлээж аваагүй байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын лидерүүд АН-ынхан хэлж, ярьснаасаа буцдаг, буруугаа бусад руугаа чихдэг зангаас болгоомжилсон байдалтай ханджээ.

Тиймээс ч шинэ Ерөнхий сайд МАН-ынхны эргэлзээг багасгахын тулд ихэд хичээсэн нь илт. Улс төрийн ууган хүчин МАН-ынхан шинэ Засгийн газрын бүтцийг тун нухацтайгаар авч хэлэлцэнэ. Бүтцийн талаархи улс төрийн намуудын зөвшилцөл ирэх долоо хоногийн пүрэв гариг хүртэл үргэлжлэх юм. Одоогийн байдлаар Ч.Сайханбилэгийн танхим Тэргүүн шадар сайдын суудлыг гаргаж, яамдын тоог нэгээс хоёроор нэмэгдүүлэхээр ярилцаж байгаа аж.

Ингэхдээ улс төрийн намууд УИХ дахь суудлын тоогоор засагт орно гэсэн мэдээллийг АН-аас зөвшилцөх ажлыг ахалж байгаа М.Батчимэг гишүүн өглөө. Юутай ч эцсийн байдлаар ямар дүр зурагтай Засгийн газрыг эмхлэн байгуулах нь энэ долоо хоногт тодорхой болно. Үүнд улс төрийн намуудын зөвшилцөх ажлын хэсгийнхэн гол үүрэг гүйцэтгэх нь лавтай.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих