Сангийн сайд татварын мөнгөөр бадар барих нь
С.Баярын толгойлсон Засгийн газрын балаг ирэх онд бүү хэл энэ зуунд ч шувтрахгүй дэг шүү. Ядаж байхад Оюутолгойн
гэрээг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрийдлээр Канадчуудын “аманд орж”, гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэн төсөвт төвлөрөх байнгын орлогогүй болгочихсон.
Харин үүний хар гайгаар ирэх оны улсын төсөв зарлагаа ч нөхөж дийлэхгүй ирэх сарын 1-нээс өмнө буюу хуулийнхаа хугацаанд батлагдах эсэх нь бас л эргэлзээтэй болчихлоо. Гэхдээ ч яахав, нэгэнт л Сангийн сайдын хүлээсэн үүрэг юм хойно энэ тэндээс хэд гурван тоо нийлүүлж, ирэх оны төсөв гээд нэг юм хэвлээд гишүүдэд тараачихжээ.
Ямартай ч тэрбээр хэн нэгэн шиг хийсэн нүглээсээ зугтааж албан ажлаасаа буусангүй. Харин хамгийн гол нь эрхэм сайдтан төсвийн эх үүсвэрийг Тавантолгойн хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа авч бүрдүүлнэ гэж “сэрүүн зүүдэлсэн” байх юм. Гэтэл эл ордын нөөц нь ч тогтоогдоогүй. Мөн хөрөнгө оруулагчтай хийх гэрээний хар зураг ч гараагүй байдаг. Эсвэл тэрбээр Оюутолгойн ордод хийсэн “мэх”-ээ давтах гэсэн үү, ямартай ч 450 орчим тэрбум төгрөгийг дараагийн ордоос төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.
Харин энэ мөнгөөр Хүний хөгжил сангийн тэн хагас буюу иргэдэд өгсөн сонгуулийн амлалтаа “цааш нь харуулчихна” гэж тооцсон юм байна л даа. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт сар тутам олгох 21 мянган төгрөг буюу нийтдээ 702.5 тэрбум, 160 мянган оюутны сургалтын төлбөрт 82.5 тэрбум, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 20.2 тэрбум төгрөг ямар ч эх үүсвэргүй болсон гэсэн үг.
Энд нэг зүйлийг тодруулахад, ирэх оны төсвийн урсгал зардал 2.9 их наяд буюу нийт зардлын 91 хувьд хүрчихээд байгаа юм. Уг нь дэлхийн зах зээл дээр зэсийн ханш хангалттай өссөн энэ үед Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй хэдэн нөхөр харийнхны захиалгаар 68 хувийн татварыг тэглээгүй бол тус ордын таваарын бүтээгдэхүүнийн нэг жилд импортлох буюу 800-гаад тн зэснээс хэдий хэмжээний мөнгө төсөвт суух байсан нь ойлгомжтой.
Түүнчлэн Сангийн сайд өөрийн гараар хийсэн энэ бүх лай ланчигаа залруулахаар ээлжит “үлгэр”-ээ ярьж эхэллээ. Түүний эхний алхам нь татварын орчинг хөдөлгөж, гишүүдээс дэмжлэгэ авч эхэлсэн явдал юм. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход, эрхэм сайдтан аргатай л даа. 2010 оны улсын төсвөөс сох дутсан 359 тэрбум төгрөгийг өр шир тавьж байгаад ч болов олоод л ирсэн юм даг.
Бүр ядаж л хандивлагч орнуудаас тусламж гуйж, алт, зэсийн үнийн зөрүү болон Засгийн газраас урт хугацааны бонд гээч юм гарган санхүүжүүлж ёстой л урд хормойгоороо хойдохоо нөхөөд болсоон болсон. Эцэст нь хэлэхэд, Сангийн сайд 2010 оны төсвийн зардлыг нөхөхийн тулд хүүхдүүдийн хоолыг хасч байсан бол энэ удаа татвар төлөгчдийн халааснаас зулгааж “амь гарах нь” тодорхой болох шив.
О.Сүлд http://www.niigmiintoli.mn/
URL: