Хот хоорондын зам хогийн цэг боллоо
Нийслэл, орон нутгийн хооронд нүүдлийн шувуу шиг ирж, буцаж байдаг иргэдийн хөл дүүжлэх гол унаа нь хот хооронд зорчигч тээвэрлэгч автобуснууд билээ. Олны хэлж заншсанаар шуудангийн унаагаар оюутан байхдаа баруун аймаг руу бишгүй л олон удаа зорчиж байв. Тэр болгонд хот хоорондын автобуснууд хүнээс гадна хог тээвэрлэгч болсныг тод анзаарч байлаа. Ийм дүр зураг ихэвчлэн нийслэлээс алслагдсан аймгууд руу ажиглагдах нь бий. Баруун аймгууд руу 25-30 хүний суудалтай оросын “Паз” автобусаар зорчигч тээвэрлэдэг. Оюутан залуусын хичээл эхлэх болон дуусах өвлийн амралт, тэмдэглэлт баяр ёслолын үеэр хот хоорондын тээврийн ачаалал огцом нэмэгддэг. Тиймээс ч суудлын тоогоороо хүн авч явах нь тун цөөхөн. Голын эгнээгээр иргэдийн ачааг тавиад туулайчлагчдын суудал бэлэн болох нь тэр. Холын замд гарч байгаа болохоор иргэд тор дүүрэн ус, ундаа, чихэр, боорцог гартаа барьсаар орж ирнэ. Бараг автобус нийслэлээс хөдлөөгүй байхад хүүхдүүд ус, ундаагаа ууж дуусаад хогоо цонхоор гаргаад шидэж орхино. Яг ийм дүр зураг замд байнга давтагддаг нь сэтгэл хамгийн их эмзэглүүлж байгаа юм.
Ерөөсөө л хот хоорондын зорчигч тээвэрлэдэг тухайн аймгийн маршрут тэр чигээрээ хогийн цэг болчихсон гэвэл хилсдсэн болохгүй. Зорчигчид замдаа ундаа, ус гэхмэтчилэн шингэн зүйлсийг хамгийн их хэрэглэнэ. Түүнийхээ савыг цонхоо онгойлгож байгаад хэнэг ч үгүй гаргаад шидчихнэ. Өдөрт нэг аймгаас гурваас таван автобус нийслэлийг зорьж, яг үүнтэй дүйцэхүйц тооны автобус Улаанбаатараас орон нутгийг зорьж байна. Хамгийн багадаа нэг автобусанд 25 хүн суудаг. Тэгэхээр өдөр болгон ийм тооны хүнтэй автобуснууд нөгөө л явдаг чиглэлээрээ ус, ундаа, чихэр, боорцогны гялгар уутаа хаясаар байна. Тэгэхээр “Орон нутгийн маршрут хогийн цэг боллоо” гэж халаглахаас яах билээ. Жолооч замдаа хэд хэдэн удаа зогсч зорчигчдыг нэгдсэн журмаар хоолонд оруулдаг. Замын хоолны газрын үнэ нь тэнгэрт хадсан мөртлөө үйлчилгээ, эрүүл ахуйн шаардлага огт хангаагүй. Уг нь монголчууд “Зам дагаж хөгжил ирдэг” хэмээн ярьдаг. Тэгвэл замын хоолны газруудад буугаад хөдлөхөд зам дагаж, байгаль дэлхий бохирдож байна уу даа гэж бодогдмоор санагддаг. Учир нь замын хоолны газруудын ойролцоо зориулалтын жорлон байхгүй. Тиймээс хоол идэхээр буусан зорчигчид бие засахаар хаа сайгүй тарж эхлэх нь тэр. Ингээд тэд түрхэн зуур хооллоод буцахад тухайн газарт нь ариун цэврийн цаас, нойтон салфетка хөглөрч үлддэг. Баруун аймаг руу хот хоорондын зорчигч тээвэрлэдэг маршрутаар явахад харж үзэх зүйл бараг байхгүй. Иргэдийн зам дагуу хаясан ариун цэврийн цаас, гялгар уут, ундааны савнууд нарны гэрэлд гялалзаж харагдана. Орон нутгийн нислэгийн тасалбар шаггүй үнэтэй болохоор манайхан шуудангийн унааг сонгодог. Харин гадаадын жуулчдын хувьд мөнгөнөөс гадна замдаа байгалийн сайхныг харна гэсэн бодолтой байдаг ч тэдний хүсэл биелэхээсээ биелэхгүй нь их. Харин ч эсрэгээрээ иргэд байгаль орчноо хэрхэн бохирдуулж байгааг толгой сэгсрэн хардаг.
Нэг удаа Улаанбаатараас Ховдын чиглэлийн автобусанд Ховд их сургуульд багшлах гэж байгаа швейцарь залуутай хамт явлаа. Автобусанд явсан хүмүүс гадаад багшаар тоглоод их л хөгжилтэй явав. Удалгүй нөгөө гадаад залуу ихэд уурлан нэг зүйл хэлээд байгаа нь сонсогдов. Түүний хэлийг хэн ч ойлгохгүй болохоор тоож байгаа хүн ч алга. Тэр залуу зорчигчид ус, ундааныхаа савыг цонхоороо хаяж байгааг хараад тэсэлгүй бухимдсан нь энэ байжээ. Монголчуудтай ойлголцохгүй нь гэдгээ мэдсэн үү, өнөөх гадаад эр цүнхнээсээ тор гаргаж ирээд Ховдын төв ортол хүмүүсийн хаях гэж байгаа пластик савнуудыг цуглуулж, буунгуутаа хогийн саванд хийж байгааг хараад өөрсдөөсөө ичих мэдрэмж төрж билээ. Хот хооронд хүнээс гадна хог тээвэрлэдэг энэ байдал өнөөдөр ч өөрчлөгдөөгүй хэвээрээ л байна. Хэдийгээр “Хүйтний улиралд иргэд хог тарих нь багасдаг” хэмээн албаныхан тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр ялгаагүй байгааг жолооч нар хэлж байна.
Энэ талаар Ховдын чиглэлд хот хоорондын тээвэр хийдэг жолооч Д.Баттөмөрөөс тодрууллаа. Тэрбээр Ховдоос Улаанбаатарт өнгөрсөн баасан гаригт ирж хүнээ буулгачихаад иргэдийн дайвар ачаа тарааж байхтай нь ийнхүү тааралдав.
-Та ямар маршрутаар явдаг вэ?
-Би Ховдоос Улаанбаатарын хооронд зорчигч тээвэрлэж байна. Эндээс хөдлөөд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгаар дайрдаг. Одоогоор би сардаа нэг л удаа зорчигч тээвэрлэж байна. Ховдоос олон автобус хот хооронд зорчигчид тээвэрлэж байна. Ялангуяа хичээлийн шинэ жил, оюутан, сурагчдын амралт, цагаан сарын үеэр иргэдийн хөдөлгөөн эрс ихэсдэг. Яг ийм ачаалалтай үед өдөрт дөрвөөс таван автобус нийслэлийг зорих нь бий.
-Хот хооронд зорчигч тээвэрлэдэг тэр чиглэлийн зам бараг л хогийн цэг шиг болчихсон нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр санагдсан. Зорчигчид замдаа хэр их хог хаяж байна вэ. Жолооч шаардлага тавьж болдоггүй юм уу?
-Жолооч шаардлага тавиад хэн ч хүлээж авдаггүй. Хэлсэн нь буруудахаас биш зөвдөхгүй шүү дээ. Сүүлдээ “Холын замд явж байгаа хүн хэл ам хийгээд яах билээ” гэж бодох болсон. Олон хүн дотор янз бүрийн ааш аягтай хүн байна. Зарим нь хөдлөөд удаагүй байхад “Шээмээр байна”, “Дотор муухайрлаа” гэнэ. Нэг газар түр зогсоод эргээд хөдлөхөд тэр газар бөөн ундааны сав, нойтон салфетка, ариун цэврийн цаас, чихэр, боорцогны уут алаглаад үлддэг. Жишээ нь Улаанбаатараас Ховд аймаг хүртэл 1500 гаруй километр. Энэ хооронд хүмүүс автобуснаас олон удаа бууж, сууна. Тэр болгондоо хог хаягдлаа орхиж байна гэсэн үг.
Өвлийн улиралд хог хаях нь хавар, зуныг бодвол харьцангуй бага байдаг уу?
-Бараг ялгаагүй дээ. Өвлийн улиралд ч зорчигчид зун юу идэж, уудаг түүнийгээ авч явна. Өвөл болохоор ус, ундаа уухгүй хог багасна гэж байхгүй биз дээ. Ялгаагүй л хогоо хаяна шүү дээ. Гэхдээ хүйтэн болохоор зарим нь цонхоо онгойлгохоос залхуураад автобус дотор хогоо хаях нь ихэсдэг. Бид иргэдийг Улаанбаатарт ирсний дараа автобусаа цэвэрлэхэд маш их хог гардаг. Би заримдаа жуулчид авч явна. Гадаадынхан ус, ундааныхаа савыг манайхантай адилхан хаа таарсан газраа хаядаггүй. Тамхины иш байсан ч түүгээд буудаг. Уг нь тийм л соёлтой баймаар байна.
Харин албаныхны хувьд хог бол хоёрдугаар зэргийн асуудал. Хот хоорондын тээвэрт эрдэнэт хүний амь нас эрсдэхгүй байхад тэд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Иргэдийг тав тухтай зорчуулахын тулд хогийн уут тарааж байгаа гэдгийг Сонгинохайрхан авто вокзалын ажилчид хэлж байсан. Гэвч иргэд тэдний тараасан уутанд хогоо хийхээс хийхгүй нь их байдаг аж. Энэ тухай Сонгинохайрхан авто вокзалын дарга А.Баасансүрэнтэй ярилцлаа.
А.Баасансүрэн:БИД ХОГ ХАЯХГҮЙ БАЙХЫГ САНУУЛДАГ Ч ЗОРЧИГЧИД ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ
-Танай авто вокзалаас өдөрт нийт хэдэн тээврийн хэрэгсэл аль аймгуудад зорчигч тээвэрлэж байна вэ?
-Сонгинохайрхан авто вок-залаас 16 аймгийн 47 чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг. Манай энд нийт 35 аж ахуйн нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгсэл зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Өдөрт дунджаар 300-600 хүн орон нутгаас нийслэлд ирж, яг үүнтэй адил тооны хүн нийслэлээс орон нутгийг зорьж байна. Ид ачаалалтай үед бол Сонгинохайрхан авто вокзалаар өдөрт 4000-5000 хүн үйлчлүүлдэг. Бид өвлийн бэлтгэл ажлаа аль хэдийнэ хангасан. Зорчигчид дулаан хувцаслаж явахад хангалттай. Одоо олонхи нь дандаа сүүлийн үеийн 45 хүний суудалтай том оврын автобуснууд байгаа. Баруун аймгуудад Оросын “Паз” автобус зорчигч тээвэрлэж байна.
-Дулааны улиралд зорчигчид цонхоороо хог хаях нь элбэг. Танай байгууллагаас үүнд ямар нэгэн хяналт тавьдаг уу?
-Энэ бол иргэдийн ухамсрын асуудал. Манайхаас журам гаргаад “Та нарыг хогоо хаявал торгоно” гээд байх шаардлагагүй болов уу. Ер нь зорчигчдод замдаа хог хаяхгүй байхыг сануулж, зарим автобусанд хогийн уут тарааж байна. Сүүлийн үеийн солонгос автобуснууд цонх нь онгойдоггүй учраас хог хаях нь харьцангуй багассан. Гэхдээ манай иргэд маш соёлгүй шүү дээ. Автобус зогсох төдийд буугаад бөөн хог хаячихдаг. “Ингэж болохгүй” гэж хэлэхээр уурладаг, бухимддаг. Зарим нь “Хогоо хаана хаях нь миний эрх” гэж манай байцаагч нарыг загнадаг. Ер нь бид сануулсаар байгаа ч зорчигчид хүлээж авахгүй, тоохгүй байна. Мэдээж, хүн болгон адилхан бүдүүлэг, соёлгүй байдаггүй. Олон хүн дотор биеэ зөв, боловсон авч явдаг ч бий. Бид чадах чинээгээрээ иргэдэд хог хаяж байгаль орчноо бохирдуулахгүй байхыг уриалж, ухуулга сурталчилгаа явуулж байна.
-Ер нь зорчигчид та нарын шаардлагыг хүлээж авдаггүй гэсэн үг үү?
-Гадаадын иргэд зуны улиралд манай автобусаар хот хооронд их зорчдог. Одоо ч гэсэн зорчиж байгаа. Гэхдээ дулааны улирлыг бодвол тоо нь харьцангуй багасдаг. Тэд байгалийн сайхныг хараад нийтийн унаагаар явах сонирхолтой. Гэтэл гадаадынхны хажууд соёлгүй, бүдүүлэг авир, үйлдэл гаргадаг хүн олон байна. Үүгээрээ хүн болгоныг муухай ааштай гэж хэлэх гэсэн юм биш шүү. “Автобусанд тамхи татахгүй” гээд санамж наачихсан байхад тамхи татаж байна. Цонхоор хаа таарсан газраа хогоо хаяж байна. Хүнтэй соёлтой харьцаж чаддаггүй. Манай иргэдийн нийтлэг дутагдал нь нэгэндээ шаардлага тавьж чаддаггүй. Үйлчилж байгаа байгууллага руу бүх буруугаа чихээд байдаг. Иргэн хүний хувьд “Хогоо битгий хаяач”, “Соёлтой, боловсон байгаач” гэж нэгэндээ шаардлага тавих хэрэгтэй шүү дээ. Нэг нь цонхоор ундааныхаа савыг хаяхаар нөгөөх нь дуурайгаад хогоо хаяж болохгүй.
-Хот хооронд зорчигч тээвэрлэхэд хогноос гадна өөр ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Орон нутгийн зорчигчид маш их ачаа авч ирдэг. Ялангуяа цагаан сар, шинэ жил гэхмэтчилэн баяр ёслолын үеэр урд хөршөөс бараа татдаг. Ачаа нь хэтэрсэн байгааг сануулахаар уурладаг. Зүй ёсны шаардлага хүлээж авдаггүй. Жолооч руу хорон үгээр дайрах нь ч бий. Хот хоорондын унаагаар нэг хүн 15 килограмм ачаа үнэгүй авч явах эрхтэй. Үүнээс илүү гарсан ачааг мөнгө төлөөд авч явна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл, автобус ачааны машин биш зорчигч тээвэрлэгч шүү дээ. Гэтэл манай иргэд том гахайнууд чирээд ирдэг. Түүнийгээ “Заавал авч явна” гээд гүрийчихнэ шүү дээ. Хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүс мах, хүнсний ногоо их хэмжээгээр автобусанд ачих гэж оролддог. Иймэрхүү хүндрэлүүд маш их гарч байна. Ачааны хэрүүл арайхийж дуусахаар зорчигчид автобусанд суунгуутаа хогоо эмх замбараагүй хаяж эхэлдэг. Гэсэн ч бид иргэдтэй чадах чинээгээр соёлтой, боловсон харилцахыг эрхэмлэдэг. Тэднийг тав тухтай зорчуулахыг боддог.
БАЙГАЛЬД ШИНГЭДЭГГҮЙ ХАМГИЙН ХОР УРШИГТАЙ ХОГИЙГ ЗОРЧИГЧИД ӨДӨР БҮР ХАЯЖ БАЙНА
Иргэдийн тоодоггүй, албаныхны хайхардаггүй ус, ундааны пластик сав, нийлэг материалтай уут байгальд шингэдэггүй хамгийн хор уршигтай эд аж. Жишээ нь, нийлэг материалтай уутанд савласан бүтээгдэхүүн урвалд орж органик уусгагч бодис үүсгээд хүний элэг, ходоодыг шархлуулж, улмаар улаан хоолойн үрэвсэл, хорт хавдар үүсгэдэг. Гялгар уут нь задрахгүйгээр 400-500 жил хөрсөнд байж, байгаль орчныг бохирдуулж хордуулдаг, шатахдаа хүний биед хортой хий ялгаруулдаг байна. Манай улсын хэмжээнд албан бус тоогоор 3000 гаруй га талбай бүхий 450 цэгт хог хаягдлыг ил задгай хаяж байна. Хот, аймаг, сумын төвийн орчинд уул уурхайнхны бохирдуулсан газрыг оролцуулбал 10 мянга гаруй га газар хог хаягдлаар, 4000 га газар химийн бодис, нефтийн бүтээгдэхүүнээр бохирджээ. Огт цэвэрлээгүй 80000 шоо метр, дутуу хагас цэвэрлэсэн 360000 шоо метр бохир ус жил бүр гол горхиор дамжин байгаль орчныг бохирдуулж байна гэсэн судалгааг албаныхан гаргасан байна. Бидний өдөр тутам хэрэглэж буй ихэнх хоол хүнсний хуванцар сав суулга нь PVC буюу поливинил хлорид, бисфенол А болон поликарбонатыг гэх бодисыг тодорхой хэмжээгээр агуулсан байдаг ажээ. Эдгээр бодис нь дотор нь хадгалж буй шингэн зүйлийг шүлтлэг болгохоос гадна хүний биеийн дотоод шүүрлийн тогтолцоонд муугаар нөлөөлдөг юм байна. Ийм байхад нийлэг материалтай уут, ундааны сав, бусад хог хаягдлыг өдөр тутам байгаль дэлхийдээ хаясаар байх уу. Хэдийгээр албаныхан хог хаяхгүй байх нь иргэдийн ухамсрын асуудал хэмээн үзэж байгаа ч яалт ч үгүй хяналт, шалгалт шаардлагатай байна. Хүмүүс байгальд ямар хор уршигтай зүйл хаяж байгаагаа ч ухаарахгүй байна шүү дээ. Тэгэхээр иргэдэд мэдээлэл өгч, нийслэл, орон нутгаас хөдлөхөд нь хогийн уут хангалттай өгч түүнд нь жолоочоос гадна зорчигч бүр хяналт тавьж хогоо замдаа хоол идсэн газартаа нэгдсэн журмаар үлдээгээд цааш хөдлөхөд болохгүй гэх зүйлгүй. Юутай ч энэ асуудлыг холбогдох албаныхан анхааралдаа авч, цэгцлэх дүрэм журам гаргаж, хяналтыг сайжруулахгүй бол удахгүй орон нутгийн зам хогоор дүүрэх нь. Бид Улаанбаатарын агаарын бохирдол, хогны асуудлыг ярьж байх зуурт хот хоорондын зам хогонд дарагдсаар байна.
Ц.Оюунтунгалаг
URL: