Хямрах биш мандах боломж бий, Монголд
Монгол орон мөнгөгүйдээ бус, мэдлэггүйдээл хямарч байна.
Ухаалаг төр гэж мэдлэгтэй, мэргэжлийн төрийг л хэлнэ.
Хүчтэй төр гэж бас л мэдлэгтэй, мэргэжлийн төрийг л хэлнэ.
Английн соён гэгээрүүлэгч Франсис Бакон “мэдлэг бол хүч”(Knowledge is Power) гэж дүгнэснээс үзвэл, мэдлэгтэй төрийг л хүчтэй төр гэж хэлнэ. Хүчтэй төр гэвэл данхайсан, мэдлэггүй төрийг хэлэхгүй нь тодорхой.
Тухайлбал, Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Шинжлэх Ухааны газар нь бүхэл бүтэн Монгол улсын шинжлэх ухааны стратеги бодлого төлөвлөлтийг хариуцдаг мөртлөө 5,6-хан хүний нөөцтэйгөөр яаж дэлхийн мэдлэгийг ойлгож, зөв бодлого гаргаж чадах вэ?
Хүн хүчин хүрэлцэхгүй төрийн инститиут Монгол орныг сул дорой байлгаж байгаа бас нэгэн шалтгаан гэдгийг ойлгох хэрэгтэй.
MIT-н Лестер Суров Герман улсыг суурь судалгаа, хэрэглээний судалгаа, инженерийн судалгаа, аж үйлдвэрийн судалгаагаар дэлхийд яагаад олон жил ноёрхсон гэдгийг судалж дүгнэхдээ: дээр дурдсан бүх мэдлэгийн салбарыг хөгжүүлэх иж бүрэн санхүүгийн тогтолцоог хүн төрөлхтний түүхэнд анх удаа хөгжүүлж, хэрэгжүүлж чадсан гэж дүгнэсэн байна.
Лестер Суров бас хэлэхдээ: лалын шашныг үүсгэн байгуулснаас хойш 1300 гаруй жил хүн төрөлхтний нэг ширхэг ч мэдлэгийн ном Араб хэлэнд орчуулагдаагүй, Арабын хүн амын хагасыг эзлэх эмэгтэйчууд нь бичиг үсэгт тайлагдаагүй байгаа нь Арабын ертөнц мэдлэгийн эдийн засаг ирж яваа зуунд өнөөгийн байдлаар хөгжих бололцоогүй.
Эрэгтэй хүн мэдлэгжсэнээр эрэгтэй хүнээ мэдлэгтэй болгодог, эмэгтэй хүн мэдлэгжсэнээр гэр бүл, нийгэм улс орноо мэдлэгтэй болгодог гэсэн байна.
Үүнээс үзвэл, дэлхийн шинжлэх ухаан, санхүү, эдийн засаг, улс төрийн бүх салбарт тэргүүлж яваа Еврей үндэстний нууц нь Еврейгийн эмэгтэй хүмүүс нь моралтай, мэдлэгтэй байгаа нь тодорхой болж байна.
Монгол орон хөгжинө гэвэл Монгол эмэгтэйчүүдийг моралтай, мэдлэгтэй болгох нь Монголын хөгжлийн зангилаа болох нь тодорхой.
Өнгөрсөн 20 гаруй жил МАН, АН гэсэн нэрийн дор улстөр хийсэн нөхдүүд Монгол орныг өнөөгийн сул дорой, хөгжил муутай орон болгосон. МАН, АН мэдлэгтэй, моралтай хүмүүсээр цус сэлбэхгүй бол Монгол орон ухаалаг төр байгуулах байтугай, хөгжил гэдгийг горьдсоны ч хэрэг алга аа.
Монгол орон мандан бадрах боломж бий!!!
1. Монгол оронд Конститут (Constitution)байхгүй, үндсэн хууль гэсэн (Basic Law) хуультай орон. Конститутид үндэстэн гэж байдаг. Үндэстэн төрийн эзэн байдаг. Швейцарь улсын конститутид үндэстнээ тодорхойлохдоо: эрх ашигт тулгуурласан үндэстэн гэсэн байдаг. Франц үндэстэн “Эрх чөлөө, Эрх тэгш, Анд” –ийм үнэт зүйлд тулгуурласан үндэстэн гэсэн байдаг.
Еврей нар нэг үүсэл гарал дээр тулгуурласан үндэстэн гэж өөрсдийгөө тодорхойлдог. Төр улс дорой буурай байгаа нь үндсэн хуулийн асуудал байдаг. Үндсэн хуулийн асуудлыг шийдвэрлэж, үндсэн хуулиа шинэчилсэнийг энх тайвнаар явагдсан хувьсгал гэж хэлдэг.
Монгол орон дэлхийн философийн төв биш гэдэг нь тодорхой. Үүний учир нь дэлхийн түвшний философичид байхгүй. Тиймээс шинэ үндсэн хуулиа хийж бүтээхдээ бусдын үндсэн хуулийг харж орчуулж болохгүй. Дэлхийн нэртэй философичдын багийг ажиллуулах шаардлагатай. Эсвэл сайжирна гээд бүр доройтох асуудал гарч болзошгүй.
2. Нийтийн өмчит компани:
Дээрэмчдийн зэрлэг Капитализм, Монополийн Капитализмаас өнөөдөр дэлхий “Эрх Тэгш Капитализм” руу хөгжиж байна. Зах зээлийн эдийн засаг гэдэг нь үнэндээ капитализмыг л яриад байгаа шүү дээ.
Эрх Тэгш Капитализмыг анх санаачилж хөгжүүлсэн орон бол Герман орон, Скандинавын орнууд болно. Эрх Тэгш Капитализмыг хөгжүүлэхэд 3 зүйлийн арга байдаг.
2.1. Хувь хүмүүс санаачилж байгуулсан компани нь компанийхаа тодорхой хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж, нийтийн хүртээл болгож хөрөнгө босгодог. Компанийхаа тодорхой хувийг тухайн компанид ажиллаж байгаа нийт ажиллагсаддаа хувьцаа эзэмшүүлэх хэлбэрээр зохион байгуулдаг.
2.2. Хүн ам цөөхөнтэй, дэлхийн зах зээлд өрсөлдөх хүний нөөц багатай улс орнуудын төр нь аж үйлдвэрийн чиглэл чиглэлээр нь компани байгуулж тухайн компаний тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр арилжаалж, нийт ажилчиддаа хувьцаа эзэмшүүлэх замаар нийтийн өмчит компанийг үүсгэн байгуулдаг. Тухайлбал, Норвег, Сингапур, Дубай гэх мэт орнууд.
2.3. Үндэсний баялагийн санг үүсгэж, тус сан нь үндэстний нийтийн өмчит компаниудыг салбар салбараар нь байгуулж, тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр арилжаалахаас гадна, нийт ажилчиддаа хувьцаа эзэмшүүлдэг.
Үндэсний баялагийн сан нь тухайн үндэстний аж үйлдвэрийн дэлхийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын улс орнуудын компанийг худалдан авах хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн эх үүсвэрий нь л огох замаар өөрийн улс орны даяарчилсан компаниудыг дэмжиж, өөрийн үндэстний даяарчилсан капитализмыг идэвхтэй хөгжүүлэн санаачлагатай ажиллаж байгааг Сингапур улсын Темасек сан, Норвег Глобал гэх мэт үндэстний баялагийн сангийн жишээнээс харж болно.
Монголын улсын Төрийн Өмчийн Хороог татан буулгаж, “Эдийн Засгийн Хороо” нэртэйгээр өөрчлөн байгуулж, нийтийн өмчит компаниудын эдийн засгийн асуудлуудыг нь шийдвэрлэх л зорилготой ажиллах хэрэгтэй.
3. Монгол орныг дэлхийн санхүүгийн төв болгож хөгжүүлэх:
Дан ганц гадаадын шууд хөрөнгө оруултаар хөгжсөн орон байхгүй. Монгол орныг шавхагдашгүй санхүүгийн эх үүсвэртэй болгохын тулд, Монгол улсыг дэлхийн санхүүгийн төв болгох хууль эрх зүйн орчныг яаралтай хийж, дэлхийн нэртэй зар сурталчилгааны компаниар дамжуулан Монгол улс дэлхийн санхүүгийн төв гэдэг үндэсний брэндийг үүсгэх хэрэгтэй.
Швейцарь оронд 1600 хүн тутамд нэг банк байдаг юм. Тиймээс, хүн ам цөөхөнтэй, боловсон хүчний хомсдолтой Монгол орон дэлхийн санхүүгийн төв болохын тулд, төсвөөс мөнгө гаргаж дэлхийн бизнесийн удирдлагын топ 10 их сургуулийг Монголд нутагшуулж, бүх иргэдээ санхүүч болгож, дэлхийн санхүүгийн соёлтой болгох хэрэгтэй.
Үүнээс гадна, чөлөөт гэсэн статустай 21-р зууны дэлхийн цоо шинэ хотуудыг иж бүрнээр нь хөгжүүлэхгүй бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хэзээ ч дэлхийн санхүүгийн төв болох архитектур, дэд бүтэц, байгал орчны боломжгүй.
Дэлхийн санхүүгийн төв болохын тулд, мэргэжлийн санхүүгийн институттай хамтарч л тэдний мэдлэгээр л Монгол орныг санхүүгийн төв болгохоос биш Монголчууд өөрсдөө хийж бүтээх мэдлэгийн нөөц бололцоо байхгүй. Монголчууд хийж бүтээх явцдаа мэдлэгтэй болж болно.
4. Оюуны тэрбумтнуудыг яаралтай бэлдэх хөтөлбөр хэрэгтэй:
Барууны хөгжилтэй оронд магистр доктрантурын сургуулиа төгссөн залуу хүмүүсээ дэлхийн топ 10 бизнесийн удирдлагын их сургуульд улсын төсвийн тэтгэлэгээр сургах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1.5-2.5 жилийн дотор дэлхийн төвшинд компанийг удирдаж, авч явж чадах дэлхийн манлайллуудыг хөгжүүлж чадна. Баклавраас нь эхэлж бэлдэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй боловч хорин хэдэн жилийн дараа Монгол орон оюуны тэрбумтнуудтай болох боломж бий гэтэл хугацаа алдана. Монгол орон хугацаа алдаж болохгүй.
Орос гаралтай, хүн төрөлхтний анхны Биопринтингийн технологийг бүтээсэн эрдэмтнийг Оросын засгийн газар санхүүжүүлж, эх орондоо Биопринтингийн технологийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлж байна. Саяхан АНУ-д физикийн салбарт доктор хамгаалсан 2 Монгол залуу утасгүй цэнэглэгчийн технологийг бүтээж дэлхий дахинаа хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байхад, Монгол орон юу хийж суугаа юм бэ?
Хэрэв Монгол улс инновацийг дэмжих сан, үндэсний баялагийн сантай байсан бол эдгээр залуусын технологид хөрөнгө оруулалт хийж, Монголд headquarter-г нь байгуулж дэлхий дахиныг хамарсан үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг байгуулсан бол Оюу Толгойгоос илүү их орлого олох боломжтой байсан. Мэдлэггүй төр авилгачин, харанхуй, мянган тамтай байдаг.
5. Монгол орон дэлхийн мэдлэгийн төв болох хэрэгтэй:
20-р зуунд мэргэжлийн бус хүмүүс шинжлэх ухааныг шашны агуулгатайгаар ойлгож, хүчирхийллийн шинжтэйгээр оруулж ирсэн нь Монголын хөгжилд гай болж байна. Мэдлэгийг зөвхөн мэдэх л шаардлага байдаг. Эсвэл, “ид шид”, “сод ухаантан”, “хэцүү”, “хаан шинжлэх ухаан”, “гоц авьяастан”, “гавал толгойтон” гэдэг асуудал байхгүй. Мэдлэгийг мэдэхэд цээжилж бүр болохгүй. Мэдлэг мухар сүсэг, шашин биш ээ.
Мэдлэгийг ойлгож байж л мэднэ шүү дээ. Хүн мэдсэнээр өөртөө итгэлтэй болдог, хүн мэдсэнээр амьдрал нь утгатай болдог. Мэдлэгтэй болсноор хөгжилд хүрдэг жамтай. Монгол орон дэлхийн мэдлэгийн төв болоход дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцөө дэлхийн төвшинд бэлдэж, Монгол хүний оюуныг эрх чөлөөтэй байлгаж чадвал цэнгэлийн манлайд хүрэх нь тодорхой.
6. Оюуны терроризмыг яаралтай устгах хэрэгтэй:
Дэлхийн мэдлэгтэй үндэстний хөгжлийн түүхээс харвал, мэдлэгийн нэр томьёог философичид хийдэг. Үүнийгээ Инцеклопедиа (Encyclopedia) гэдэг. Франц хэлийг мэдлэгийн хэл болгоход Деридагийн Инцеклопедиа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Герман хэлийг мэдлэгийн хэл болгоход Хегелийн Инцеклопедиа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.
Философийн мэргэжлийн мэдлэг байхгүй, дан ганц хэл сурсан хүмүүс мэдлэгийн нэр томьёог зохиодоггүй. Хэлний философид үг гэдгийг хурц бөгөөд шижир хэрэглэх хэрэгтэй гэдэг. Учир нь, үгэнд үүсэл гарал гэж байдаг, үгэнд түүх гэж байдаг, үгэнд утга гэж байдаг, үгэнд бас онол гэж байдаг гэж тодорхойлсон байдаг. Тухайлбал, “Зөв” (RIGHT) гэхийг “эрх” гэж орчуулснаас Монгол хүнд зөв буруугийн мэдлэг байхгүй болсон.
“Сайны мэдлэг буюу сайны онол” (Ethics) гэх нэр томьёог ёс зүй, ёс суртахуун гэж орчуулснаас Монгол хүн сайн мууг ялгах мэдлэггүй болсон. “Сайхны мэдлэг буюу сайхны онол”(Aesthetics)-г гоо зүй гэж орчуулснаас сайхан муухайгийн мэдлэгийг хаанаас олж авахаа мэдэхээ болисон.
7. Монгол үндэстэн дэлхийн шилдэг философийн үндэстэн болох хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй:
Философийн мэргэжлийн мэдлэггүй үндэстэн дархлаагүй, савалгаатай, орон гаран болох аюултай. Монголын төр, Монгол хүний оюун, Монгол үндэстэн дархлаатай байхын тулд дэлхийн шилдэг философичдыг бэлдэх магистр доктурантурын дэлхийн тэргүүний сургуулийг шинжлэх ухаан инженерийн их дээд сургууль дээр тулгуурлан байгуулах шаардлагатай. Монгол орон хямарч байна гэж өнөөдөр ярьж байна. Хямралын гол шалтгаан бол философийн мэдлэггүйн хямралд Монгол үндэстэн орсны шинж. Энэ асуудлыг шийдвэрлэж болно.
Үндэстний түвшний философийн мэдлэгийн хямралыг шийдвэрлэхийн тулд, төсвийн зарим хөрөнгө оруулалтыг зогсоож бүсээ чангалаад, философийн шинжлэх ухааныг дэлхийн төвшинд хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Философийн мэдлэггүй хүмүүсээр бүрдсэн улс төрийн нам, төрийн алба Монгол орныг хямралд хүргэх нь тодорхой.
Монгол хүн моралтай, хариуцлагатай үг ярих хэрэгтэй. Мэргэжил гэж байдаг шүү. Мэргэжлийн мэдлэг байхгүйгээр юм яривал хүн төрөлхтнийг сүйрүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Монгол орондмандан бадрах боломж бий. Гэтэл, Монголчууд мэргэжлийн дэлхийн түвшний мэдлэгтэйболж байж л Монгол улсын алтан хайрцгийг нээнэ. Мэдэхгүй бол, чадахгүй бол эрх мэдэлд шунахайрч, ард түмний амьдралыг там болгомооргүй байна гэвэл төрөөс зайлах хэрэгтэй.
Энэ чинь л Монгол хүний ярьдаг хүний мөс чанар шүү дээ. Мэдэхгүй байж, мэргэжлийн бус байж, эрх мэдэлд улайрахаа больё. Энэ үед л Монголын хямрал дуусгавар болно. МАН, АН дэлхийн түвшний мэргэжлийн мэдлэгтэй хүмүүсээр шинэчлэгдэхгүй бол Монгол орон там болох нь тодорхой.
Б. Мөнхбат
URL: