Таван “Толгой” төрд нэгдэв

uls_tur_3

Хүлээлт дуусав. Учир нь МАН шийдвэрээ гаргаж, сөрөгч биш, хамтрагч байх замыг сонгожээ. 2016 оны сонгууль, намын эрх ашиг энэ тэрээ хойш тавьж, улс эх орноо бодсон байна. АН-аас өгсөн хамтраад ажиллах боломжийг эрүүлээр харсан нь энэ. Одоо УИХ-д суудалтай бүх нам хамтраад хууль тогтоох, улс орноо өөд татах үндсэн ажлаа хийх боломж бүрдлээ. Энэ бол сайн хэрэг. Шинэ Засгийн газар ямар нэртэй байх нь хамаагүй, яаж ажиллах нь чухал. Тэдэнд жил гаруйн хугацаа бий. Нэг нь ажиллах гэж зүтгэж, нөгөө нь өөлөх гэж ядах зовлон үгүй болов. Дутуугаа нөхөөд зүтгэвэл жил гэдэг чамлахаарг үй хугацаа. Ч.Сайханбилэгт саадг үй ажиллах боломж бүрдэж байна. Гэхдээ багтаа хэнийг авахаас бас олон зүйл шалтгаална.

“ХУВЬСГАЛЫН ТОХИРОО” БҮРДСЭН НЬ

Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах алхам хийх бүртээ МАН “Бид Засгийн газарт орох гэж үүнийг хийгээгүй” гэсэн тайлбар ёс юм шиг зүүдэг байсан. Ерөнхий сайдыг томилоход ч УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт дээрх мэдэгдлээ давтаж байлаа. Цаг цагаараа байдаггүй. Ялангуяа улс төрийн ертөнцөд “цаг агаар” үргэлж өөрчлөгдөж байдаг. Тиймээс өнөөдөр ярьснаа маргааш үгүйсгэх нь гайхах юм биш. Дотроо нуугдсан эрх барих хүслээ МАН ил гаргалаа. Өнөөдрийн цаг үедээ энэ хамгийн зөв шийдэл. Гэхдээ энэ шийдлийг олонхоор дэмжүүлэх, ойлгуулах оновчтой тайлбар хэрэгтэй байсан нь мэдээж. Бага хурал дээр МАН-ын дарга М.Энхболдын тавьсан илтгэл энэ бүхэнд хариулт өгсөн. МАН-гүйгээр АН засаглаж чадахгүй, улс орны эдийн засгийг “самарч” дуусаж байгаа тул тусламжийн гараа сунгах ёстойг түүний илтгэлд ухуулж, ингэхдээ иргэд, намынхаа бүх шатны байгууллагынхны саналыг үндэслэснээ онцолжээ.

Мөн тэрбээр “Энэ цаг үед бид зөвхөн намаа, 2016 оны сонгуулиа бодох уу, улс орны тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашгийг бодох уу гэсэн сонголтын өмнө тулж ирээд байна. Бидний шийдвэр эв нэгдэл, бүтээлч байдалд тулгуурлах ёстой” хэмээн онцолсон юм. “Стратеги” академи Улаанбаатар хотын есөн дүүргийн 1200, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймгийн 1300, нийт 2500 иргэн хамруулсан судалгаа хийж, МАН-ынхан Засгийн газарт орж ажиллахыг дэмжих, эсэхийг тандсан аж. Нийт иргэний 52.6 хувь нь “Зөв” гэсэн хариулт өгсөн байна. Тус намын үе үеийн дарга нар багтдаг Зөвлөхүүдийн танхим ч, бусад шатны намын байгууллагуудаас нь ч дэмжжээ. Зөвшилцөх үүрэгтэй Ажлын хэсгийн гишүүдийнх нь үүрэг ч их байсан биз. Бага хурлыг баасан гаригт хийх ёстой байсан ч АН, МАН-ын Ажлын хэсгүүд зөвшилцөж дуусаагүй байсан тул нэг өдрөөр хойшлуулсан. Өрийн босгыг нэмэхгүй байхаас эхлээд МАН-ын тавьсан шаардлагыг Санамж бичигт тусгаж чадсан учраас Бага хурлаа хийхэд хүндрэл гарсангүй. Ингээд “хувьсгалын тохироо” бүрдэв. Бага хурлын ирц 70 гаруй хувьтай байсан ч хамтраад улс орноо хөгжүүлье гэсэн замыг олонх нь сонгожээ.

Ц.НЯМДОРЖ + Г.УЯНГА + БИЕ ДААГЧ ГИШҮҮД = СӨРӨГ ХҮЧИН

МАН шийдвэрээ гаргасны дараа цахим ертөнцөөр “МАНАН татах нь” гэсэн шүүмжлэл ниссэн. Хэрэгтэй үед МАНАН татах харин ч ашигтай байж болно. Аливааг өөдрөгөөр харах хэрэгтэй шүү дээ. 2008 онд энэ хоёр нам хамтарснаар хөгжилд хөтлөх олон чухал шийдвэр гаргасан. Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын бодлогыг баталсан. Үр дүн нь ч гарсан. Одоо улсын эдийн засаг хямралтай байна. Бүгдээрээ нийлээд, дутуугаа нөхөөд ажиллахад болохгүй юм үгүй. Тэгээд ч зөвхөн АН, МАН биш, ИЗНН, МАХН, МҮАН хамтарна. Өөрөөр хэлбэл, 73 гишүүнтэй “бүдүүн бүлэг” байгуулагдаж байна гэсэн үг. Гэвч МАН, МАХН, МҮАН тус бүрт нэг “эсэргүү” гишүүн байгаа. “МАН-ынхан Засгийн газарт орвол бид сөрөг хүчин болно” гэсэн мэдэгдлийг бие даагч гишүүд хийсэн. МАН Засгийн газарт орвол намаасаа гарна гэж Ц.Нямдорж мэдэгдсэн. Намаасаа гарна гээгүй ч дэмжихгүй байгаагаа МАХН-ын Л.Цог илэрхийлж байгаа.

МҮАН-ын Г.Уянга мөн адил “МАНАН татах”-ыг эсэргүүцдэг. Тэгэхээр тэд хамтраад УИХ-д сөрөг хүчин болох уу гэсэн сониуч асуулт гарч ирж байна. МАН-ынхан Ц.Нямдоржоо өмгөөлж, “Бүдүүн бүлэгт л орохгүй гэсэн болохоос намаас гарна гээгүй” гэж байна лээ. Үнэндээ Ц.Нямдорж намаасаа гараад ч хаачих юм. Ямар МАХН-д элсэлтэй нь биш. Харин Р.Амаржаргал гишүүн шиг Бүлгийн хуралдаа суудаггүй сул нэгэн болох уу. МҮАНын Г.Уянгын хувьд Бүлгээсээ гарахгүй гэдгээ телевизэд өгсөн ярилцлагадаа онцолно лээ. Гэвч “35, 26 гишүүнтэй намууд дунд 11 хүн цөөднө” хэмээн бодож буйгаа хэлсэн. МАХН-ын Л.Цог бас Н.Энхбаяртайгаа таарамжгүй байгаа. Тиймээс үндэсний эв нэгдлийг дэмжихгүй яваа. Тэдний хувьд ирэх өдрүүдэд улс төрийн “цаг агаар” өөрчлөгдөх, эсэхийг харж байя.

САЙД НАРЫН МАРАФОН

Н.Алтанхуягийг огцруулах тухай яриа гарсан үеэс л сайдын марафон эхэлсэн. Шинэ Ерөнхий сайд танхимаа ажлын 14 хоногт бүрд үүлэх ёстой. Энэ сарын 5-нд хугацаа дуусна. УИХ-д суудалтай бүх намд хамтрах урилга хүргүүлсэн өдрөөс, үнэндээ Н.Алтанхуягийг огцруулах асуудал хөндсөн үеэс сайд нарын тохироо эхэлсэн. Тэгэхээр хөшигний ард нэрс тодорч дуусаж буй болов уу. Нэрс тодорч байна гэдэг нь бүтцийн дүр зураг ч бэлэн болсон гэсэн үг. АН-ын хувьд МАН-тай, МАН-гүй гэсэн хоёр хувилбараар сайд нараа ярьж байсан. Тэгвэл одоо эхний хувилбараа сонгочихно, нэрс бараг бэлэн. МАН-ынхны хувьд Шадар сайд дээр нэмээд таван яам авна гэсэн мэдээлэл бий. Тэд ч бас нэрсээ ярьчихсан байх. Мөн ИЗНН-д нэг (С.Оюун улирна), “Шударга ёс” эвсэлд хоёр сайд ногдоно. Шинэ танхим байгуулахдаа “дан дээлтэй” байх зарчмыг Ерөнхийлөгч тавьсан ч эрхэм гишүүд иймэрхүү зүйл дээр хууль зөрчиж, “тэнэгтэхгүй”.

Одоогийн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн сайдаар ажиллах нь нээлттэй учраас тэр. Сайдад дуулдаж буй нэрсийн олонх нь УИХын гишүүн байгаа. Таамаглал удахгүй дуусаж, энэ долоо хоногтоо багтаан Ерөнхий сайд бүтэц, бүрэлдэхүүнийхээ нэрийг өргөн барина. “Бялуу” хувааж, талцах одоо сонин биш. Намын эрх ашгийг хойш тавьж сонголтоо хийсэн улстөрчид үлдсэн хугацаанд эдийн засгаа өөд татахдаа л анхаарах үүрэгтэй. Ерөнхий сайдаас намуудад илгээсэн хамтран ажиллахыг урьсан бичигт Үндсэн хууль, Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хамтдаа өөрчлөхийг хүссэн. Дээрээс нь Оюутолгой, Тавантолгойн төслөө үргэлжлүүлэх учиртай. Зөв бодлого боловсруулж, зөв аргаар ажиллах цаг эхэллээ. АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН хэмээх таван толгой Засгийн газар гэх нэг биед нэгдэн ажиллана. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийг харуулах боломж ирэв. Тэгж чадахгүй бол 2016 онд АН, МАН гэж ялгалгүйгээр сонгогчид дүнгээ тавина.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих