Шийдлийн бус шийдчихсэн хулгайч нарын засаглал болох вий

527-141740229512-1-4_700x700“Арван ембүү харахаараа алгаа тосдог аав уу даа. Хорин ембүү харахаараа хормойгоо тос­дог ээж үү дээ” гэсэн ардын дуу байдаг даа. Ал­бан тушаал гэхээр инээд алдан малилзах  улстөрч­дийг харахаар энэ дуу санаанд ороод байдаг юм.

Сарын өмнө МАН-ын гишүүд хөмсөгөө зангидан “Ам.долларын ханш 1800 төгрөг давчихлаа. Ийм аймаар зүйл энэ насандаа үзсэнгүй” хэмээн үсээ зул­гаах дөхөж байв. Яг өнөөд­рийн байдлаар ам.долларын ханш 1900 төг­рөг болоход хэн ч дуу­гарсангүй, харуусал илэрхийлсэнгүй.

Ам.долларын өсөлт биш АН-аас өгөх албан тушаалын томилгоог л булаалдаж байгаа дуулдах юм. Эх орон сүйрлээ, сэхэхгүй боллоо, элгээрээ хэвтлээ, МАНАН бүү хэл түнэр харанхуй нөмөрлөө, үр хүүхдийнхээ өмнө нүгэл хийлээ. Улс орныг өрийн дарамтанд оруулсан Засгийн газрын Хэрэг  эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцьё гэсэн шүүмжлэлүүд эрс намжлаа.

Албан тушаалын сургаар хатуу ширүүн комуннист шүүмжлэл  аядуу зөөлөн болж  хувирч эхэллээ. Хэвлэлүүдээр “Монголын төрийн хоёр багана болох  МАН, АН ард түмнээ бодох цаг боллоо. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөж ард түмнээ аварья” гэсэн тархи угаалтууд яваад эхэлсэн байна лээ.

Өр зээлийн дарамт, түнэр харанхуй Ерөнхий сайд Н.Алтанхуягтай цуг арилж байгаа хэрэг үү. Өргөн хэрэглээний барааны үнэ  80 хувь хүртэл өссөн, аж ахуйн нэгжүүд 49,2 хувь үйл ажиллагаагаа зогсоосон гэм нүглүүд, АН-ын хууль бус томилогоо, ах дүүгээ ажилд оруулдаг явдал, хэрээс хэтэрсэн авлига, хүнд суртал бороо шиг гэнэт арилчихсан хэрэг үү.

МАН-ын дарга нарын гэнэт олж мэдсэн  талхаа хувааж худалдан авдаг, нохойн хоол дээр ноцолддог иргэдийн амьдрал  өмнөх Засгийн газартайгаа цуг чөтгөр шулам руугаа тонилсон гэв үү. Тэдний хэлээд яриад байсанчлан ард түмнээ ядууруулсан, сүйрүүлсэн, бие биенээ хайр найргүй хутгалсан, бүлсэн  “гэмт этгээдүүд” чинь   АН-ынхан шүү дээ.

Тийм муухай нөхөдтэй хам хэрэгтэн болохоор улайрч эхлэхийн учир юу бэ. Том хулгай, луйвар, гэмт хэргийг нуухын тулд хамтардаг, хяналтгүй болдог тогтолцоо бий болчихоод байгаа юм. Хулгайч, цагдаа, шүүгч гурав нийлээд гэмт хэрэг хийхийг их эвсэл гээд томьёолчиход буруудах зүйлгүй л дээ. Эргээд нэг харья. 2008 онд МАН парламентанд 45 суудал авсан.

Засгаа бүрдүүлээд, бодлогоо хэрэгжүүлээд явах бүрэн бололцоотой байлаа. Ерөнхий сайд С.Баяр Стандарт бус Засгийн газар гэдгийг байгуулах болсноо зарласан.  Хүн аврахын тулд заавар тушаал, хууль дүрэм зөрчих шаардлагатай гэх утгаар тайлбарласан юмдаг.

Стандартын бус Засгийн газар гэгч байгуулагдсанаар  түүхэнд тод хараар үлдэх долдугаар сарын 1-ний хэмээх хэрэг явдал замхарсан гэхэд болно. Стандартын бус Засгийн газарт АН орсноос үүдээд таван залуугийн амь нас, 200 гаруй иргэдийн эрүүл мэнд, олон арван тэрбумын хохирол сураг чимээ тасарсан.

Нэг гэрт орсон авгай нөхөр хоёр нэг нэгнээ муулаад байдаггүй шиг хяналтгүй төрийн гайгаар долдугаар сарын 1-ний хэрэг бүдгэрч тушаал биелүүлсэн албан хаагч нарыг шийтгэсэн болоод өнгөрч билээ.  Стандартын бус Засгийн газраас АН гарч байж энэ хэргийн талаар нэлээдгүй шахалт үзүүлсэн юмдаг.

Үүний дараагаар Оюу толгой, Таван толгойн  төсөл хөтөлбөрүүд батлагдаж үл дуусах  маргаан, зангилааны эхийг тавьсан юм. Үндэстэн дамнасан гадны компаниуд УИХ-аар шийдвэр гаргуулахын тулд улстөрчдөд олон арван сая ам.долларын авлига өгсөн талаар төрийн бус байгууллагууд мэдэгдэж байсан ч тоож сонсох улстөрч цөөхөн байлаа.

Хоёр нам хоолонд орсон шиг орж бие биетэйгээ улам дотно болж ирсэн. Хамтарч хулгай хийх, мэдсэн нэгийгээ матахгүй байх гэсэн бичигдээгүй зарчмууд үйлчилж эхлэв. Тэртээх оных шиг МАНАН үүсвэл Оюу толгойн хуйвалдааны гэрээ дахиад үргэлжилж Таван толгой олигархиудын мэдэлд очно. Н.Алтанхуягийг унагах захиалга гаднаас байж болох өнгө аяс мэдрэгдээд эхэлсэн шүү.

Монголын ард түмэн Засгийн газар унахад харуусч байхад Рио Тинто группын удирдлага баярлан мэдэгдэл хийж байв. Галданбошигтыг нас барахад Манжийн хаан баярлан бүжиглэв гэдэг шиг.

Хоёр нам хамтарч байгаад өнөөдрийн хямрал, өрийн эх үүсвэр болох халамжийг хавтгайруулж өгч билээ.  Эхнэр нөхөр хоёр орондоо орсны төлөө төрөөс мөнгө авч байлаа. Ард түмнээ амыг нь ангайлгаж байгаад хүүхэд төрүүлсний, гэрлэсний, сар бүрийн гэх мэт мөнгөөр угжиж чимээгүй болгоод гадныхантай наймаа хийсэн. Эзэн хаад шиг Эрдэнийн хишиг, өглөг гэх мэтийн нэрээр ард түмэндээ ээлжлэн тарааж байв.

Дараа нь “Их бага ч гэлээ бүгдээрээ идсэн шүү” хэмээн дарамтлах болсон юм. Чоно, нохой хоёр ялгагдахаа байлаа гэдэг шиг хамт байхын жаргал эдэлсэн МАН, АН хоёр бие биедээ уусч сав л хийвэл эвсэлдэх тухай ярьдаг болчихсон юм. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар зарчим дээрээ үнэнчээр зогсч МАНАН байгуулахаас татгалзсан нь бие биеэ санагалзагч  нарт хүнд цохилт болсон.

Энэ хоёр тус тусын хашаандаа л байхад  МИАТ, ТЕГ, ЭМЯ болон улстөрч нартай холбоотой өч төчнөөн хулгай илрэв. Төрөөс хулгай хийсэн асуудалд холбогдсон улстөрчид парламентын танхимд зөндөө байгааг олон нийт  мэдэж авсан. Эхлээд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газраар МАН-ын улстөрчдийг шүүрэн шанага болтол бариулж байлаа.

Тун удалгүй АН дотроо эв эвдрэлцэн хүчний байгууллагаа гурав хувааж аваад өөр хоорондоо байлдаад эхэлсэн. Ийм түгшүүртэй байдалд хэн тэсэх вэ дээ. МАН-тайгаа хамтарч аваад хоолны ширээнд суухыг улстөрчид голдоо ортол хүсэх нь ойлгомжтой шүү дээ.

Хэдхэн хоногийн өмнө МАН-ын удирдлагууд “АН-тай хамтрах бололцоогүй. Тэр тусмаа Монгол Улсыг өрийн дарамтанд оруулсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэв­шүүлэх нь бүү хэл ха­риуц­лага тооцох ёстой” гэж байлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АН өөрсдийн бий болгосон асуудлаа шийдээд ачаагаа үүрээд явах хэрэгтэй. МАН Засагт орохгүй” гэж байлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Салбарын сайдуудтайгаа хариуцлага тооц” гэж зөндөө хэлсэн. Тэдний дунд Ч.Сайханбилэг ч байгаа юм. “АН гараанаас гарахдаа МАН-гүй гарсан. Барианд МАН-гүй орох ёстой” хэмээн мэдэгдэж байв.

МАН-ын дарга М.Энхболд “Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох нь зохимжгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр таван сайдын сургаар барьц алдаж байгаа дуулдах юм. Засгийн газарт ороход таван хүний амь нас, таван сайдын суудал үнэд хүрдэг ч юм шиг.  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН бол нэгдмэл зохион байгуулалттай, нэгдмэл удирдлагатай.

Нэгдсэн нэг шийдвэрийг бүлгийн гишүүд дагаж, мөрддөг, ийм зарчимтай нам. Тийм учраас Удирдах зөвлөлийн эцсийн шийдвэрийг бүлгийн гишүүд дагаж мөрдөнө” гэж мэдэгдсэн.

Эндээс харахад МАН нэгдмэл зарчимтай, удирдлагатай мэт. Гишүүд нь Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг дагадаг гэж ойлгогдоно.  М.Энхболд, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Ё.Отгонбаяр  нарын улс­төрчид нь Засагт хамт­рахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл нөгөө нэгдмэл зарчимтай, удирдлагынхаа үгнээс гардаггүй намын гишүүд таван сайдын суудал руу нүдээ анин дайраад  эхэлсэн дуулдах юм.

Засагт орох сонирхолтой улстөрчид  Бага хурлаараа хэлэлцээд бараг орохоор болсон гэнэ. Энэ нь эргээд хариуцлага хүлээхгүй, эзэн биегүй шийдвэр гаргах гэсэн нүд хууралт юм. Н.Алтанхуягийн Засгийн газрыг үзэн ядагчид түүний үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ зарласан Ч.Сайханбилэгт хайр зарлахын учир юу вэ. “Өлсгөлөн хүн хажуугаас хараад байгаа юм шиг” гэсэн шүлгийн мөртэй адил ямар ч хамаагүй аргаар Засгийн газарт орох мөрөөдөл байв уу гэсэн асуулт дахиад л гарч ирнэ.

Шийдлийн гэсэн нэрийн дор шийдчихсэн хулгайч нарын засаглал тогтох вий дээ гэсэн болгоомжлол төрөх боллоо. Ард түмэн төр засаг, нам эвсэлд итгэхээ байсан. Засаглалын хямрал, хулгай дээрэм даамжирсаар байвал ард түмэн өөр зүйл хүсэх болно. Харин 2016 оны нэгдүгээр сард МАН засгаас гарч, Ардчилсан намыг улс төр, эдийн засгийн хямралын намагт гүнзгийхэн шигтгэж хаяад хариуцлагаас мултарна гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй.

Тогтворгүй байдал, албан тушаалын төлөөх фракциудын дайнаас залхсан олон нийт хүчтэй удирдагчийн эрэлд мордож мэдэх юм. Албан тушаалаасаа салбал амиа алдах мэт айдаг улстөрчид ийм нөхцөл байдал руу ард түмнээ түлхээд байна уу бодол төрөх боллоо шүү.

Г.Дугаржав

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Нэр: зочин Огноо: 2 December 2014

Г.Дугаржав гуай хийж эхлээгүй ажлыг яагаад юугаар дүгнээд байна. Таны эх орныхоо төлөө хийсэн бүтээсэн гийгүүлсэн чинь юусэн билээ? Нэгэнт хувьсгал хийж төр эргүүлж чадахгүйгээс хойш мөрөөрөө мөөмөө унжуулаад явбал барав…

Сэтгэгдэл бичих