Огцорсон дэд сайд Монголыг төлөөлж хөрөнгө оруулалтын чуулганд оролцжээ

О.ЧулуунбатӨнгөрсен сарын 18, 19-нд Хонконгг Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болсон. Дэлхийн санхүүгийн нэг томоохон төв гэж нэрлэгддэг Хонконгт Монголын хөрөнгө оруулалтын чуулганыг жилд нэг удаа зохион байгуулж эхлээд таван жилийн нүүр үзэж байгаа. Эл чуулганд Монгол Улсын Засгийн газрын зүгээс гаднын бизнес эрхлэгчдэд төрөөс баримталж буй бодлого, Төвбанкны зүгээс макро эдийн засгийн төлөв байдал, хувийн хэвшлийн томоохон компаниуд хөрөнгө оруулалт татах төсөл хөтөлбөрийг танилцуулдаг билээ. Харин энэ жилийн Хонконгийн чуулга уулзалт улс төр, эдийн засгийн хүнд нөхцөлд болж өндөрлөлөө. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газар огцорч, шинэ Засгийн газрын байгуулагдах гэж буй улс төрийн таагүй цаг үөд болсон юм. Яг үнэндээ дотоодод, гадаадад ч Хонконгт болох Монголын хөрөнгө оруулалтын чуулганд биш, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэн болоход анхаарч байв.

Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж татан буугдсан Эдийн засгийн хөгжлийн яамны огцорсон дэд сайд О.Чулуунбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Хөрөнгө оруулалтын газрын дарга Жавхланбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нар оролцсон юм. Эдгээр төлөөлөгч нь Монгол Улсын макро эдийн засаг, санхүүгийн сектор, хөрөнгө оруулалтын орчны төлөв зэрэг сэдвээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эдийн засгийг идэвхжүүлэх олон арга замыг танилцуулсан байна.

Гэхдээ гаднын хөрөнгө оруулагчид дээр дурдсан итгэлээс илүү Монгол Улсын өнөөгийн улс төрийн байдлыг сонирхсон байна.Төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2015 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлого батлагдах үеэр “Хонконгт болох Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болохоос өмнө төсөв, мөнгөний бодлого батлагдчихвал хөрөнгө оруулагчдад макро эдийн засгийн төлөвөө танилцуулна. Харин өнөөгийн улс төрийн үүссэн нөхцөл байдлыг хэрхэн тайлбарлаж ярихаа мэдэхгүй байна” гэж хэлсэн юм. Тэгвэл Хонконгт чуулсан хөрөнгө оруулагчдын гол сонирхсон асуулт нь “Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэн болох бол, хэр удаан засаг барьж байгаад огцрох вэ, шинэ Ерөнхий сайд Оюутолгой төслийг урагшлуулах уу” гэдэг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын чуулганд оролцож буй Засгийн газар болон Төв банкны төлөөллүүдийн ярьж байгаа бодлого, төлвөөс илүү улс төрийн талаархи таамаглалыг нь сонсох илүү санагдсан байна. Хөрөнгө оруулалтын чуулганд Засгийн газрыг төлөөлж огцорсон дэд сайдын ярьсан, хэлсэнд итгэх хөрөнгө оруулагч байгаагүй гэдгийг ч эх сурвалж хэлсэн юм. Индэр дээр илтгэл тавих үеэр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан гэж зарлахад дотоодын төлөөлөгчид төдийгүй, хөрөнгө оруулагчдад таатай санагдаагүй байна. Дотоодод улс төр ид бужигнаад Хонконгт болох хөрөнгө оруулалтын чуулганд Засгийн газрыг төлөөлж оролцох хүн олдоогүй бололтой. Уг нь эдийн засаг хүнд байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь илүү амин чухал асуудал байлтай.

 

 

Э.Мөнхцэцэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих