Ц.Нямдорж: АН ядраад ирэхээрээ МАН-ыг түшдэг. Задраад ирэхээрээ манайхныг шоронд хийдэг л нам даа

c5a866ae886eb73doriginalУржигдар хуралдсан МАН-ын Бага хурлын сонин хачин хөвөрч байна. МАН-ынхан Бага хурлаа хийхийн өмнө аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооныхон хуралдсан гэнэ. Уг хурлуудаар Засагт орох нь зөв үү? Бага хурлын гишүүд хурал дээрээ юу ярих ёстой вэ? Намын дотоод ардчилал боловсон хүчний бодлого ямар байгаа гэх мэт олон асуудлыг ярилцсан сураг байна. Ихэнх аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороодынхон Засагт орж ажиллахгүй бол улс орон хэцүүдлээ гэдэг дээр санал нэгджээ. Мөн МАН-ын дарга М.Энхболд Бага хурлынхаа өмнө аймаг, нийслэл, дүүргийн намын хороодынхоо дарга нарыг хүлээн авч хуралдсан аж. Уг хурлаар юу ярьсан нь тодорхойгүй. Хаалттай хурлын нууц хэвээр үлдэв. Ажиглагчдын үзэж байгаагаар бол Засгийн газарт орох нь зөв, буруу хэмээн тунгаан ярилцсан бололтой.

Ийм бэлтгэлийг базаасан МАН-ын Бага хурал нилээд бухимдалтай эхэлжээ. Уг бухимдлыг хөөргөсөн хүн нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж аж. Тэрээр Засгийн газарт орох нь буруу гэсэн байр сууриа зоригтой хамгаалсан гэж Бага хурлын гишүүд мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ц.Нямдорж “АН ядраад ирэхээрээ МАН-ыг түшдэг. Задраад ирэхээрээ манайхныг шоронд хийдэг л нам даа. Ийм намд бид итгээд баасыг нь цэвэрлэж өгөх үү нөхөд өө? АН хэзээ ч туйлбартай байдаггүй. Ийм нам хариуцлагаа хүлээх ёстой гэж манай гишүүд хэлээд байгаа нь үнэн шүү. 2012 онд ялчихаад манайхыг хэрэггүй гэсэн биз дээ. Одоо яагаад гэнэт хэрэг болов? Ер нь АН-ын Засагт одоо орох нь буруу. Хэрэв орохоор болвол нилээд гуйлгаж тартагт нь тулгаж байгаад орох хэрэгтэй” гэсэн утгатай үг хэлсэн талаарх мэдээлэл тарж байна. Хэрэв хаалттай хурал дээрээ ийм үг хэлсэн нь үнэн бол хоёр зүйл харагдана. Нэгд АН-ынхан хэцүү үедээ л манайхыг гуйдаг. Бусад үед үгүй шүү гэдгийг сануулж байна. Хоёрт АН-аар ихээхэн гуйлгаж байж, тартагт нь тулгаж байгаад Засагт орох ёстойг сануулжээ. Энэ хэсэг ихээхэн анхаарал татна. Ц.Нямдорж орж болохгүй гээд байгаа боловч үнэндээ ихээхэн гуйлгаж байгаад орох санаатай аж. Бас АН-ыг тартагт нь тулгаж байгаад хамтрах ёстой гэсэн давхар санаа ч явж байна. Өөрөөр хэлбэл тэрээр наанаа орохгүй гээд байгаа боловч цаанаа жаахан гуйлгах, АН-д зарим зүйлийг ойлгуулах ёстой гэж хэлээд байгаа бололтой. Ямар ч байсан түүний  “АН ядраад ирэхээрээ МАН-ыг түшдэг. Задраад ирэхээрээ манайхныг шоронд хийдэг л нам даа” гэж хэлсэн үг Бага хурлынх нь ихэнх гишүүдэд таалагдсан гэж эх сурвалж тайлбарлав. Мөн Ц.Нямдоржоос гадна Бага хурлын 20 гаруй гишүүн улс орноо бодоод Засгийн газарт орох ёстой гэсэн санааг илэрхийлсэн байна. Санал хураахад Ц.Нямдорж тэргүүтэй цөөхөн гишүүд орох нь буруу гэж гараа өргөжээ.

Бага хурлын өөр нэг содон гишүүн С.Баяр Засгийн газарт орж ажиллах нь зөв гэсэн байр суурийг намынхандаа илэрхийлсэн байна. Тэрээр бид нэг л улс оронтой. Түүнийхээ төлөө хамтраад ажиллах нь зөв. Задарч бутарч биш зөвшилцөж ойлголцож байж л Монгол Улс хөгжинө гэсэн байр сууринаас асуудалд хандсан байна.

24tsag.mn


URL:

Tags: ,

Нэр: Зочин Огноо: 2 December 2014

Би АН-ын дэмжигч, гэхдээ С.Баяр даргын хэлдэг бол зөв шүү, БИД НЭГ ЭХ ОРОНТОЙ. Харин Нямдоржийн хэлдгээр АН-ынхан МАН-ын гишүүдийг ч биш АН-нхаа гишүүдийг ч шоронд суулгадаг. Ялангуяа улс төрийн өшөө авагч Ц.Элбэгдорж мэтийн хүмүүс төрийн хутгуурыг хийж, төрийн төвшитгөх нэрийн дор улсыг хагарган бутаргаж, намуудын эв эеийг эвдэж байна. 4 дэх Ерөнхийлөгч Хууль хяналтын байгууллагыг бүрэн гартаа авлаа. Ард түмэн минь айдастайгаа нүүр тулдаа.

Сэтгэгдэл бичих