Ерөнхий сайд бизнесмэнүүдийг цуглуулж, хямралаас гарах гарц эрэлхийлжээ
Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдоод хууль тогтоох дээд байгууллагын индэр дээр “Эдийн засаг, эдийг засаг, эдийн засаг” гэж онцолж, хувийн хэвшлийг дэмжиж, хамтран ажиллаж байж хүндрэл, хямралаас гарна гэж зарласан билээ.
Тэрээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт 90 орчим бизнесмэнүүдүүдийг хүлээн авч уулзжээ. Хэвлэлийнхнээс хаалттай хийсэн энэ уулзалтад банкирууд, том компанийн боссуудаас гадна жижиг, дунд үйлдвэрийн эзэд, Ажил олгогч эздийн холбоо, Хувийн хэвшлийн үндэсний зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр “Энэ хямралт байдлаас гарахын тулд хэрхэх тухай хөшиггүйгээр ярилцгаая” гэсэн санал тавьсан аж.
Хувийн хэвшлийнхэн бизнес эрхлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэйг дурдаж, юм л бол барьж хорьж, цагдаж мөрддөгөө болих хэрэгтэй. Тэгэхгүй бол зориглож бизнес хийдэг хүн цөөрөх нь. Гадаадынхан ч гэсэн энэ байдлыг харж байгаа. Гаднаас хөрөнгө орууж бизнес хийсэн хэд хэдэн гадаадын иргэдийг байцааж, хил давуулахыг нь хориглож байгаагаас болоод манайд хөрөнгө оруулахаас ч эмээж байна. УИХ, Засгийн газраас боломжийн хууль тогтоомж гараад, хувийн хэвшлээ дэмжиж байгаа, гэтэл хэрэгжүүлэх явцад, дундаас, доод шатны төрийн байгууллагад хүнд суртал дэндүү их, үүнээс болоод хөрсөн дээрээ хэрэгжихдээ тааруу байгааг дуулгажээ. Нэг цонхны үйлчилгээг олршуулж, элдэв төрлийн шалгалтаа багасгаж, хяналт нэрээр ” боловсон дээрэм” хийдэг байдалдаа шинэчлэл хийх цаг болсныг ч хэлсэн байна. Бас нэг ээдрээтэй асуудал байгааг ч Ерөнхий сайдын сонорт хүргэсэн байна. Улаанбаатар хотын бизнесийн орчин, эдийн засгийн бодлогыг улсын бодлоготой уяхгүй бол бие даасан мэт, салангид бодлоготой юм шиг хандлага руу орж байна. Мөн манлай гэдэг том үйлдвэр аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй, тэд чинь араасаа жижиг үйлдвэр, аж ахуйн газраа чирээд явчихдаг. Тэгэхээр бизнес хийх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөөд, хувийн хэвшлийнхний бизнест хутгалдаад хэрэггүй, юм бол төр хувь эзэмшинэ гэдгээ болих хэрэгтэйг сануулжээ.
Оюу толгой, Таван толгойг эргэлтэд оруулж, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжийн оролцоог хангахад бодлогоор дэмжихийг ч хэлсэн байна.
Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдээд явчихвал үүнийг дагаад бизнесүүд дагаад сайжраад ирнэ. Гаднаас ч хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна үндэсний аж ахуйн нэгжүүдийн Оюу толгойтой хамтран ажилладаг ажиллагаа ч нэмэгдэнэ гэжээ.
Монгол Улс 34 хувийг эзэмшинэ гэж өр тавьж байхаар хөрөнгө оруулагчдад өгөөд татвараа сайн аваад явбал илүү гэдгийг ч дурдсан байна. Үнэхээр төрийн хяналт хэрэгтэй гэж байгаа бол гэрээндээ нэг алтан хувьцаа эзэмшиж байхаар, Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй бол тэр хувьцаагаар шийдвэр гаргахыг хориглодог байхаар зохицуулалт хийж болохыг ч онцолсон байна.
Тавантолгой ордын хувьд үндэсний компаниуд менежмэнт хийгээд, дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний компани болгож чадна гэдэг итгэл дүүрэн байгаа аж. Хэрвээ итгэл үзүүлбэл, энэ чиглэлээр хамтран ажиллаж болно гэжээ.
www.times.mn
URL: