Ж.Мөнхбат:Зөвшилцөх уулзалтаар сандал ширээний асуудал огт яригдаагүй

Ж.МөнхбатМАН-ын бага хурал 14.00 цагт хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.  Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн хурлыг Бага хурлаас өмнө яаралтай хуралдуулахаар болсон юм. Түүнчлэн намын бүлгийн хурал дээр Засгийн газарт зөвшилцөх ажлын  хэсгийн ахлахч Су.Батболд гишүүн мэдээлэл өгсөн байна.  Үүний дүнд зөвшилцөл Бага хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй хэмээн үзсэн байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас зарим асуултад хариулт авлаа. 

-МАН ямар асуудал дээр зөвшилцөж чадахгүй байгаа юм. Засгийн газрын бүтэц үү, яамдын асуудал дээр үү?

-Өнгөрсөн даваа гаригт МАН-ын зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс хойш хоёр өдөр буюу 48 цагийн хугацаанд МАН-ын зөвшилцөх ажлын хэсэг хүлээлтийн байдалтай байсан. АН-ын ажлын хэсэг уулзалтын асуудлыг яаравчлаагүй гэж хэлж болно. Уулзалт гурав дөрвөн удаа болсон. Уулзалтын үеэр сайдын ч юм уу, сандал ширээний асуудал огт яригдаагүй. Эдийн засгийн хямралаас яаж гарах вэ, улс төрийн хямралыг цааш үргэлжлүүлэхгүй байх гэх байр суурийг МАН барьж байгаа. Бидэнд Засгийн газрыг гацаах гэсэн асуудал байхгүй.

-Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болох үед МАН дэмжээгүй, зөвшилцөх саналын хариуг удаашруулж байгаа нь ямар учиртай вэ?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг дэмжихгүй гэдэг Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцоогүй. Зөвшилцөх асуудлыг МАН-аас тавиагүй. Нэгэнт зөвшилцөх бичиг ирсэн учраас бид бүхэн улс төрийн ёс суртахууны үүднээс хандаж байна. Түүнээс бус МАН Засаг орох гэж улайрч зүтгээд байгаа зүйл огт байхгүй. Намын дүрмийн дагуу зөвшилцөх албан бичиг ирсэн тохиолдолд МАН-ын бага хурал шийдвэр гардаг.

-Бага хурал хэдийд хуралдах бол?

-Тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

 

 

Д.Анар 


URL:

Сэтгэгдэл бичих