МАХН-ынхан МАН-ыг халз мэтгэлцээнд дуудав

Хэвлэлийн хүрээлэнгийн цагаан байшин өчигдөр МАХН, МАН-ын хэрүүлийн талбар болж хувирав. 12.00 цагт МАХН-ынхан, 14.00 цагт МАН-аас мэдээлэл хийсэн юм. МАХН-ын Бага чуулган өнөөдөр болох тухай ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тэргүүтэй хүн мэдээлсэн. Тэдний нэрийг МАН булаацалдсан хэвээрээ байгаа тул хэн нь ялахаа үзэж, тус намын Удирдах зөвлөлийнхнийг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа тэр мэдэгдсэн юм. Тэгвэл МАН-ынхан Дээд шүүх МАХН-ыг бүртгэснээрээ найман хууль зөрчсөн, тэр тогтоолоо хүчингүй болгооч гэсэн гомдлыг Ерөнхий шүүгч Ц.Зоригт явуулснаа ярив. Гомдлыг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү нар гаргажээ.

12.00 цаг: МАХН-ын цаг эхлэв. Намын нэрээ бүртгүүлж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлснээс хойш анхны бага чуулган нь өнөөдөр болох аж. Хуралдааныг өргөтгөж нийт 200 гишүүнтэйгээр хийх гэнэ. Уг хурлаар МАХН-ын мөрийн хөтөлбөр, МАХН-ыг үүсгэн байгуулсан онц их хурлаас гаргасан тогтоолын хэрэгжилт, Гүйцэтгэх товчооноос боловсруулж, бага чуулганаар батлуулах ёстой дүрмийн өөрчлөлт, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм байна. Үүнээс гадна намыг нь байнга хагалан бутаргахыг оролдож буй учир “Онц нөхцөлд ажиллах төлөвлөгөө”-гөө батлах юм билээ.

МАХН-ын мөрийн хөтөлбөрт эх орныхоо газар нутаг бүрэн эсэх талаар тооллого явуулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлого болон шударга ёсны хувьсгал хийх үзэл баримтлал боловсруулах, ногоон, аюулгүй хот бий болгох, “Оюутолгой”-н төслийг улс оронд ашигтайгаар өөрчлөх, хүний эрхийн орон тооны бус зөвлөлийг дэргэдээ байгуу лах гэх мэт асуудлыг хөнджээ. Бага чуулганд намын дарга Н.Энхбаяр “Улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавих гэнэ. Тус намын дэд дарга Ц.Шинэбаяр албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Энэ асуудлыг Бага чуулганаар хэлэлцэн шийдэх юм байна.

МАХН одоогоор дөрвөн нарийн бичгийн даргатай. Гэтэл Л.Цогоос бусад нь мөн л намаасаа гарах тухайгаа хэвлэлээр мэдэгджээ. Энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Албан ёсоор бидэнд мэдэгдсэн хүн нэг ч байхгүй. Гэхдээ хэвлэлээр тэгж ярьсан байна лээ. Өнгөрсөн зургаан сарын турш бид хүнд, хэцүү зам туулсан. Одоо үргэлжлүүлэх хүсэл, зориггүй хүмүүсийг бид албадахгүй. Гишүүд дотроосоо нарийн бичгийн дарга нарыг сонгосон. МАХН 2-3 хүнээр дутахгүй, хотойхгүй. Ер нь Онц их хурлаас хойш манай намыг хагалан бутаргах зорилгоор зориуд шургуул сан “алтан шагайтнууд” бидний дунд байгаа. Дүрмээ ч уншаагүй тэр хүмүүс манай үзэл баримтлалыг дэмжиж орсон уу, өөр зорилго агуулж байсан уу гэдгийг цаг хугацаа харуулна” гэлээ. Нэрний тухайд “Бүх зүйл хуулийн хүрээнд. Энэ асуудлаар манай Гүйцэтгэх хорооноос МАН-ын Удирдах зөвлөлийнхнийг халз мэтгэлцээнд урьж байна” гэсэн юм.

14.00 цаг: МАН-ын Ёс зүйн болон Хяналтын ерөнхий хорооны дарга нар цуглав. Мөн НАМЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэмэгджээ. Өнгөрсөн зургадугаар сарын 27-нд гаргасан Дээд шүүхийн 07 тоот тогтоол Иргэний хуулийн “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төстэй байж болохгүй” гэсэн заалтыг, Улс төрийн намын тухай хуулийн 15.6 болон Улсын бүртгэлийн тухай гэх мэт найман хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлийг тэд дэвшүүлсэн байна. Мөн “МАН бол МАХН-ын зүй ёсны үргэлжлэл мөн” гэсэн дүрмийг нь Дээд шүүх хүлээн зөвшөөрч бүртгэсэн атлаа дараа нь үүнийг зөрчсөн шийдвэр гаргасан гэнэ.

Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал өөрөө түүнийг хүчингүй болгохоор Үндсэн хуульд заасан аж. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог “ Дээд шүүх хуульд тайлбар хийх эрхтэй. Гэвч нийт гишүүний гуравны хоёрын саналаар тайлбар гаргадаг. Гэтэл гурван шүүгч л хууль тайлбарлаад МАХНыг бүртгэх тогтоол гаргасан. Тиймээс уг тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй” гэлээ. Улс төрийн намын тухай хуулийн 15.6 заалтаар Цэцээс тайлбар хүсээд өгсөн дүгнэлтээс нь эсрэг шийдвэр гаргасан аж. Гомдлыг нь хэрхэн шийдэхээс шүүх засаглал шинэчлэгдэх чад вартай үгүйг МАН харна гэнэ. Хэвлэлийн хуралд оролцсон Д.Оюунхорол гишүүн “МАХН-ын нэрийг МАН болгож өөрчлөх хуралд Н.Энхбаяр дарга суусан. Ардчилсан нийгэмд шийдвэрийг олон хоороо гаргадаг. Тэр манай намын дарга байхдаа ч нэрээ МАН болгох талаар ярьж байсан. Гэтэл одоо эсрэг зүйл хийж буй нь улстөрчийн ёс зүйгүй байдлыг харуулж байна” гэлээ. МАХН-аас халз мэтгэлцэх талаар албан ёсны санал ирээгүй, ирүүлбэл хүлээж авна хэмээн Л.Дондог хариулсан.

С.ТУУЛ


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих