Үнэнч нөхөрлөлийн билэг тэмдэг – Нохой
“Амазоны явган аялал” цуврал тэмцээнд оролцож явсан Шведийн баг тамирчид Эквадорын ширэнгэн балар ойд нохойтой таарч, түүний үнэнч нөхөрлөлийн ач тусыг авна гэдгээ огт төсөөлөөгүй явлаа.
Өдрийн аялалдаа ядарч, сульдсан тамирчид оройн хоол, ундаа бэлтгэн амарч байхдаа тэдэнтэй нэгэн адил ядарч, өлссөн,тэднийг өмөг түшиг хүссэн харцаар ширтэн зогсох нэгэн эзэнгүй нохойг олж харжээ.
Түүнийг өрөвдсөн тамирчин Микаэл Линднорд өөрийн нормын котлетны махнаасаа тасалж, түүнтэй хувааж идсэн байна.
Маргааш өглөө нь тэднийг аялалаа цааш үргэлжлүүлэхээр хөдөлтөл тэрхүү нохой тэднээс салж хагацахыг хүсэхгүй байгаа нь илт байлаа.
Ядарч сульдаад зогсохгүй гэдэс нь хонхолзох тэрхүү амьтан эхний үед байгалийн хүнд нөхцөлд аялаж буй багийн араас хол тасралгүй дагаж явсан бол хэдэн өдрийн дараа хүч тэнхээ нь сэргэж, найз нар минь бүү хоцор, зүтгээд бай гэх шиг багийн өмнө гарч тэднийг уриалан, зүг чигийг нь газарчлан явах болсон байна. Тэд найзаа Артур гэж нэрлэн, багийнхаа нэг гишүүнээр бүртгэж авсан аж.
Зарим тохиолдолд нохой битгий хэл, тусгай бэлтгэлтэй хүн ч нэвтэрхийн аргагүй ой ширэнгэ, амь насанд аюултай бартаа саадыг Артур яаж ийгээд туулж чаддаг байв.
Энэ бүхний эцэст Артур өөрийн багийн хамт балар ширэнгэн ойн явган аялалын 692 км замыг туулж чадсан байна.
Тус Шведийн багийнхан энэ бүхний эцэст үнэнч анд Артураа орхиод явж зүрхлээгүй бөгөөд түүнийг Швед рүүгээ авч нисжээ.
Нисэх буудалд тэднийг тоссон сурвалжлагч нарын асуултад: -“би Эквадор луу дэлхийн аварга болох зорилготой явсан боловч, харин үүний оронд өөрийн үнэнч анд нөхрөө оллоо” хэмээн Микаэл ам бардам хариулсан байна
URL: