Ц.Нямдоржийн “Адууны хулгайд хамт явахгүй” байх шалтгаан

Ц.НямдоржХэрэв Засагт хамтрах тухай Ч.Сайханбилэгийн хадагийг МАН хүлээн авч МАНАН үүсгэх бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж бүлгээсээ гарна гэж мэдэгдээд байгаа. Ийм саналтай гишүүд нэгээр тогтохгүй, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр гэхчилэн хэд хэдэн хүний нэр  дуулдаж байна. Хэрэв ийм эвслийн Засгийн газар байгуулагдах  дээрээ тулбал улс төрийн хоёр том хүчнээс гадна МАХН, МҮАН, ИЗНН гэхчилэн олон амталгаатай “набор” болно.

УИХ-ын дарга З.Энхболд нэгэнтээ сөрөг хүчингүй эрх баригч гэж байж болохгүй гэсэн нь бий. Энэ ч парламтентын эрүүл саруул байдалд нэн тустай байх. УИХ-д суудалтай намууд нэгдэж нийлж тэр “Шийдэл”-ийнх гэж томъёолоод байгаа Засгийн газраа байгуулах дээрээ тулбал бие даагчид сөрөг хүчний орон зайг нөхнө гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ МАН Засагт орсон  нөхцөлд “Шударга ёс” эвслийнхэн тойргийн гадна жийгдэж, суудал өнцөгдөж мэдэхээр нөхцөл байдал үүснэ. Учир нь  асуудлын зангилаа гарт нь байгаа болохоор МАН том юмны сураг ажиг,  болзолтойгоор Засагт орж ирж,  хоймор нь биш юмаа гэхэд баганаас хойш суудал руу зүтгэнэ. Юу болохыг  ойрын өдүүдийн хэрэг явдал харуулах учир энэ тухай түр түдгэлзье.

МАНАН-тахыг хамгийн их эсэргүүцэж байгаа Ц.Нямдорж хэрэв 73 гишүүнтэй бүдүүн манан үүсвэл бүлгээсээ гарна гэдгээ мэдэгдэж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар асуудал дээр намуудтай “хуйвалдах” гэж байгаа талаар нэлээд ноцтой гэмээр ярилцлага өгсөн. Харамсалтай нь энэ ярилцлагыг цахим сайтуудаас устгачихсан байна билээ.

Баасан гаригт хуралдах МАН-ын бага хурлын дараа Ц.Нямдорж намаасаа гарах эсэхээ мэдэгдэнэ гэлээ. Тэр бол хэр баргийн юманд хөлбөрч гулгаад байх хүн биш. Хатуу чанга бас тууштай. Тэгэхээр асуудал ямар хэмжээнд ноцтой байгаа, цаашид улс орны эрх ашигт хэрхэн нөлөөлж  болохыг түүний энэ мэдэгдэл илэрхийлж байгаа юм.

Улс төрийн гал тогоонд олон жил “чанагдсан”, мэдээллийн эх булаг дээр байгаа УИХ-ын гишүүний амнаас унаж байгаа үг бол таамаг, хувилбар биш гэдгийг тодотгох учиртай байх. Эрхэм гишүүний хэлснээр Ч.Сайханбилэгийн эдийн засгийг эрүүлжүүлэх гол эмчилгээ нь өрийн таазыг өндөрсгөх явдал байх гэнэ. Өрийг нэмэгдүүлэхийг хамгийн их эсэргүцэгчид нь МАН-ынхан байсаар ирсэн. Одоо тэд хамтарвал солгой өнгөөр дуугарахгүй болно.

Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгойн төслийг урагшлуулах тухайгаа УИХ-ын чуулган дээр хэлсэн талархлын үгийнхээ үеэр  мэдэгдсэн. Урагшлуулах нь сайн хэрэг ч арга хэлбэр нь их өнгөлөн далдлагдсан гэдгийг эрхэм гишүүн ярилцлагадаа онцолсон байсан. Тухайлбал, Оюутолгойн төслийг үндсэндээ хөрөнгө оруулагчдын санал ташаалаар шийдвэрлэж, нэг үгээр хэлбэл тэдний аманд багтаж, алганд өнхрөх бололтой.

Харин Тавантолгой төслийг менежментийн хувьчлал гэсэн малгай өмсгөж байгаад хувийнхны гарт атгуулахаар төлөвлөж байгаа аж. Дуулдаж байгаагаар Тавантолгойн шинэ эздээр МАК, Энержи ресурс, Ажнайгийн бага Тавантолгой гурвын аль нэгийг тодруулах асуудал бүр Шинэчлэлийн Засгийн газрын үеэс яригдаж байгаа гэнэ.

Энэ бүхэн бол Ч.Сайханбилэгийн одоогоор ил болоод байгаа нууц төлөвлөгөөний зарим хэсэг нь. Тэрбээр  хамтарч байгаад халгаж хулгасан  асуудлаа шийдвэрлэе гэж  улс төрийн хүчнүүдийг уриад байгаагийн учир энэ байх нь. Хамтарч байгаад боорцогоо чанавал хожим хойно хэн хэндээ хал балгүй,  эргээд бууж мэдэх хариуцлагыг эзэнгүйдүүлэх  хамгийн сайн арга гэж тооцож байгаа бололтой. Тэгээд энэ шийдвэрүүдээ их “Зовлонтой” хэмээн нэрлэсэн. Үнэхээр зовлонтой шийдвэрүүд мөн л дөө. Учир нь энэ бүхэн улс эх орны эрх ашиг гэхээсээ илүүтэй хэсэг бүлгийн сонирхлыг түлхүү  илэрхийлж байгаа  болохоор тэр. Чухам ийм харалган шийдвэрт тэр гар дүрэхгүй, ард түмнийхээ эсрэг ийм  шийдвэрт намынхныгаа оролцуулахгүй гэсэндээ өдий олон жил заяа замналаа холбосон намтайгаа “салах ёс” гүйцэтгэх дээрээ тулаад байж мэдэх юм.

Ц.Нямдоржийн  “Адууны хулгайд хамт явахгүй” байх шалтгаан энэ ажгуу.

П.Ядам /Zindaa.mn/


URL:

Нэр: зочин Огноо: 29 November 2014

шудрага эр

Нэр: зочин Огноо: 30 November 2014

Өөрийг нь сайд болгохгүй гэж айгаад л шантаажилж байгаа нь тэр өөр юм байхгүй

Сэтгэгдэл бичих