ЭМЯ-наас 2013-2014 онд хийгдсэн ажил болон эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилтийн талаар тайлагналаа
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан өглөөний цайтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвал болон ЭМЯ-ы газрын дарга нар оролцсон юм. Уг уулзалтаар Эрүүл мэндийн яамны 2013-2014 онд хийж бүтээсэн ажлын тайлан, эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилтийн талаар танилцуулсан билээ.
Түүнчлэн дэлхий дахинаа анхаарал татаад байгаа Эбола вирусын талаар мэдэгдэл хийж мэдээлэл өгсөн юм . Мөн өнөөдрийн байдлаар нийгэмд тулгараад байгаа хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцсан нэгэн өдрийн уулзалт боллоо.
Энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 16001 хүн өвчилж, 5738 буюу 36 хувь хүн нас бараад байна. 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ. Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч байгаа бол Сырра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 гаруй батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдээд байгаа.
Эбола вирусээр нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж үүнээс 340 нь буюу 57% хувь нь /хүн/ нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 8 шинэ тохиолдол, 11 нас баралтаар нэмэгдсэн байна. Дээрх вируст халдвар тархаад байгаа 9 орноос монгол улсад гурван хүн аялаж ирсэн байна. Эрүүл мэндийн яам энэ бүхнийг анхааралдаа авч ажиллаж, урьдсилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байгаа гэнэ. Мөн тун удахгүй Манай орны энхийг сахиулагчид болох 68 хүн эх орондоо ирэх гэж байгаа аж. Тэд хэдийгээр эбола вирусын өвчний голомт болох Сырра Леон улсад ажиллаагүй боловч эрүүл мэндийн үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд тусгайлан эмчилгээ хийж сэргийлэх арга хэмжээг авна гэж ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Түүнээс гадна ард иргэдийн дунд хүлээлт үүсгээд нийслэлийн 3, 4-р төрөхийн барилгын асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Төрөх эмнэлгүүдийн ачаалал өндөр түвшинд байгаа нь үнэн. 3,4-р төрөхийн барилгын ажил ч мөн адил удаашраад байгаа нь үнэн. 3-р төрөх эмнэлгийн барилгын ажлын хувьд санхүүжилтгүйн улмаас түр зогссон байгаа. Үүний санхүүжилт 2015 оны төсөвт батлагдсан. Удахгүй барилгын ажил эхлэнэ. Харин 4-р төрөх эмнэлгийн барилгад анх 19 тэрбумын төсөв баталсан. Гэвч төсөв хүрэлцээгүйн улмаас барилга одоог хүртэл ашиглалтанд орохгүйгээр “царцаад” байна. Тус барилгыг царцаасан барилгын тоонд оруулсан. Эмнэлгүүд ашиглалтанд орох боломжгүй болсон нь Улс төрчдийн буруугаас болж байна” хэмээлээ.
URL: