Ерөнхий сайдын томилгоо МАН-ын Бага хурлын шийдвэрт нөлөөлөх үү
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдааныг хуралдуулж зарим томилгоо хийв. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдоод удаагүй тэрээр анхны томилгоогоо хүчний байгууллагаас эхлэв. Тодорхой хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Б.Билэгт, Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын даргаар Р.Чингис, Татварын ерөнхий газрын даргаар Б.Ариунсанг тус тус томиллоо. Үүнээс Тагнуулын ерөнхий газрын даргын томилгоог өөрийн эрх мэдлийн хүрээнд хийсэн гэж харж болох ч бусад нь Ерөнхий сайдын хувьд гэнэтийн, бас арай л яарсан шийдвэр байв. Товчхондоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуучин танхимынхаа үүрэг гүйцэтгэгч сайд нарын хамтаар шинэ Засгийн газрын зарим томилгоог хийлээ. Шинэ Засгийн газрын агентлагуудыг удирдахаар болсон эрхмүүдийг товч танилцуулахад Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурц Тагнуулын ерөнхий газрыг толгойлох болсон нь цаанаа шалтгаантай байж болох. Учир нь, түүнийг АТГ-ын дэд даргаар ажиллаж байх хугацаанд улс төр, бизнесийн томоохон бүлэглэлтэй холбоотой олон хэргийг тус газраас шалгаж, заримыг нь шүүхээр шийдвэрлэсэн. Үүгээрээ тэр олон дайсантай болсон. Хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс төсвийн мөнгө угаасан хэргээр гурван сар хорьсон нь АТГ. Тиймээс Б.Хурцыг “хамгаалж”, АТГ-аас ТЕГ руу татсан байх талтай.
ШШГЕГ-ын даргаар томилсон Б.Билэгтийн хувьд өмнө нь ТЕГ, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Сүүлд ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа салбарын сайдынхаа хэрэгжүүлж байгаа бодлогын эсрэг ажилласан гэж үзэн Засгийн газрын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлеөөлсөн байдаг. Гэвч Б.Билэгт энэхүү шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар шүүхээс түүний гомдлыг хэлэлцээд ажилд нь буцаан томилох шийдвэрийг гаргасан ч Засгийн газраас давж заалдаад байгаа билээ. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Б.Билэгтийг ШШГЕГ-ын даргаар томилсноор шүүх дээр яваа маргааныг давхар тасалж байгаа бололтой, Нөгөөтэйгүүр, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, шинэчлэлээ үргэлжүүлж ажилласан тохиолдолд Б.Билэгт салбарынх нь харьяа агентлагийг дахин толгойлохоор болж байна.
ЦЕГ-ын даргаар томилогдсон Р.Чингис өмнө нь Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан нэгэн. ЦЕГ-ын даргад нэр нь байнга яригддаг ч хөдөө орон нутагт ажиллаж үзээгүй, бизнесийн тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг гэх шүүмжлэл Р.Чингисийг үргэлж дагадаг. Гэхдээ Ерөнхий сайд шинэ Засгийн газрынхаа ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг ийнхүү томиллоо. Хамгийн гол нь, ЦЕГ-ын даргыг томилох бүрт халаа сэлгээ энэ байгууллагад бүтцийн өөрчлөлт нэрийн дор явуулдаг нь нууц биш. Тухайлбал, Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар анх томилоход хэлтсийн даргаас эхлүүлээд олон газрыг бүтцийн өөрчлөлтөд оруулж сэлгэсэн. Дараа нь Б.Билэгтийг чөлөөлж С.Баатаржавыг томилоход мөн л томилгоо хийсэн. Гэтэл үүрэгт ажлаа аваад гуравхан сар болж байгаа С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг томилсон нь цагдаад дахин халаа, сэлгээ хийхгүй гэсэн баталгаа байхгүй билээ.
Тагнуулаас татвар руу буурь сэлгэсэн Б.Ариунсангийн тухайд “Алтангадас” фракцынх. Бас түүнийг экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “гарын хүн’ гэдэг. Товчхондоо Б.Ариунсан үзэл бодлоороо ч, хэтэвчээрээ ч Н.Алтанхуягтай салшгүй холбоотой бололтой юм. Тэд чацарганы наймаагаар ганзага нийлдэг бол Б.Ариунсангийн төрд өндөр албан тушаал хашиж байсан бүхий л үе нь мөн Н.Алтанхуягтай холбогддог. 1996-2000 онд “Ардчилсан холбоо эвсэл” Засгийн эрх барьж байх үед Н.Алтанхуягийг ХААҮ-ийн сайд байхад Б.Ариунсан Улсын хангамжийн газрын дарга байв. 2004 онд “Их эвслийн” Засгийн газарт Н.Алтанхуяг Сангийн сайдаар ажиллаж байхад харьяа агентлаг Татварын ерөнхий газрын дэд дарга нь байлаа. Харин 2008 онд Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайдаар томилогдоход Б.Ариунсан ЭБЭХ-ний дэд сайдаар очиж байв. Харин 2013 оны сүүлчээс ТЕГ-ын даргаар ажиллаж байсан тэрээр Татварын ерөнхий газартаа эргэн ирж байна.
Шинээр Засгийн газрын зарим агентлагийг удирдахаар болсон эрхмүүдийг товч танилцуулахад ийм байна. Уг нь Ерөнхий сайд болсныхоо дараа тэрээр өөрийн танхимаа УИХ-д суудалтай бүх нам эвсэлтэй хамтарч бүрдүүлэх саналаа хүргүүлсэн. Нэг ёсондоо Үндэсний эвсэл нэгдлийн Засгийн газар байгуулах замаар үүсээд байгаа эдийн засгийн хямралыг даван туулах саналыг Ерөнхий сайд бусдадаа илэрхийлсэн нь энэ. Энэхүү зөвшилцөл одоо ч үргэлжилж буй. Ялангуяа сөрөг хүчин МАН-ынхан энэ асуудлыг хэлэлцэх явцдаа дотроо хоёр хуваагдсан талаарх мэдээлэл бий. Тэдний нэг хэсэг нь засагт орж ажиллахыг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь үлдсэн хугацаанд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгээд явах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тиймдээ ч өнөөдөр болох МАН-ын Бага хурлаас Засгийн газарт хамтрах эсэх эцсийн шийдвэрийг гаргахаар болоод байна.
Ийнхүү УИХ-д суудалтай бүх нам, эвсэлд санал хүргүүлж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах зөвшилцөл явж байгаа энэ үедЕрөнхий сайдын гэнэтийн томилгоо бусад нам, эвсэлд хэрхэн нөлөөлөх бол. Тэр тусмаа сөрөг хүчин МАН-ынханд. Учир нь, засагт хамтрахгүй гэсэн байр суурьтай байгаа МАН-ын гишүүд Ерөнхий сайдын энэхүү томилгоон дээр дөрөөлж улам гэдийх талтай бол дэмжиж байсан хэсэг нь бодлоо өөрчлөхийг ч үгүйсгэх аргагүй юм.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: