МАН-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮДЭД

20131101115402Эрхэм хүндэт МАН-ын бага хурлын гишүүдээ!

            Үүсэн байгуулагдсан цагаасаа Монголын ард түмний сайн сайхан амьдрал, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн түүхэн уламжлалтай МАН, түүний мянга мянган гишүүд, дэмжигчид болон намын бага хурлын гишүүд та бүхэнд XYII жарны “Ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 4-ний өдрийн барилдлагатай өлзий бүрдсэн шарагчин үхэр өдрийн мэндийг дэвшүүлье.

 

Бидний эх орон Монгол улсыг маань бурхан тэнгэр ивээн тэтгэж, байгалийн гамшиг, зуд зурхангүй, сүргээрээ эсэн мэнд, ард олон маань   элгээрээ энх амгалан байгаа ч эх орны маань улс төрийн нөхцөл байдал гүн гүнзгий хямралд орж, эдийн засгийн байдал асар ихээр хүндэрч, ард иргэдийн маань аж амьдрал доройтох өнгө аяс, төлөвтэй 2015 оныг угтахаар толгой гудгар, сэтгэл санааны дарамттайгаар түмэн олон, мянга мянган сонгогчид чинь өдөр хоногийг итгэл муутай өнгөрөөж байна.

 

Ийнхүү улс төр, эдийн засаг хямарч хүндэрсэн, ялангуяа Засгийн газраа бүрдүүлж чадахгүй байгаагийн улмаас төрийн ажил цалгардаж, шийдэх ёстой олон асуудал хүлээгдэж буй энэ хүнд нөхцөл байдлаас гаргах асуудалд улс төрийн хамгийн туршлагатай, олон жил төр барьсан тулхтай улс төрийн хүчний хувьд Монгол Ардын Намыг ихээхэн анхааралтай хандаж, УИХ дахь намын бүлэг болон Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэн гишүүдийнхээ санал бодлыг сонсож, Монгол Улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан, олон жил төр, засаг удирдсан туршлагатай зөвлөхүүдтэйгээ зөвлөлдөн олон талаас нь уг асуудлыг ул суурьтай авч хэлэлцэж байгаад бид талархаж байна.

 

Монгол улсад нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, нийгмийн тайван байдлыг хангах, баялаг бүтээх үйлсэд голлон оролцох үүрэгтэй төрийн бус байгууллагуудын хувьд Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоод мөн л эх орныхоо улс төр, эдийн засгийн хямрал хүндрэлд санаа зовж, энэ талаарх гишүүд дэмжигчдийнхээ байр суурь саналыг Та бүхэнд уламжлан дамжуулах нь зүйтэй гэж үзэж энэхүү сонордуулгыг хүргэж байна.Үүнд:

 

1. МАН шинээр томилогдон ажиллах Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, төрийн ажлын өндөр туршлагатай ажилтнуудаа томилон ажиллуулж улс орноо хямрал, хүндрэлтэй нөхцөл байдлаас гаргах, эрхэм хариуцлагатай үйлсэд бусад улс төрийн хүчнүүдтэй хамтран ажиллах нь танай намын эрхэм зорилтуудын нэг гэж бид үзэж байна. Ийм шийдвэрийг танай намын Удирдах зөвлөл, намын бага хурал гаргаж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

 

2. Эх орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө хамтран ажиллах ухаалаг улс төрийн шийдвэр гаргахыг түүх, цаг үе шаардаж байна (Танай хоёр нам өнгөрсөн сонгуулийн хугацаанд (2008-2012 онуудад) хамтран ажиллаж Монголын эдийн засгийн 17-23 хувийн өсөлтийг бий болгож чадсан, улс төрийн тогтвортой байдлыг хадгалан олон улсын тавцанд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, гадаадын хөрөнгө оруулалтыг асар ихээр татсан, манай улсын дэлхийд өрсөлдөх нэр нүүр болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг шийдвэрлэн эхлүүлж, хамгийн олон ажлын байр бий болгож байсан зэрэг олон амжилт гаргаж байсан).

 

3. Хэрэв энэхүү түүхэн үед, цагийн амьдралаас урган гарч буй шаардлагыг умартан, хамтран ажиллах хариуцлагаас татгалзан, уснаас хуурай гаргана хэмээн хөнгөн, өнгөц бодвол ихээхэн эндүүрэл болох бөгөөд ард иргэд танай намд сэтгэл дундуур үлдэнэ гэдгийг Та бүхэн гүнээ ухамсарлан ойлгож байгаа гэдэгт бид найдаж байна.  Өнөөдөр үүссэн хүндрэлийн хариуцлагыг сөрөг хүчний хувьд ч, орон нутгийн удирдлагын тодорхой хэсгийг танай намын гишүүд удирдан ажиллаж байгаагийн хувьд ч МАН хуваалцах түүхэн хариуцлага, үүргээсээ бултан гарах боломжгүй цаг үеийг улс төрийн хамгийн туршлагатай хүчин ойлгох буй заа.

 

4. Та бүхэнд Монгол улсын хөгжил цэцэглэлтийн төлөө нэг намын эрх ашиг, амбицтай гишүүдийн хувийн үзэл бодол байр суурьт үл хөтлөгдөн, дараагийн сонгуульд цэвэр байж ялах гэсэн гэнэн хөнгөн мөрөөдөлд хөтлөгдөлгүй нэг засгийн газарт хамтран ажиллаж  улс орноо эдийн засгийн хямралаас гаргах, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө улс төрийн туршлага, оюун ухаан, МАН-ын хүний нөөцийн чадавхийг зориулан ажиллахыг Та бүхэнд уриалж байна.

 

МАН-ын бага хуралд амжилт хүсье.

 

МАН-ын бага хурлын гишүүдийн оюун хурц, ухаан цэлмэг, шийдвэр мэргэн байх болтугай.

 

 

 

 

 

Монголын ажил олгогч эздийн                           Монголын Үйлдвэрчний Эвлэлийн

Нэгдсэн Холбоо                                                           Холбоо


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих