АН-ын таван толгой
Үзэл бодол, сонирхол, хоббигоороо нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийг фракц гэж нэрлэдэг ч Монголын улс төрд хөрвүүлвэл албан тушаалын төлөөх бүлэглэл болж уншигдана. Тэр бүлэглэлд сайд, сандал, ширээ булаацалдахаас өөр бодлогын өрсөлдөөн байдаггүй нь харамсалтай. Фракц гэх хэдхэн хүн, тэднийг аялдан дагалдагчдын бүлэг энэ цагийн Монголын төрд тавуулаа зэрэгцэн гарч улс орноо эдийн засаг болоод улс төрийн гүн хямралд живүүлж буйг хүн бүр мэддэг болжээ. Зөвхөн УИХ ч биш Засгийн газар, цаашлаад улсыг таван фракцад хуваан авсны жишээ бол Ардчилсан намын доторх таван фракц юм.
Шуудхан нэрлэвэл Х.Баттулгын зохицуулдаг МоАХ, Ц.Баярсайхан даргатай МҮДН, экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Алтан гадас”, намын шинэ дарга З.Энхболдын “Шонхор”, Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын дарга Б.Бат-Амгалангийн удирддаг “Нэг ардчилал” юм.
Ардчилсан нам бол улс төрийн хүчин биш хэдхэн хүн, тэднийг дагалдан баясагчдын албан тушаал хувааж авахдаа цугладаг дээвэр гэхэд хилсдэхгүй болов. Дээр нэр дурдсанаас гадна одоогийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд байсан Д.Нямхүү нарын харъяалагддаг “Кроун” гэдэг том фракц байлаа. Гэвч энэ фракц улс төрөөс арчигдсан. Удирдагч нь хүчгүй, албан тушаалгүй болчихоор дагалдагчид нь бусад фракц руу хуваагдан орж бялуу хүртсэн юм. Тэд голдуу МҮДН, “Алтан гадас” фракцийн нэрээр албан тушаалд очсон юм билээ. Мөн одоогоор намд, улс төрд албан тушаалгүй Батж.Батбаяр, нийтлэлч Баабар нарын “Зүүн хойд Ази” гэх фракц ч устсан. Тэдний дунд Гадаад харилцааны сайд асан Л.Болдыг нэрлэдэг ч тэр “Алтангадас”-ынх бөгөөд эдний квотоор сайд болсон юм.
Хамгийн сүүлд АН-д анх удаа жигүүр ургасан ч А.Мурат нарын 2-3 удирдагчид нь албан тушаал өгснөөр дуугүй болгосон. Мөн энэ намын хэсэг бүлэг хүмүүс нийлж клуб, төрийн бус байгууллага байгуулж хэлбэрээ өөрчилсөн ч эргээд фракц болсон жишээнүүд бий. Тухайлбал, “Нэг ардчилал” гээд голдуу залуусын клуб байгуулагдаж арай л эрүүл баг бүрдэж байсан ч 2012 оны сонгуулийн дараа фракц болж “Алтангадас”-ыг дагах уу, “Шонхор”-ыг дагах уу гээд л албан тушаал наймаалцаад явчихсан. Бид эрүүл саруул бүлэглэл гээд “эргүүтээд” байвал хоосон хоцорно гэдгээ тэд сонгуулийн дараа ухаарч фракц болж бусадтайгаа адилхан замналаар явахаар болсон юм. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг зэрэг энэ фракцийнхны толгойг дагагсад хот, дүүрэгт нэлээд хэд нь дарга болсон байдаг. Тус фракцийг одоо Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын дарга Б.Бат-Амгалан удирддаг. Нэг жилийн хугацаагаар даргаа сольдог бөгөөд өмнө нь Х.Тэмүүжин, М.Батчимэг нар удирдаж байсан билээ.
Өөр нэг жишээ гэвэл АН-ын шинэ дарга З.Энхболдын байгуулсан Ардчилсан хүчний холбоо. Өмнөх парламентын үед хамтарсан Засгийн газарт АН орох болсонтой холбогдуулан “Алтангадас” фракцийн эсрэг “Эрдэнийн хувь” бүлгийг байгуулж байв. Энэ нь явсаар Ардчилсан хүчний холбоо болон улс орон даяар өргөжин, дотроос нь эзэн Чингис хааны үеийн бэлгэдэл цагаан шонхор шувууг бодож нэрлэсэн “Шонхор” фракц мэндэлсэн нь З.Энхболд ба түүний нөхөд байв. Цаашид намын даргыг дагасан бялдуучид олон болж энэ бүлэглэл улам томрох биз. Яг үнэндээ бол намд биш фракцид элсдэг тохиолдол сүүлийн үед хэд хэд бүртгэгдсэн. УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Батцогт нар АН-д биш “Шонхор” фракцид гишүүн болсон юм билээ. Нөхөдтэйгээ үзэл бодлын зөрүүтэй хэнийг ч хамаагүй элсүүлж авахын донтой фракцууд гэж болно. Өчигдөр л гэхэд намаа Засагт орохыг эсэргүүцэж буй Ц.Нямдорж гишүүн МАН-аас гарчихвал АН авахад бэлэн ч гэх шиг онигоо гарсан байна. Түүнийг авахдаа тулбал АН бус, аль нэг фракц нь авна биз.
Үнэндээ бол сүүлийн үед мэдлэг боловсролтой, чадалтайдаа дарга болоод байгаа юм биш. Хэн фракц дагаж, улс төрийн хор найруулалцаж чадна түүнд хүссэн албан тушаал ирнэ гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилдэг гэхэд хилсдэхгүй. “Алтан гадас”-аас Н.Алтанхуяг, Г.Батхүү, МоАХ-ноос Х.Баттулга, Ш.Түвдэндорж, “Шонхор”-оос З.Энхболд, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, МҮДН-ээс Ц.Баярсайхан, Д.Эрдэнэбат, “Нэг ардчилал”-аас Л.Гантөмөр, Х.Тэмүүжинг онцлоод бусдыг нь дагагсад гэвэл тохирно. Энд онцлоход намын даргын ажлаа өгсөнтэй холбоотойгоор Н.Алтанхуяг фракцийнхаа даргын ажлыг ч шилжүүлнэ гэх мэдээ бий. Түүний оронд “Алтангадас”-ын дарга нь Я.Санжмятавыг болж магадгүй гэлцэнэ. Мөн З.Энхболд намын дарга болсон тул Ардчилсан хүчний холбоог С.Эрдэнэ, Д.Ганхуяг хоёрын нэг удирдах сураг бий. Энэ мэт бүлэг, фракцийн удирдлага ч яах вэ, улс орныг бүхэлд нь таван хэсэгт хувааж авдаг фракцийн тоглолт цаашдаа улс оронд маш хор уршигтай.
Тухайлбал, одоогийн Засгийн газрыг таван фракц хувааж авсан нь Монгол Улс таван Засгийн газартай ажиллаж байна гэж АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Түүний олж мэдсэнээр төрд гарсан фракцийн хүмүүс улс орны бодлого байтугай намынхаа бодлогыг ч ярьдаггүй, зөвхөн өөрийнхөө фракцийн эрх ашгийн төлөө ажилладаг байна. Юун намын бодлого, АН гэж ямар нам болох, байр нь хаана байдгийг ч мэддэггүй хүмүүс яамдаар дүүрэн байдаг гэнэ. Дээр дурдсанчлан намд биш фракцид элсэж, түүнийхээ нэрээр албан тушаалын хуваарилалтад орж дарга болсон нөхдүүд байх нь. Намынхаа байрыг хаана байдгийг мэддэггүй мангарууд төрөөр дүүрчихсэн байхад улс орон хямарч муудах нь тодорхой байгаа биз.
Нийгэмд ийм айхтар хор уршигтай фракцууд цаашид амь бөхтэй оршвол улам л дордоно. Фракц бүлэглэл бол нам дотор эрүүл өрсөлдөөн байгаагийн сайн тал гэж АН-ын гишүүд өөрсдөө тайлбарладаг ч энэ байдал нь эргээд өөрсдийг нь хямруулахыг үгүйсгэхгүй. Фракцууд албан тушаалаа хэрхэн хуваан авдаг тухай хэдхэн жишээ дурдахад хангалттай. Төрийн хоёр өндөрлөг буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Алтангадас”, УИХ-ын дарга З.Энхболд “Шонхор” фракц бол бусаддаа хамгийн том яамдыг хуваарилах жишгээр өмнөх Засгийн газар явсан байдаг. Цаашид бүрдэх шинэ Засгийн газарт ийм таван толгой суувал хэзээ ч тэнд улсын, намын бодлого ярихгүй, хэрэгжүүлэхгүй, дахиад л фракцийн эрх ашиг ярина. Хэдий Н.Алтанхуягийг өөрчилсөн ч гэлээ АН сайд нараа нэр дэвшүүлэх гэж фракцуудын алаан болох нь тодорхой. Нөгөө фракцийнхаа нэр дэвшигчийг хаахын тулд тэмцсээр байгаад дундаас нь хамгийн муу нь дарга болох жишээ энэ намд олон байдаг. Тэгээд цааш нь дэд сайд, дарга нарын суудлыг ч тавд хувааж, үлдсэнийг нь хамтарсан намдаа өгөх биз. АН хэнтэй хамтарч Засаг барих вэ гэдгээс илүү аль фракц нь хэдэн сайдын суудал авах вэ гэдэг шүднийх нь өвчин болчихсон дээр, дооргүй гүйцгээж байгаа. Энэ мэтээр албан тушаалын хуваарилалт таван фракцид ижил хэмжээгээр явсаар бүр доод шат хүрнэ. УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь МҮДН бол дэд дарга С.Одонтуяа нь “Шонхор”, мөн байнгын хорооны дарга нар, хотын дарга Э.Бат-Үүлийн орлогч нар нь ч өөр, өөр фракцийнх байх жишээтэй. Шинэ Засгийн газрын хуваарилалт ч яг ийм бүтцээр явах биз. Яагаад гэвэл, АН-ын дүрэм, нам доторх намууд нь хэвээр байгаа болохоор төдийлөн өөрчлөгдөхгүй.
Хачирхалтай нь АН-ын энэ байдал зарим хүний арааны шүлсийг асгаруулдаг гэж байгаа. Бүлэг фракц бүртээ албан тушаалаа яг тэнцүү хуваарилдаг нь Д.Арвин гишүүнд таалагдаж Ардчилсан намд орсон тухайгаа “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт зочноор орохдоо ярьж байна лээ. Заримд нь ингэтлээ таалагдаж, фракцийн нэр, сүр хүчээр Засгийн эрх мэдлийг авч болдог ч буруу замаар будаа тээгээд буцдаг гэдгийг дөнгөж сая “Алтангадас”-ынхан харуулсныг бусад нь мартаж болохгүй.
Зууны мэдээ
М.Ганцэцэг
URL: