Далайн тунгалаг биетэй амьтад
Дэлхий дээр яг одоо энд тэндгүй хий үзэгдлүүд хэрэн хэсүүчилж байгаа. Гэхдээ энэ нь чиний төсөөлж байгаа шиг үхэшгүй хий үзэгдэл, сүнс биш юм. Шил шиг арьстай эдгээр тунгалаг биет нууцлаг амьтдыг дэлхийн өнцөг булан бүрээс, янз бүрийн экосистем бүхий газраас олон тоогоор нь олох боломжой. Эдгээр сонирхолтой бараг хүний нүдэнд харагддаггүй гэж хэлж болохоор амьд биетүүд нь жинхэнэ ертөнцийн бодит сүнснүүд юм. Дэлхийн хамгийн сонирхолтой 10 тунгалаг амьтдын жагсаалтыг хүлээн авна уу.
1. Шилэн сам хорхой
Эдгээр жижиг сам, хавч хэлбэртний хагас тунгалаг бүрхүүл нь тэднийг шилэн аквариумд хийхэд шилнээс бараг ялгагдахгүй харагдуулдаг. Зэрлэг байгаль дээр, шилэн сам хорхойтны бусад төрлүүд нь дэлхийн бүхий л хэсгийн гол мөрөн, нуурууд түүний дотор АНУ-ын төв хэсгээс олддог.
Харагдах байдлын хувьд энэ амьтан нь маш цэвэрхэн тунгалаг бөгөөд зөвхөн ямар нэг өнгөтэй хоол идсэнийхээ дараа л өнгө ордог байна. Эдгээр хоолнууд нь ерөнхийдөө ургамал байдаг ба ихэвчлэн ногоон өнгөтэй байдаг.
2. Шилэн мэлхийнүүд
Эдгээр “Centrolenidae” овгийн хоёр нутагтан амьтдын ихэнх төрлүүдийн хэвлийн хөндийн арьс нь маш тунгалаг бөгөөд тэднийг доороос нь харахад бараг л “МRI” (хэвлийн хөндийн эрхтнүүдийг 3 хэмжээстээр дүрсэлж харуулдаг төхөөрөмж) –аар харж байгаа мэт нэвт харагддаг тул шилэн мэлхий хэмээн нэрлэдэг.
Энэ төрлийн ихэнх мэлхийнүүдийн дотоод эрхтэнүүд жишээ нь зүрх, элэг болон ходоод гэдэсний хэсэг нь шууд харагддаг. Дундад болон Өмнөд Америкийн ширэнгэн ойгоос олдсон энэ төрлийн мэлхийнүүд бүгд модонд амьдардаг байжээ.
3. Шилэн далавчит эрвээхэй
Энэ төрлийн тунгалаг далавчит эрвээхэй нь “espejitos” хэмээх Испани нэртэй. Энэ нь “бяцхан толь” гэсэн утгатай юм. Хэрвээ далавчны эргэн тойрны үндсэн хэсэг нь тунгалаг байсан бол цэцэг, навчин дээр суусан энэ эрвээхэйг жирийн ажиглагч хүн ялгаж харж чадахгүй байх байсан бизээ. Насанд хүрсэн шилэн далавчит эрвээхийнүүд нь ихэвчлэн маш хол газар руу нүүдэллэдэг.
4. Шилэн наймаалж
Энэ итгэмээргүй наймаалж нь яг л сүнс шиг энгийн бус өөрийн гэсэн Vitreledonellidae хэмээх төрөлд хамаарагддаг. Энэхүү далайн амьтан нь сайн судлагдаагүй ч халуун бүсийн болон хагас халуун орны бүсийн далайгаас олддог билээ.
Тунгалаг арьсных нь тусламжтайгаар эрдэмтэд эдгээр наймаалжнуудын харааны хэсэг нь өвөрмөц, энгийн бус урт харааны мэдрэлийн ишнүүдтэй гэдгийг илрүүлжээ. Энэ нь тэдний харааны мэдрэмж нь өндөр гэсэн үг. Эдгээр үл харагдах сүнсэн наймаалжнуудыг харахын тулд таны нүдний хараа нилээн сайн байх шаардлагатай шүү!
5. Цагаан цуст загас
Эдгээр Антарктидийн үл үзэгдэгч махчин амьтад нь ер бусын бүтэцтэй ажээ. Тэдний цусны ихэнх хувь нь бараг ялгарч харагддаггүй учраас харагдах байдал нь тунгалаг байдаг аж.
Цагаан цуст загас нь хүчилтөрөгчийг зөөдөг цусан дахь гемоглобин уураггүй дэлхий дээрх цорын ганц сээр нуруутан амьтан юм. Тэдний амьдардаг далайн хэм тэгээс доош хэмд байдаг учраас тэд гемоглобингүй ч амьдардаг. Xүйтэн ус нь бүлээн усыг бодвол ууссан хүчилтөрөгчийн агууламж өндөр байдаг байна.
6. Яст мэлхийн хуягт цох
Энэ гайхалтай содон цох нь яг ч бүрэн тунгалаг биет биш юм. Харин түүний яст мэлхийн хуяг нь бараг л үл харагддаг. Тунгалаг гадаргуу бүхий хуяган дээрх толбо нь махчин амьтан дайрах үед анхааруулга өгч, хуурах үүрэг гүйцэтгэдэг.
Яст мэлхийн хуягт цохны тунгалаг хуяган доорхи хээ загвар нь олон янз байдаг. Энэ нь тод бөгөөд үзэсгэлэнтэй байх нь бий.
7. Салп
Салп нь тунгалаг биетэй, чөлөөт хөвөгч, бүрхүүлээр хучигдсан амьтан юм. Тэднийг далайн мөгөөрстэй андуурч болохгүй шүү. Тэдний цэлцэгнэсэн бие нь дотоод тэжээлийн шүүлтүүрээрээ усыг сорон хумигдах байдлаар сэлдэг. Мөн тэд ийнхүү хөдлөх явцдаа хооллодог байна. Тэд гол төлөв дэлхийн өмнөд хэсгийн далай, тэнгист амьдардаг.
8. Далайн тунгалаг биет өргөст хэмх
Энэ бол саяхан “Далайн амьдралын бүртгэл” хэмээх судалгаагаар эрдэмтдийн олж илрүүлсэн амьд биет юм. Далайн өргөст хэмх нь маш тунгалаг бөгөөд хоол боловсруулах зам нь ер бусын харагдацтай. Энэхүү амьд биетийг далайн 2750 метрийн гүнээс олсон. Далайн амьд биетүүдийн тооллогоор олж илрүүлсэн хамгийн ер бусын нээлтүүдийн нэг нь энэ юм. Тэдэнтэй тааралдахад далайн өргөст хэмх нь өөрийн олон тэмтрүүлээр минутанд 2 см орчим маш удаан хөдөлж байжээ. хаягдлаар дүүрэн шаар тунадасыг хөдөлж байх үедээ ам руугаа шүүрдэн оруулж байсан байна.
9. Шилэн зөөлөн биет
Ойролцоогоор жаран өөр төрлийн шилэн зөөлөн биетүүд байдаг. Эдгээрийн ихэнх нь тэр чигтээ тунгалаг учраас шилэн зөөлөн биетүүд хэмээн нэрлэдэг. Энэхүү тунгалаг байдал нь тэднийг дайснаас өөрийгөө хамгаалахад хэрэг болдог. Тэд амьдралынхаа ихэнх хугацааг нар хэсэгчлэн тусдаг гүехэн усанд өнгөрөөдөг байна. Энэхүү төрөл зүйл амьтдын ихэнх нь өөрөөсөө гэрэл ялгаруулдаг бөгөөд нүдний доор хэсэгт нь гэрлийн эрхтэн нь байрладаг байна. Шилэн зөөлөн биетийн хоол боловсруулах булчирхайнууд нь түүний тунгалаг арьсны цаанаас нэвт харагддаг. Энэхүү хоол боловсруулах үйл ажиллагаа нь харагдах байдлаа багасгахын тулд босоо хэлбэрээр явагддаг.
10. Далайн мөгөөрс
Магадгүй хүмүүсийн хамгийн сайн мэдэх тунгалаг биет бол далайн мөгөөрс юм. “Cnidaria” хүрээнд багтах ихэнх чөлөөт сэлэгч амьтад нь тунгалаг, нэвт харагддаг биетүүд байдаг. Энэ шинж чанар нь зарим тохиолдолд тэднийг аюултай амьтад болгодог юм. Учир нь тэдний үхэлд хүргэж болох хатгалт нь усанд сэлэгчдийг айлгадаг юм. Далайн мөгөөрсний тунгалаг бие нь тэднийг далайн амьтдын дунд хамгийн чамин, үзэсгэлэнтэй болгож харагдуулдаг ажээ.
URL: