Хараал шингэсэн аймшгийн кинонууд
Холивудад аймшгийн киноны эртний уламжлал хүртэл байдаг бөгөөд, тэр дундаа үл тайлагдах хүчнүүдийн тухай кинонууд нь ер бусын соронздох чадвартай байдаг.
Зарим тохиолдолд, жишээлбэл Тарковскийн “Сталкер” киноны жүжигчдэд тохиолдсон эмгэнэлт явдал нь өмнө нь гаргасан зарим алдаанаас болсон. Харин Брюс Лигийн хүү Брендан Лигийн үхэлтэй төстэй дүр зургийг тодорхой хүмүүсийн азгүйтэлтэй холбон тайлбарладаг. Энэ мэтийн гэнэтийн болоод эмгэнэлт үхлийг ихэвчлэн тухайн киног дэлгэцэн дээр гаргахыг хүсээгүй муу сүнсний дуудлагаар ирдэг гэж үзэх явдал их байдаг.
1. Холивудын “Хараал хүрсэн” кинонуудийн жагсаалтыг 1973 онд хийгдсэн “Экзорсист” буюу “Чөтгөрийн ангуучин” кино тэргүүлдэг. Дэлгэцэнд гарахаас нь өмнө уг киноны багийнханд азгүй явдлууд ар араасаа даган тохиолджээ. Чухам хар хүчин л өөрийг нь хальсанд буулгасных нь төлөө тэднийг цээрлүүлсэн гэмээр байж. Энэ нь 1949 онд 14 настайдаа чөтгөртэй тулгарсан Вашингтон мужийн нэгэн хүүгийн бодит түүхээс сэдэвлэсэн кино байсан бөгөөд өнөөдөр тэр хөгшний алдар нэр, амьдардаг газрыг нь чанд нууцалдаг ажээ: Хамгийн эхэлж Жон Макгоуран, бүтээсэн дүрийнхээ нас бардаг хэсгийн зураг авалтаас яг 7 хоногийн дараа хүндээр өвчлөн тэнгэрт халисан байна.
Зураг авалт эхлэснээс хойш 2 цагийн дараа Макс фон Зюдов ахыгаа өнгөрсөн тухай зурвас хүлээн авсан бол зураг авалтын үеэр гол дүрийн жүжигчин Линда Блэрийн өвөө нас баржээ. Хоёрдугаар хэсэгт тоглодог Джейсон Миллерийн 5 настай охин авто осолд орж ясандаа хүнд гэмтэл аван, ухаан орохгүй байсаар амиа алджээ. Бүр найруулагчийнх нь нарийн бичгийн дарга хүртэл шинжлэх ухаанд нээгдээгүй нэгэн төрлийн сэтгэл мэдрэлийн өвчний улмаас номхруулдаг цамц өмсөөд галзуугийн эмнэлэгт хэвтсэн байх юм. Найруулагч Фридкиний ярьснаар: “Зураг авалтын кадрууд хүртэл бидний бүтээлийг өдөөн хатгаж байсан, хальсны мөрүүдэд чөтгөрийн бах таваа хангаж байсан охины царай давхардсан дүрсээр гарсан” гэжээ.
“Чөтгөрийг ангуучлагч” кино театруудад хүртэл гай тарьсан нь зарим үзэгчид энэ киног үзэж байх үедээ ухаан алдах юмуу хий юм харсан тохиолдол их бүртгэгдсэн байна. Италийн “Метрополитан театрт” киног театрт гарч байх үед Ромын 400 жилийн настай загалмайг аянга ниргэсэн ажээ.
2. 1979 онд хийсэн ” Амитивиллийн аймшиг” киноны түүх их сургамжтай. Зохиолч Джей Энсоны номоор хийгдсэн энэ кино хананаас нь бохир юм гоожиж, оршин суугчид нь агаарт жингүйдэн явдаг муу ёр шингэсэн хачин байшингийн тухай байжээ. Зохиолч номныхоо гар бичмэлийг найз бүсгүйдээ бэлэглэсэн нь түүнийг хүүхдүүдтэй нь хамт гэртээ шатаж үхэхэд хүргэсэн “үхлийн гэрээ” болсон гэмээр. Мөн шинэхэн номныхоо дээжийг зар сурталчилгааны газар өгснийх нь дараа зохиогчийн машин гэнэт шатжээ. Дээрх зохиолоор бүтээсэн киноны жүжигчдийг ч гай тойрсонгүй. Бяцхан Жо-д тоглосон хүү хорт хавдраар өнгөрч, Картрайтийн дүрийг амилуулснаасаа яг 13 жилийн хойно Дэн Блокер нас барсан бол тогоочийн дүрийг бүтээсэн хятад залуу Виктор Шенг Янг хийнд угаартаж амь хорлогдсон байх юм. Уушиг нь гэнэт задарснаас болсон энэ киноны жүжигчин Лоран Гриний үхэл ч олныг айдаст автуулж анхаарлыг нь татсаар байгаа билээ.
3. Шотланд, Герман, АНУ-д тохиолдож байсан ер бусын үзэгдлүүдийн тухай баримтан дээр тулгуурлан хийгдсэн Стивен Спилбергийн “Полтергейст” кино мөн л их эвгүй түүхтэй ажээ. Уг кинонд тун чадварлаг тоглосон 6 настай О’ Рурк шөнө болгон хар дарж сэрдэг байсан ажээ. Зураг авалтын үеэр тэрээр дотроос нь сүнснүүд бууж гарч ирдэг аврага том сэнснүүдээс үхтлээ айдаг байсан байна. За ингээд “Полтергейст” кинонд тоглосон 4 жүжигчин 6 жилийн дотор өнгөрснөөр чөтгөрийн “аллага” эхэлсэн байна. Эхний золиос нь гол дүрийнх нь эгчийн дүрд тоглосон, Холливудын өсвөр үеийн од Хезер байсан бол Доминик Дюнийг нууц амраг нь боож алсан байна. Харин хамгийн анхаарал татсан нь арван хоёрхон настай О’ Руркийн үхэл байлаа. Тэрээр ханиад гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэснийхээ маргааш зуурдаар таалал төгссөн байна. Эцэст нь 60 настай Джулиан Бекийн амийг гэдэсний хорт хавдар авч явсан юм. Эмийн санч болсон Уилл Сэмпсон 53 настайдаа буюу зураг авалт дууссанаас жилийн дараа уушигны дутагдлаар хорвоог орхисон байна. Зураг авалтын үеэр жинхэнэ хүний араг яс ашигласан нь үхэгсдийг хилэгнүүлсэн гэж зарим хүмүүс үздэг байна.
1984 оны хавар «Полтергейст-2» киног Брайен Гибсон найруулсан бөгөөд энэ удаад үхэгсдийн тухай Энэтхэгийн домог дээр тулгуурласан байна. Ийм сэдвээр хийх санааг чөтгөрийн дүрийг бүтээсэн Джулиан Бек гаргасан бөгөөд зураг авалт дууссанаас хойш хэдэн 7 хоногийн дараа гэхэд тэрээр хорвоогоос хальсан байсан юм. Харин Хезе О’Рурк ахин сүнс чөтгөртэй 3 кинонд тоглосныхоо дараа ходоодны хагалгаанд орж, нас баржээ.
4. “Хэрээ” Брендан Ли-г тулааны урлагийн домог болсон эцэг Брюс Лигийн адилаар зураг авалтын талбайд зуурдаар үхнэ гэж сургуулийн нөхөд нь нэгэнтээ муу амлаж байжээ. “Хэрээ” киноны зураг авалтын үеэр гал гарахаас эхлээд олон азгүй тохиолдол гарсан бөгөөд бичлэг дуусахаас 8 өдрийн өмнө болсон түүний үхлийг “гэр бүлийн хараал” гэж үзэж байгаа аж. Түүнийг зураг авалтынх нь үеэр төдийгүй түүний бүтээх дүрийн амиа алддаг яг тэр газарт нь буудсан байна. Энэ үхэл “Хэрээ”-ний хараал байвал яах вэ? Түүнээс гадна энэ цувралын зураг авалт ч дуусаагүй байхад өндөр туршлагатай ерөнхий орлон тоглогч Марк Акерстримын толгой дээр дэлбэрэлтэд шидэгдсэн юм унаж амийг нь авч оджээ.
5. “Супермен” (1951 оноос хойш) “Супермен” киноны “хараал” ихэвчлэн гол дүрийн жүжигчдэдээ хамгийн хүчтэй хүрдэг. Албан тушаалаа алдаж, хамгийн бүтэлгүй бүхэнтэй учрахыг хүссэн хэн бүхэн энэ киноны эерэг дүрийг бүтээхэд хангалттай гэхэд болно. Хараалын хамгийн алдартай золиос бол Жорж Ривз, Кристофер Рив нар юм. Жордж Ривз 1950-иад оны супермены нүүр царай болж байсан юм. Түүний суманд сэглүүлсэн цогцсыг 1959 онд хурим болох ёстой байсан өдрөөс нь 8 өдрийн өмнө олсон бөгөөд оньсого мэт энэ явдлын талаар Бэн Афликийн тоглосон “Голливудлэнд” киног ноднин бүтээсэн. Харин Кристофер Ривийн хувьд 1995 онд мориноос унаснаар саатай болж , 2004 онд зүрхний шигдээсээр өнгөрчээ. Гурав дахь суперменийг ч аз жаргал хүлээсэнгүй Лоис Лейн-ий дүрд тоглосон Марго Киддер одоо маш хүнд өвчтэй байгаа бол Супермэний эцгийн дүрийг амилуулсан Марлон Брандо киноны дараа шоронд орж, хүү Кристианаа үүрд алджээ. Гурав дахь супермен Ричард Прайор галзуурч, дараагийн суперменууд болох Кирк Аллен, Дин Кейн хоёрыг ч аз жаргал хүлээсэнгүй харин ч хамаг нэр хүнд, эд хөрөнгөө алдсан байна. Киноны найруулагч байсан Джерри Сигел, Джо Шустер нар бага цалиндаа хорсож хараасан гэж зарим хүмүүс үздэг байна.
6. “Розмаригийн хүүхэд” (1968) Роман Поланскийн 1950-иад оны дэлгэцийн бүтээлүүд ямар нэгэн далд хүчийг илэрхийлдэг байснаараа онцгой. Жирэмсэн эмэгтэйн хүүхдийг төрмөгц нь ад чөтгөрт тахил болгохоор улайрдаг тухай өгүүлдэг энэхүү киноны үйл явдал 1996 оны 8 сард Роман Поланскийн амьдралд биелэлээ олсон байдаг. Энэ нь түүний жирэмсэн эхнэрийг Чарльз Мэнсон хөнөөсөн явдал юм. Ер нь 1965 оноос хойш Поланскийн уран бүтээл, Мэнсоны амьдрал хоёрын хооронд далд холбоо үүссэн гэлтэй. Энэ жилүүдэд алуурчин, найруулагч 2 оккультизмийг зэрэг сонирхож байжээ. Энэ хараал Жон Леннонд ч нөлөөлсөн гэж үзэх үндслэл бий. Учир нь Мэнсон болон түүний дагалдагч нар өөрийн аллагуудаа “Helter Skelter” гэсэн Битлзийн нэг дууны нэрээр нэрлэдэг байсан бөгөөд Жон Ленон “Розмаригийн хүүхдүүд” киноны зураг авалт хийгдсэн Нью Йорк дахь “Дакота” байшингийн дэргэд алуулсан байдаг.
URL: