Төгрөгийн үнэгүйдэл үргэлжилсээр байна
Төсөв мөнгөний бодлогын уялдаагүй байдал нь үнийн өсөлтийн өдөөгч хүчин зүйл болдог. Үүнийг сүүлийн үед өсч буй инфляц гэрчилнэ. Тухайлбал, 2013 оны арван сард инфляц 11.8 хувьтай байв. Харин өдгөө 12.1 байгаа юм. Энэ бол албаны тоо. Гэхдээ бодит амьдралд үүнээс хавьгүй их гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэгвэл инфляц гэж юу вэ. Хэрэглээний үнийн индекс гэдэг онолын нэртэй. Товчоор хэлбэл, үнэгүйдэл гэсэн үг. Хэрэв таны хэтэвчинд 200 мянган төгрөг байгаа бол түүнээс 24200 төгрөг алга болж байгаа хэрэг. Хэрхэн алга болох нь бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй шууд хамаарна. Валютын болон шатахууны ханшийн өсөлтөөс шалтгаалж барааны үнэ өсдөг хэмээн хүмүүс тайлбарладаг. Үүнийг мөнгөний бодлогын хүүгээр хазаарлах хэрэгтэйг зарим судлаачид хэлдэг бас зөвлөдөг.
Гэвч сүүлийн жилүүдэд мөнгөний бодлогын хүүг чангаруулахын эсрэг бат зогссон Төвбанк өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр 1.5 нэгжээр чангалж 12 хувьд хүргэсэн. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тухайн үед “Бодлогын хүүг өсгөснөөр зээл хумигдах эрсдэлтэй. Гэхдээ хэрэглээний зээлд илүү нөлөөлнө гэсэн хүлээлттэй байна. Эндээс гарах үр дүн өнөөдрөөс эхлэн валютын захад нөлөөлж эхэлнэ. Аж ахуйн нэгж, иргэдийн тухайд 3-6 сарын дараагаас нөлөөлж эхэлдэг” гэж байв. Мөнгөний бодлогын хэрэгсэлд гарсан өөрчлөлт нь цаг хугацааны хоцролттойгоор инфляцид нөлөөлдөг байна. Энэхүү өөрчлөлт аль хэдийнэ хүмүүсийн хэтэвчийг тэмтрээд эхэлснийг ард түмний амьдрал бэлхнээ харуулж байгаа юм. Ийнхүү ирэх жил хүмүүсийн нуруу тэнийх эсэх нь инфляц хэдэн хувиар буурахаас хамаарна хэмээн судлаачид хэлж байв. Тиймээс төсвөө мөнгөний бодлоготойгоо уялдуулах нь инфляцийг долоон хувьд барих боломж хэмээн Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлж байлаа. Харин энэ жилийн тухайд онцгой нөхцөлтэй төсөв баталсан хэмээн улстөрчид сайрхаж байгаа юм. Гэвч онцгой нөхцөлд нь мөнгөний бодлогын уялдаа багтаагүй аж. Учир нь төсөв тэлвэл мөнгөний бодлогын хүү сулрах боломжгүй хэмээн амны уншлага болтлоо ярьсан. Харин танасан гэх төсөв өнгөрсөн жилийнхээс нэг тэрбумаар өссөн дүнг хэлж байна. Сүүлийн жилүүдэд улсын төсвийн нэгдсэн орлого өссөөр байгаа билээ. 2012 онд 5.8, 2013 онд 7.08, 2014 онд 6.8, харин ирэх жил 7.1 их наяд төгрөг болжээ. Хэт хөөстэй төсөв гэдгийг энэ жилийн төсвөөс орлого нь 17 хувь, зарлага нь 18 хувиар өссөн үзүүлтээс харж болох юм. Ийнхүү ирэх жил инфляц буурч, үнийн өсөлт саарна гэдэг ард түмний хүлээлт талаар болох вий гэсэн болгоомжлол байна.
Тэлсэн төсөв нь үнийн болон инфляцийн өсөлтийг “цулбуургүй давхих” шалтгаан болно хэмээн эх сурвалж хэллээ. Ингэснээр эдийн засгийн өсөлт саарна. Энэ нь төсвийн орлого тасрах сөрөг талтай бөгөөд төсвийн зардал буурч үүнийг дагаад нийт эрэлт буурах аж. Түүнээс гадна орлогын хэт өөдрөг төсөөлөл зардлыг тэлнэ гэдгийг зарим судлаачид хэлж байв.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: