МАХН-ын нарийн бичгүүд намаасаа татгалзлаа

Эксийн нам бутарч эхэллээ. Намын дэд даргg нь албан тушаалаа хүлээлгэн өгч, жирийн гишүүн байхаа мэдэгдээд удаагүй байтал нарийн бичгийн дарга нь намаасаа татгалзлаа. Долоон сарын турш дуншиж байж МАХН хэмээх нэрээ Улсын Дээд шүүхээс албан ёсоор авсан атлаа эксийн багийнхан cap хүрээгүй хугацаанд ийн бутарч эхлэв.

Энэ талаараа МАХН-ын нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнэ, Ю.Атар, Д.Өрнөхбаяр нар мэдээлэл хийв. Хэрэг зоригоо бүтээсэн атлаа ийн намаасаа татгалзах болсон шалтгаан нь МАХН анхны зорилго болох цэвэр улс төр хийх шийдвэрээсээ ухарсан гэнэ. Уг нь намаасаа татгалзах шийдвэрээ аль эрт гаргасан ч нэрээ авахаар явж байх хүнд үед нь орхилгүй тэвчсээр өдий хүрчээ.

Мөн нэрээ баталгаажуулсныхаа дараахнаас МАН-ын УИХ-д суудалтай гишүүдээс урвуулахаар ажиллаж эхэлжээ. Ингэхдээ тодорхой албан тушаал амлах болсонд нарийн бичгийн дарга нарын ундуйцлыг хүргэсэн бололтой. Тэд “МАН-ынхан олигархууд гэж зарласан атлаа өнөөдөр та нар хүмүүжчихсэн байна хүрээд ир гэж байгаатай адил сонсогдож байна” хэмээн тайлбарлаж байв.

Мөн МАХН дотор ямархуу хууль бус үйлдэл өрнөж байгаа талаар тэд удахгүй мэдээлэх гэнэ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал энэ үеэр Хэвлэлийн хурээлэнд мэдэгдэл хийж “Манай нам ганц, хоёр зориггүй хүмүүсээр дутахгүй. Бидний хооронд ямар нэгэн зөрчил байхгүй” гэв. Гагцхүү тэд шантарч зорилгоосоо ухарч байгаа талаар тэрбээр мэдэгдсэн юм. Харин МАН-аас гишүүдэд албан тушаал амлаж байгаа эсэх асуудлаар “Манайх хэн нэгэнд албан тушаал амлаж авчирдаг газар биш” гэв.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар экс санаагаа хэрэгжүүлсэн тул нарийн бичгийн дарга нараа жийж, оронд нь УИХ-ын гишүүдээр багаа бүрдүүлж, ирэх сонгуулийнхаа сурталчилгааг хийхээр зэхэж буйтай холбоотой гэх мэдээлэл бий. Үнэхээр саарал ордонд гишүүд хэд гурваараа нийлж, Ц.Шинэбаяр гишүүнтэй сэм ярилцах болсон билээ.

Түүнчлэн нэр авах ажлын голыг нь нугалж, хүндийг нь үүрсэн атлаа намын дэд даргын суудлаасаа татгалзах болсон нь ч дээрх нарийн бичгийн дарга нартай адил дарамт үзүүлсэн гэж бор шувуу жиргэх боллоо. Өнөөдөр МАХН-ын бага чуулган болно. Энэ хурлаар намын дэд дарга хийгээд нарийн бичгийн дарга, бага хурлын гишүүдийн асуудал хөндөгдөж, шинэ томилгоонууд хийгдэнэ.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих