ССАЖ сайд асан Ц.Оюунгэрэл үндэсний “Баатар” болох уу

20141126091729Солонгосчууд түүхээ засаж шинээр бичиж байна. Түүхээ зассан нь зөвхөн тэдний бус бас бидний асуудал болж хувирчээ. Тэгвэл тэдний түүх яагаад бидний асуудал болов?

Солонгосчууд “Хвандангоги” хэмээх домгийн мэдээнд түшиглэн түүхээ бичиж буй аж. Гэтэл, Хвандангоги”-д өгүүлснээр, эртний Хятадын соёл иргэншил үүсэхээс ч өмнө Солонгосын нутагт гурван хүчирхэг төрт улс оршин тогтнож байжээ. Анхных нь Хвангук гүрэн гэнэ. Хвангук гүрэн одоогоос 9000 гаруй жилийн өмнө байгуулагдаж, 3301 жил оршин тогтножээ. “Хвандангоги”-д тулгуурлавал, Хвангук гүрний нутаг дэвсгэр уртаараа 20,000 км, өргөнөөрөө 8,000 км хэмжээтэй бөгөөд энэ үеийн Солонгосын газар нутаг нь Монгол, Оросын Алс Дорнодыг багтааж байсан гэнэ.

Одоо солонгосчууд энэ мэт түүхээ олон ангит кино болгоод, олон улсад, түүний дотор Монголд хүртэл сурталчилж байна шүү дээ. Ялангуяа, Солонгосын сүүлийн үеийн кинонууд нь шууд Монголын түүхийг гутаасан, гуйвуулсан агуулгатай болж байна. Жишээ нь, саяхны олон ангит солонгос кинонд Солонгосын хатан Монголын гүрнийг мэдэж захирч байсан мэтээр харуулж байх юм.

Солонгосчуудын кино арай дэндэж буйг Монголын ард иргэд, уран бүтээлчид ихээр шүүмжилсээр ирсэн. Бүр үүнийг эсэргүүцсэн залуусын хөдөлгөөн, монгол уран бүтээлчдийн хурал цуглаан ч хийж үзэв. Ингээд, өнгөрсөн 6 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордонд анх удаа Монголын кино урлагийн хөгжлийн талаар хэлэлцүүлэг болсон юм. “Монголын кино урлагийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт энэ хэлэлцүүлгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, ССАЖЯ хамтран зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын цохон тэмдэглэснээр, сүүлийн хорь гаруй жилд монгол киноны талаар баримтлах бодлогыг ийм өндөр түвшинд хэлэлцэж байгаагүй гэнэ.

Дээрх сэдвийг хөндөн ярьсан олон уран бүтээлч Солонгосын киногоор түүхийг гуйвуулсан агуулга харуулж, хойч үе солонгос соёлд хэт туйлширч, өөрийн язгуур өв соёлоо алдаж буйг шүүмжилсэн бөгөөд улмаар хэлэлцүүлгийн оролцогчид бусад өндөр хөгжилтэй улсын жишгээр өргөн нэвтрүүлгийн сувгаар үзүүлэх гадаадын олон ангит кинонд нарийн хязгаарлалт хийх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.

Дээрх хэлэлцүүлгийн үр дүнд, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл кино урлагийн төлөөллүүдийн зүгээс тавьсан саналыг хүлээн авч, төрөөс кино урлагийн талаар цаашид баримтлах бодлого, Монголын уламжлалт соёл, түүх, зан заншлыг хүүхэд, залуус, иргэдэд сурталчлан таниулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг Монгол агуулга бүхий уран бүтээлээр хангахад чиглэгдсэн контентийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан юм.

ССАЖЯ “Киноны тухай” хууль боловсруулах ажлын хэсэг байгуулаад байгаа бөгөөд энэ ажлын хэсэгт кино урлагийн төлөөлөл ахмад, залуу үеийн уран бүтээлчдийн төлөөллийг нэмж оруулж, дээрх хэлэлцүүлгээс гарсан саналуудыг хуульд тусгахаар болсон юм.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд гадаадын олон ангит телевизийн киног хязгаарлах талаар уран бүтээлчид, олон нийтийн зүгээс олон тооны санал хүсэлт ирсэн ч, нөгөө талаас түүнд багагүй дарамт ирж байсан юм. Олон ангит киногоор хөтөлбөрийн агуулгаа нөхөж заншсан телевизийн эздийн зүгээс үүнийг эсэргүүцэж, сайдад мөн л өөрсдийн зүгээс шахалт үзүүлсэн ажээ. Жишээлбэл, ТВ-5 –ын захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үүнийг хүчтэй эсэргүүцэж, гадаадын олон кино л гаргахгүй бол зарим телевизүүд дампуурах эрсдэлтэй гэх зэрэг асуудал хөндөж байв.

Гэвч Ц.Оюунгэрэл хэдэн телевизийн захирал, дарга бус, харин олон нийт ба уран бүтээлчдийн талд зогсчээ. Одоо, Монгол контентийн тухай хууль батлуулах Ц.Оюунгэрэл сайдын хүчин зүтгэлийг УИХ баталгаажуулах л үлдэж байна. Хэрэв удахгүй хэлэлцүүлэх энэ хууль батлагдвал, арилжааны телевизүүд нэвтрүүлэг, киноныхоо 50-70 хувьд нь үндэсний зан, заншлыг сурталчилсан бүтээл, Монгол кино гаргах үүрэг хүлээнэ.

 

Н.Нараа

agshin.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 27 November 2014

ҮНДЭСНИЙ БАТААР

Нэр: зочин Огноо: 15 December 2014

дэлхийн авьяастнуудын хийсэн кино ямар буруутай юм бэ.Энэ нөхөр өөрийн урлагийн лидерүүдийг нүдэн балай устгачихаад мэдрэл юм ярьж суухын оронд тэд нарыгаа түшсэн бол гадны кино монгол урлагаар солигдох байлаа

Сэтгэгдэл бичих