Ж.Мөнхбат: Тусгаар тогтнол мөнх байг
Монголчууд бид өнөөдөр улс, үндэстнийхээ тусгаар тогтнолын баталгаа болсон анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинаа Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны түүхт 90 жилийн ойтой золгож байна. Энэхүү тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан МАН-ын удирдлагууд болон гишүүд дэмжигчид их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Харин яг одоо Тусгаар тогтнолын ордонд баярын хурал болж байна. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэллээ. Тэрбээр “Анхдугаар Үндсэн хууль баталсан түүхт өдөр тохиож байна. Энэхүү Үндсэн хуулийг баталснаар Монгол Улс үлгэрлэвээс Швейцарь лугаа хөгжихийн тухай ярьж, иргэн баян бол улс баян гэдэг үгийг тунхаглаж, хотлоороо баяжих тун гэдэг уриаг дэвшүүлж байсан түүхтэй. Мөн Монгол Улс сэргэн мандаж, цэцэглэн хөгжиж, эрүүлжиж, боловсорч, бүтээн байгуулж, эх орныхоо тусгаар тогтнолыг дэлхийн дайдад өргөн тунхаглаж, НҮБ-д элссэн. Энэ түүхийг Монголын тусгаар тогтнолын түүхээс арчих аргагүй, үгүйсгэх аргагүй. Үүнтэй адил энэ бүхэнд манлайлан оролцсон Монгол Ардын Намын түүхэн гавьяаг үгүйсгэхийн аргагүй. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргасан, Монгол Улсыг дэлхийн цээжинд бүрэн эрхт тусгаар тогтносон Ардчилсан Монгол Улс гэсэн эрхэм нэрээр дуудуулах үндсийг тавьсан ахмадууддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Өнөөдөр Улс тунхагласны баяр, Анхдугаар үндсэн хууль баталсны түүхэн баярт УИХ-ын дарга, эрх баригч намын дарга хүрэлцэн ирж, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж явсан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ нь Монгол Ардын Намгүйгээр тусгаар тогтнолын аюулгүй байдлын түүхийг хэзээ ч ярихгүй, Монгол Ардын Намгүйгээр Монгол Улсын хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг үгүйсгэж чадахгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсний нотолгоо юм болов уу гэж бодож байна. Монгол Улсын өрх бүхэнд аз жаргалын дуу цангинасан, тусгаар Монгол Улс цэцэглэн мандсан, ийм сайхан он жилүүд ирэх болтугай. Тулганд дүрэлзэх гал ариун байг, Тусгаар тогтнол мөнх байг” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
URL: