“Айвенхоу майнз” компани УИХ-ын гишүүдийг хуурч, доромжилсон үйлдэлдээ Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: “Айвенхоу майнз” бидэнд “Оюутолгой”-н 34 хувийг өгнө гэчихээд зургаахан хувийг өгч хулхидчихсан байна
Монголын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ыг “баримттай хулхидаж, барьцгүй тонгорсон” асуудал босч ирж байна. “Айвенхоу майнз” компани УИХ-ын гишүүдийг хуурч доромжилсон үйлдэлдээ Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Уучлалт гуйх шалтгааныг тодруулахын тулд Оюутолгойн гэрээг байгуулсан үеэс эргэн санацгаая. Олон жил дамнасан энэ гэрээг монголчууд, тэднийг төлөөлсөн УИХ хоёр ч парламент хугацаанд
ярилцаж байсан. Байгуулахад дургүйдээ бус улс орныхоо үндэсний эрх ашигт нийцүүлэхийн тулд хойшлуулж байсан юм. 2004-2008 оны парламентын төгсгөлөөр УИХ-ын гишүүд “Монголын тал Оюутолгой ордынхоо 51 хувийг эзэмших ёстой” гэсэн байр суурин дээр зогсч түүнийг бодит ажил болгохоор хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигч “Айвенхоу майнз” компанитай тохирохоор чармайж байсан юм. Тэр ч үүднээсээ Оюутолгойн ордын 34 хувийг эхний ээлжинд эзэмшүүлж, цаашдаа хувь эзэмшлийн хэмжээг нэмэгдүүлэх эрх нээлттэй байхаар тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд хөрөнгө оруулагч талтай гарын үсэг зурсан.
УИХ-ын гишүүд ч яг энэ ойлголтоор тус хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулсан билээ. Харин одоо энэ байдал орвингоороо өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, “Айвенхоу майнз” гэх хүний хүмүүс биднийг хулхидчихжээ. УИХ-ын гишүүдэд өөр ойлголт төрүүлж цаанаа өөр санаатайгаар гэрээг байгуулсан нь цаг өнгөрөх тусам эхнээсээ цухуйж эхэлжээ. Нэрэн дээрээ “Айвенхоу майнз” компани Оюутолгойн ордын 34 хувийг монголчуудад өгнө гэсэн мөртлөө нэдэр дээрээ Оюутолгойн ордын зөвхөн “Давуу эрхтэй хувьцаа”-ныхаа 34 хувийг л Монголын Засгийн газарт өгсөн байна. Давуу эрхтэй хувьцааны 34 хувь гэдэг бол Оюутолгойн нийт хөрөнгийн зургаанхан хувь болж байгааг эдийн засагчид тооцож гаргаад байгаа юм. Цаашдаа “Айвенхоу майнз”, “Рио Тинто” болон жижиг хувьцаа эзэмшигч зэрэг хөрөнгө оруулагчдын хувь, хувьцаа нэмэгдэх тусам монголчуудын эзэмшиж байгаа давуу эрхтэй хувьцааны үнэ хүнд, Оюутолгойн нийт хөрөнгөнд эзэмших хувь буурсаар байх нь үнэт цаасны зах зээлийн хуулиар тов тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл Айвенхоу майнз, Рио тинтогийн Оюутолгой дахь хувь эзэмшил нэмэгдэх тусам манай хувь эзэмшил буурна гэсэн үг. Хэрэв та бүхэн худлаа гэж байгаа бол УИХ-ын гишүүн Н.Батбаяраас асуугаарай. УИХ-ын бусад гишүүдээс сураглаарай. УИХ-ын гишүүн Н.Батбаяр энэ тухай хоёргүй утгаар тодорхой мэдэгдсэн. Тухайлбал тэрбээр МИ25-р суваг телевизээр ярихдаа “Айвенхоу майнз” бидэнд “Оюутолгой”-н 34 хувийг өгнө гэчихээд нарийндаа бол зургаахан хувийг өгч хулхидаж байна” гэсэн утгатай үг хэлсэн. Тус ярилцлагад УИХ-ын гишүүд Ер нь “Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ” монголчуудад хамгийн ашиггүй гэрээ болсныг УИХ-ын гишүүд ч одооноос ойлгож хүлээн зөвшөөрч байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэрээ нэг л биш болсныг ярьцгааж байгаа. Манай засгийн газар явж явж хүний аманд орж өөрийн эзэмших ёстой хувь хөрөнгийг зээлээр, тэгээд болоогүй өндөр хүүтэй авч ашиглаж байгаа нь гашуун боловч гарцаагүй үнэн билээ. Оюутолгойн гэрээг монголчуудад ашиг багатайгаар барахгүй алдагдалтай болохыг өнөө жилийн төсвийн төсөл парламентэд орж ирсний дараа олон гишүүн олж харан амаа барьж байна. Магадгүй энэ асуудал хамтарсан Засгийн газрын хувь заяанд ч нөлөөлөх байх. Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон мөнгөний амлалт биелүүлэх асуудлын хүрээнд Засгийн газар ирэх оны төсөвт гаднаас тэр дундаа бараг “Айвенхоу майнз”-д байхгүй мөнгийг хүүтэй зээлж тараахаар төсөвлөөд оруулаад ирж байгаа нь арай дэндсэн асуудал болж байгааг УИХ-ын гишүүд дор бүрнээ л тунгааж сууна. Байхгүй мөнгийг хуваах нь ирээдүйд олоогүй зүйлээ бусдад бэлэглэж байгаатай адил. Алаагүй баавгайн арьсны мөнгийг зээлээр авч байгаа явдал. Манай засгийн газар яг тийм үйлдэл хийгээд л явж байна. Шуудхан хэлэхэд эрүүл хүнээс гарамгүй алхам хийгээд л яваа гэсэн үг. УИХ-ын гишүүд үүнийг нь мэдээд төсвийн төслийг буцаах саналыг ч гаргаад байгаа. За энэ ч яахав нөгөө 1,5 сая төгрөгийн амлалтдаа баригдаад “аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажиж” байгаа хэрэг.
Харин УИХ-ыг, ард түмэнтэй нь хулхидчихсан “Айванхоу майнз”-ын асуудлыг яаж залруулах талаар УИХ дээр ярилцах нь гарцаагүй. Залруулах гарц байгаа нь дамжиггүй. Залруулахдаа “Айванхоу майнз”-аас “УИХ-ын гишүүдийг хуурч доромжилсон үйлдэлдээ Монголын ард түмнээс уучлалт гуйх”-ыг шаардах нь зүйд нийцнэ. Тэгээд гэрээнд гарын үсэг зурсан сайд нарыг дуудаж хэл амыг нь сугалах ч байх. Хариуцлага тооцох асуудал ч яригдана биз. Хариуцлага тооцох хэлбэр нь С.Баярцогтыг Сангийн яаманд, Д.Зоригтыг ЭБЭХЯ-нд ажиллах эрхийг нь хасах л хариуцлага тооцох юм шүү дээ. Түүнээс биш шоронд хийгээд, шороонд булах асуудал байхгүй. Тэгснээр монголчуудын үндэсний эрх ашиг засагдахгүй, “Оюутолгой”-д эзэмших эрх нэмэгдэхгүй. Тэр л хамгийн харамсалтай нь.
Та бүхэн “Айвенхоу майнз” компанийн албан ёсны www.ot.mn вэбсайтад ороод үзээрэй. Оюутолгойн ордыг “Айванхоу майнз Монголиа инк” ХХК, “Оюутолгой” ХХК хамтран эзэмшдэг гэсэн байгаа. “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг Айвенхоу майнз, 34 хувийг Монголын Улсын Засгийн газар /Монголын ард түмэн/ эзэмшдэг. Энэ компани бол Оюутолгойн нэрээр гадаад зах зээл дээр гарах эрхгүй хувьцаа гаргаж ард иргэддээ эзэмшүүлэх эрхгүй компани юм. Харин “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК бол өөр.
Тус компанийн хувьцааг Айвенхоу майнз, Рио тинто компаниуд болон гадаадын жижиг хувьцаа эзмшигчид эзэмшиж байна. Айванхоу майнз ч энэ компанийнхаа хувьцааг Лондонгийн болон бусад хөрөнгийн бирж дээр гаргаж хөрөнгө босгодог. “Айвенхоу майнз” компанийн эзэн Фридландын энэ зан зөвхөн биднийг хулхидаж хуншгүй загнаснаар илэрч байгаа нь энэ биш юм билээ. Өмнө нь тэрээр АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулсныхаа төлөө тус улсаас хөөгдөж байсан нөхөр гэсэн. Бас саяхнаас “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийнхаа хувь эзэмшлээс болж стратегийн түнш Рио Тинтотой муудалцчихсан байгаа. Рио тинто тус компанийн 19.7 хувийг одоогоор эзэмшиж байгаа бөгөөд цаашдаа гэрээнд заасны дагуу 40 гаруй хувь болгох болзлоо нэхсэнээс болж маргаан гарсан гэдэг. Бас түүнд нь “Айвенхоу майнз”-ын жижиг хувьцааг гаргах санал нэрмээс болсон байдаг.
Нэг ёсондоо бидний эзэмших ёстой Оюутолгойн хөрөнгийг гадныхан булаалдаж байгаа хэрэг л дээ. Энэ нөхцөлд одоо л манай төрийн түшээд юу болчихов оо гэж зог тусацгааж байна. Зог тусч зогсоод эргэж харж байгаа нь сайн хэрэг, тэгэхгүй бол хэдэн жилийн дараа авах ёстой мөнгөө зээлээд идчихсэн хэргээр ирээдүй биднийг яллах болно. Н.Батбаяр гишүүний хувьд ноцтойгоос ноцтой мэдээлэл хийсэн шүү. Түүнийг хэлснийг сайн бодох хэрэгтэй. УИХ-ын гишүүд ч үүнийг ноцтой гэдгийг мэдэрч эхэлж байна. Нөхцөл байдал яаж эргэхийг харж л байя.
Жич: Бид дараагийн дугаартаа энэ сэдвээр хэний өмчийг хэн, хэрхэн ашиглаж, биднийг ямар нөхцөлд ажиллуулж байгаа тухай өгүүлэх болно.
URL: