Тэнэмэл иргэд хүний наймааны золиос болсоор байх уу

20141125095935Гороочид буюу орон гэргүй, тэнэмэл хүмүүсийг ТББ-т байршуулаад ч тэдний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Нийслэл хотод амьдардаг траншейны хүн сүргүүд ихэвчлэн өглөө үүрээр, шөнө дөлөөр хог ухаж явдаг болохоор нийгэмд төдийлөн анзаарагдахгүй. Ерээд оны эхэн үед язганаж байсан тэнэмэл хүмүүс нэг үеэ бодвол цөөрсөн гэх боловч 2010 оноос хойш тэдний тоо улам бүр нэмэгдсээр явна. Ингээд уншигчиддаа тэнэмэл хүмүүсийн амьдралыг хүүрнэн өгүүлэхийн өмнө цагдаагийн мэдээллийг сонирхуулъя. НЦГ-ын УСХ-ийн ахлах байцаагч, хошууч П.Эрдэнэцэцэг ярихдаа,

Нийслэлийн цагдаагийн газраас нийслэл хотод амьдарч байгаа орон гэргүй нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх халдлага, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн “Тэнэмэл” арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү нэгдсэн арга хэмжээ хоёр хоногийн хугацаанд зохион байгуулагдаж нийтдээ 643 хүнийг бүртгэлээ. Эдгээр хүмүүсийг ийнхүү бүртгэснээр “Цагдаагийн байгууллагад тэнэмэл иргэдийн мэдээллийн нэгдсэн сан”-тай болж байгаа юм. Мөн тэднийг ямар нэгэн халдлага, эрсдлээс урьдчилан сэргийлнэ. Өөрийн хүслээрээ, сайн дураараа энэ амьдралаасаа гарахыг хүссэн нэгэнд нь орох орон, ажиллаж амьдрах амжиргааны эх үүсвэртэй нь залгуулж өгөх ажлыг зохион байгуулж байна. Бид одоогийн байдлаар дээрх хүмүүсээс 130-аад хүнийг гурван төрийн бус байгууллагад байршуулсан. Цагдаагийн байгууллагын бүртгэл судалгаагаар давхардсан тоогоор жилд тэнэмэл, орон гэргүй, орц хонгил, дулааны цооногоор хоног төөрүүлдэг, архаг архичин нийт 800-1200 орчим хүн байгаа тоон судалгаа байдаг. Өнөөдөр орон гэргүй, орц, хонгил, дулааны цооногоор хоног төөрүүлж яваа хүмүүс угтаа бол МУ-ын иргэн. Гэвч тэднийг нийгэм анхаарал халамжиндаа авч, халдлага эрсдэлд өртөхөөс нь хамгаалахгүй байна. Мөн эдгээр хүмүүс ямар ч бичиг баримт байхгүй, бүртгэлгүй явна. Тиймээс бид эдгээр хүмүүсийг эхний ээлжинд бүртгэлжүүлэн, хэн болохыг нь тодорхой тогтоох, гар, хурууны хээ уншигч багаж хэрэгслийг Солонгос улсаас захиалан авчирч бүртгэлжүүлэх ажилд ашигласан” хэмээн ярьж байлаа. Харин Христийн “Эрхэм хүн та” гэх ТББ-ын тэргүүн Г.Батбаярын ярьснаар 2013-2014 оны хооронд зөвхөн Улаанбаатар хотод нийтдээ 8500-9000 орчим орц хонгил, траншейны нүхэнд амьдардаг иргэд байдаг гэсэн судалгааг гаргажээ. Эдгээр хүмүүсийн 30 хувь нь эмэгтэйчүүд, 18 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байгааг тогтоожээ. Нийслэлд нийтдээ 10 мянга орчим тэнэмэл иргэд байдаг гэх судалгаан дээр ахиад 2000 орчим цыгануудыг нэмбэл 12-13 мянган хүн болно. Бараг Дундговь аймгийн нийт хүн амаас их тэнэмэл иргэд байгаа юмсанж. Цыган гэдэг нь гэр оронтой хэрнээ тэднээсээ түр хугацаагаар дайчин нэг хэсэг траншей, орц хонгилд амьдарч яваад алга болчихдог хүмүүс. Нэгэнт тэнэмэл иргэдийн нэгдсэн тоо цаасан дээр янз бүрээр гардгаас болж тэнд амьдарч яваад сураггүй алга болсон эсвэл хүний наймааны золиос болсон иргэдийг тодорхойлох ямар ч боломжгүй юм. Одоогоос хэдэн жилийн өмнө хог түүдэг 15 настай охины амь насыг хөнөөгөөд хөндий цээжийг нь ухчихсан хэрэг цахим хэвлэлээр бичигдэж байсан. Бадраа гэх 40 настай тэнэмэл эрийг Дунд голд угаал үйлдэж байхад өвөрмонгол эр танилцаж архиар дайлан согтоожээ. “Кадр тасарсан” Бадрааг тусгай зориулалтын машинд чирч оруулаад гэдэс дотрыг нь онгичих гэж байсан тухай тэрбээр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байдаг. Архи уудаг, бас хааяа “гороочин” хийдэг Болд зураачийг мөн л баян чинээлэг хүмүүс судлаад Бээжин рүү эмчилгээнд авч явахаар ятгаж байсан тухай мэдээлэл гарч байсан. Энэ мэт тэнэмэл иргэд гадаадын баян саятнуудын донор болоод сураггүй алга болсон олон баримтыг хэлж болно. Нарантуул захын ар  “Мангасын ам”-ан дээрээс Баяраа гэдэг залуу архичдын шарыг тайлж, хооллоод нэг нэгээр нь хаашаа ч юм бэ “Ланд-200” жийпэндээ суулгаад авч явдаг тухай орон гэргүй тэнэмэл иргэд батлан ярьж байсан юм. “Ланд-200” жийптэй хүн яахаараа очиж очиж траншейны тэнэмэл иргэдтэй хүзүү сээрээрээ холбогдож, тэдэнд үнэтэй архи авч өгөөд ойр ойрхон эргэж тойроод байгаа нь сэжигтэй санагдаж байна. Хамгийн гол нь нэгэнт траншейны амьдрал сонгоод архаг архичин болсон нэгнийгээ гэр бүлийн гишүүд нь төдийлөн хайхардаггүй. Тэднийг сураггүй алга болсон, зүй бусаар үхсэн гэдгийг сонсоод цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрэн сурвалжлахаас илүүтэй бараг л “Ашгүй дээ” гээд хоцрох нь ч элбэг.

Тэгвэл тэнэмэл иргэдээс гэмт хэрэгт өртөж, хүний наймааны золиос болж байгаа хүүхдүүдийн талаар дуугарахгүй өнгөрч боломгүй. “Дугааргүй том хар машинтай хүмүүс хүүхэд хулгайлж байна”, “Тэнэмэл хүүхдүүдийг хилээр гаргаж эд эрхтэнийг нь наймаалдаг” гэх түгшүүрт мэдээллүүд сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Ерээд оны сүүл үед нийслэлийн гудамжаар гуйлга гуйдаг эсвэл “Зөндөө олон аавын дундаа, Зөвхөн миний аав алга уу даа” хэмээн дуулж явдаг траншейны хүүхдүүд одоо цөөрсөн. Хааяа нэг л харагдана. “Хятад руу хил давуулаад аваад явчихсан. Хуурч аваачаад тэндээ эд эрхтэнийг нь зарж наймаалдаг гэнэ лээ” гэх яриа ч чих дэлсдэг. Урд хөршөөс гадна баруун европ руу гарч байгаа тэнэмэл хүүхдүүд хүний наймаанд  өртөж байгааг мартах учиргүй. Баримт руугаа оръё. 2013 онд ЭЦГ-ын эрүүгийн ажилтнууд гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүний үр дүнд нэгэн асрамжийн газрыг хараа хяналтандаа авчээ. Католик шашны сургаал заадаг уг асрамжийн газрын удирдлагууд насанд хүрээгүй бүтэн болон хагас өнчин 14 хүүхдүүдийг хил давуулан авч явсан болохыг тогтоож байлаа. Гэвч тэднээс өнөөг хүртэл ямарч сураггүй. Өнчин хүүхдүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сургах нэрээр 2012 оны наймдугаар сарын 31-нд хил давуулахдаа холбогдох байгууллагаас зөвшөөрлийг аваагүй аж. Хүүхдүүдийг Хөх хотоос хоёр цаг гаруйн хугацаанд зорчиж очдог нэгэн газарт амраах нэрээр малын жүчээ, газар тариалан зэрэгт хоол, ундгүйгээр илжиг шиг ажиллуулж байсныг илрүүлжээ. Австрали улсын иргэн Ди Ди буюу Габрел Мери Давлинг гэгч эмэгтэй нь 1995 оноос хойш Монгол улсад Lotus буюу “Бадамлянхуа” асран хүмүүжүүлэх төвийг үүсгэн байгуулсан байдаг. Ингэхдээ хүүхдүүдийг гуйланчлалд оруулдаг, асрамжийн төвийн хөрөнгийг хувьдаа завшдаг гэх мэдээлэл цагдаагийнханд ирж байв. Тэнд очсон өнчин тэнэмэл хүүхдүүдийг зургаан сарын дараа Франц, Герман, Австрали, Щвейцарийн үр хүүхэдгүй баян гэр бүлд үрчлүүлдэг журамтай. Гэхдээ бичиг үсэг мэдэхгүй Монгол үрсийн хэд нь явсан, хаана хаана ямар хотод амьдардаг талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хатагтай Габрел Мери Давлингээс энэ талаар асуухад “Хувийн нууц, асрамжийн газрын дотоод дүрэм” гэж пээдэлздэг. Эрүүгийн ажилтнуудын гүйцэтгэх ажиллагааны явцад 2012 оны гуравдугаар сард Франц улс руу асрамжийн төвийнхөө таван хүүхдийг хил давуулахыг завдсан болох нь тогтоогджээ.

 

Үргэлжлэл бий…

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих