ӨӨРӨӨ ТОНИЛОХУЙН ЁСОН

Buddha_path_73961a

Хүн харгүй аглаг уулнаа суухуйн цаг дор
Хүрээ хотын үймээнт амьдралыг бүү дурьдан сана
Балгасны үйлийг санаваас сэтгэл шимнуст түйдэх тул
Ба бүрэн сэтгэлээ эрхээшээвээс өөрөө тонилмой

Хичээл шамдал үүсгэн бясалгал дияанд суралцахуй цагт
Хэзээ мөдгүй үхэл ирэх ёсонг сэтгэ
Орчлон хорвоогийн зовлон нугуудыг дотроо сэтгэж
Олны жишгээр энэ насны жаргаланг үл дурдаад
Олдохуйяа бэрх хатуужил үүсгэвээс өөрөө тонилмой

Учрахуйяа бэрх гүн нарийн хөтөлбөрийг бясалгахуй дор
Увдис шидтэн гэсний зоргоор бүү дагагтун!
Өөрийн зоргоор тийн явбаас хөл халтирч
Өнгөрүүлсэн амьдрал ертөнцийн тоосонд хутгалдаж мэднэ
Өчүүхэн сэтгэлийг бариад өөрөө тонилохуйд шамдагтун!

Оюун сэтгэлд сайн ухаан төрөхүйн цагт
Омогшин хөөрөөд бусдад түүнийг бүү өгүүл
Огторгуйн дагинас тийн үйлдвээс таалахгүй учраас
Огоот алгасрал үгүй бясалгаад өөрөө тонилогтун!

Авралт дээдийн багш лугаа хамт явахуй цагт
Алив үйлийг нь сайн муу хэмээн бүү шинж
Шинжих л бөгөөс өөрийн гэм уул мэтийг үзэгтүн
Чигч ариун сүжгийг хичээж өөрөө тонилогтун!

Очирт ахан дүүс лүгээ хамт байхуйн цагт
Оногдсон суудал өндөр хэмээн бүү хөөрөгтүн!
Омогшиж тийн хөөрцөглөвөөс эв найр эвдэрч
Онцгүй сэжиг атгагт тангараг сахил эвдэрмүй
Олон лугаа зохиролдон нийцээд өөрөө тонилогтун!

Балгад хүрээний гудамжаар бадар барин явахуйн цагт
Балагт хуурмаг номоор бусдын эдэд бүү хомголз
Чивэлт муу заяанд түүний гороор унах тул
Чигч үнэнийг л гагц хичээгээд өөрөө тонилогтун!

Ерөөс аль ч цаг дор хаана ч байлаа гэсэн
Ертөнц дахинд хүндлэгдэх сэтгэлийг огоот тэвчигтүн!
Хоосон номчийн тийм дүрээр номонд түйдэх тул
Хорт хүсэл бүхнийг тэвчээд өөрөө тонилогтун!

Орчуулсан: Д.Болдбаатар


URL:

Сэтгэгдэл бичих