“Нууц”-тай хүүхдүүд

zag-huiten

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч охин Хүүхдийн тусламжийн утас 108 руу хандан өөрт тохиолдсон бэрхшээлээ ярьж, зөвлөгөө авчээ. Иргэний үнэмлэх авах хугацаа нь хараахан болоогүй охин бэлгийн харьцаанд хэдийнэ орсон төдийгүй нэг удаа үр хөндүүлсэн байна.

Одоо түүнд хоёр дахь удаагаа ийм алхам хийх үү, ээж болох уу гэсэн хоёр сонголт үлджээ. Ээж боллоо гэхэд хүүхэд насаа хэтэрхий эрт орхих, үр хөндүүлбэл магадгүй хэзээ ч эх болохгүй байж мэдэх хатуу хувь тавилан хүлээж буй. 16 нас хүрээгүй охины хувьд энэ хоёрын аль аль нь сайн сонголт биш ч магадгүй хоёр дахь нь дээр байж болох юм.

Өсвөр насныхан бусдадаа уруу  татагдах, сонирхолдоо хөтлөгдөх, бусдын дарамт шахалтад орох, хүчирхийлэлд автах зэргээр бэлгийн амьдралд эрт орох явдал түгээмэл болжээ. Бэлгийн замын халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах мэдлэггүйгээс эрүүл мэндээрээ хохирох, амьдралын замд дөнгөж хөл тавих насандаа харамсаад барахгүй алдаа гаргах эрсдэл ойрхон байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас Хүүхдийн тусламжийн утас ажиллуулснаар өсвөр насныхан ээж, аавдаа хэлж зүрхэлдэггүй нууцаа 108 дугаарт залган “шивнэж”, мэргэжлийн хүний зөвлөгөө авах болжээ. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс ажиллаж эхэлсэн тусламжийн утас руу өсвөр насныхан залган, бэлгийн боловсролын талаар сонирхсон асуулт болон үүнтэй холбоотой өөрт тулгамдсан таагүй асуудлаараа хариулт авах нь нэмэгдэж байгаа талаар хүүхдийн тусламжийн утасны мэргэжилтэн Цэрэндолгор ярилаа.

Өсвөр үеийнхний дунд бэлгийн замын халдварт заг хүйтэн, трихомониаз, тэрбүү өвчин, цаашилбал ДОХ-ын вирусын халдвар хамгийн их тархаж байна. Дэлхий нийтэд ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн талаас илүү хувь нь 15-24 насныхан байгаа аж. Иймд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХДХВ/ДОХ-ын талаарх тусгай хуралдаанаас залуучуудыг ДОХ-ын халдвараас сэргийлэх мэдлэг, хандлага, зан үйлийг дээшлүүлэхийг улс орнуудын Засгийн газруудад уриалсан байна.

2010 онд ХӨСҮТ-өөс хийсэн “Хүүхэд хөгжил” судалгаанд хамрагдсан 15-24 насны эрэгтэйчүүдийн гурван хувь, эмэгтэйчүүдийн нэг хүрэхгүй хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хавьталд оржээ. Харин бэлгийн идэвхтэй амьдралтай 15-24 насны эрэгтэйчүүдийн 74 хувь, эмэгтэйчүүдийн 43 хувь нь тохиолдлын бэлгийн хавьталд орсноо мэдээлсэн байна. Өсвөр, залуу насныхан бэлгийн амьдралын талаар ойлголт муутай байгаагийн бодит жишээ энэ.

“Бэлгийн нэг хамтрагчтай бай. Тохиолдлын бэлгийн хавьталд орохыг тэвч, эс бол бэлгэвч хэрэглэ” гэх улиг домог болсон мэт боловч үнэт зөвлөгөө бий. Бэлгийн замаар дамжих бүхий л халдвараас хамгаалах энэхүү зөвлөгөө эрүүл байх хамгийн найдвартай арга зам юм.

Манай улсад энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын 177 тохиолдол бүртгэгдсэний дөрвөн хувь нь 15-19, 16 хувь нь 20-24, 24 хувь нь 25-29 насны залуучууд байна. ДОХ-ын вирусын халдвар эмнэлгийн болон гоо сайхны мэс ажилбарын ариутгаагүй багаж хэрэгсэл, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зэрэг замаар дамжиж болно. Гэвч манай улсад 100 хувь бэлгийн замаар халдвар дамжиж байгаа юм. Залуус эрүүл мэндээ хамгаалах наад захын дадал заншилд суралцаагүйгээс, амьдралаа дөнгөж эхлэх насандаа алдаа гаргаж байна.

2013 оны мэдээллээр ХӨСҮТ-д бэлгийн замын халдварын 14957 тохиолдол бүртгэгдсэнээс 44.5 хувь буюу 6665 нь 15-24 насныхан байгаа нь сэтгэл сэрдхийлгэм үзүүлэлт. Залуус бэлгэвч хэрэглэх наад захын дадал заншилд суралцаагүй яваа бөгөөд энэ үзүүлэлт хөдөөд хотынхоос ч өндөр байгаа юм. Тиймээс НҮБ-аас өсвөр үе, залуустаа анхаарал хандуулахыг сануулсаар буй хэрэг.

Хөнгөн дэврүүн залуу насанд амьдрал бол сугалаа хэмээн эндүүрэх хүн бий. Азтай нь сугалаанд хождог шиг азгүй нь тэр аюулт өвчний халдвар аваад байгаа юм биш. Хэн мэдлэгтэй, зөв дадал заншилтай нь эрүүл мэндээ хамгаалж буй хэрэг.

ТУСГАЛ
Өсвөр үеийнхний санаа бодлыг сонсож, тэдний гаргадаг алдаа эндэгдлийн талаар хамгийн их сонсож байдаг мэргэжлийн хүн ийм дүгнэлт хэлж байна. Бид хэт их завгүй нийгэмд амьдарч байна. Томчууд хүүхэдтэйгээ ажиллах, тэднийхээ санаа бодлыг сонсох цаг гаргахаа больсон. Хэт их ачаалалдаа түүртэн явсаар нэг мэдэхнээ хүүхэд аав, ээжээсээ хөндийрсөн байх нь хэвийн үзэгдэл болов.

Хүүхдэд аав, ээжийн дэмжлэг тусламж хамгийн их хэрэгтэй. Ахлах ангид ороод хичээл номын асуудлаа өөрөө шийдэх хэмжээнд хүрсэн хэмээн итгүүлж, хэт бие даалгах нь томчуудын алдаа. Хүүхэд хичээл хийхээс гадна нийгэмд амьдарч байна. Үе тэнгийн хүүхдүүдийн нөлөө байхыг үгүйсгэхгүй. Бэлгийн бойжилтын насандаа яваа хүүхэдтэйгээ ярилцаж, нууцаа хаалтгүй ярих итгэлтэй найз нь байх учиртайгаа ээж, аавууд мартжээ.

Өглөө ажилдаа гарах, орой ирэхийн зуурт хүүхэдтэйгээ ойр зуурын хэдэн үг сольж, хэрэглээний мөнгийг нь өгснөө ээж, аавын халамжийг үзүүлж байна хэмээн тооцвол эндүүрэл. Завгүй нийгмийн тусгал нь томчууд хүүхдэдээ цаг гаргахаа больсонд байгаа юм. Хүү, охиноо хаагуур явж, юу сонирхож, хэнтэй нөхөрлөж байгааг нь мэдэхээ больсон.

“Үерхэл нөхөрлөл ярих цаг биш шүү, хичээлээ сайн хий” гэж сануулахын оронд ямар хүү, охинтой үерхэж байна. Хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдвар зэрэг эрсдэлээс хамгаалах арга замыг ичиж зоволгүй хэлж өгөх нь илүү бодитой зөвлөгөө болох аж.

Охид, хөвгүүд бэлгийн замаар дамжих халдварт өртөх тохиолдлын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь өнөөгийн нийгмийн тусгал. Хүүхэд залуус хэт их эрх чөлөөтэй болсон, томчууд хүүхдүүддээ цаг гаргахаа больсон. Аав, ээждээ хэлэхээс жийрхдэг “нууц”-тай хүүхдүүд халдварт өвчинд өртөх үе тэнгийнхнийхээ эгнээг өөрөө мэдэлгүй тэлсээр байгаа юм.

Орчин цагийн хүүхэд, залуус мэдээллийн далайд хөл алдан живж байна. Үй түмэн мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйг  шүүн тунгааж авах тал дээр учир дутагдалтай буй хэрэг. Тэдэнд чиглүүлэгч хэрэгтэй. Тиймээс бэлгийн замын халдвараас сэргийлэх мэдээллийг нийтийн дунд өгөөд хаях биш, эрсдэлд өртөх магадлал өндөртэй өсвөр насныханд ахлах ангид байхаас нь энэ талын мэдлэг олгох зүй ёсны шаардлага байгаа юм. Тэгж гэмээнэ өсвөр үе, залуусаа халдвараас хамгаална.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих