Нэг еэвэнгийн хоёр тал
Н.Алтанхуяг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллана гэв үү
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар сонгогдоод байгаа Ч.Сайханбилэг, хуучин Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр бол нэг еэвэнгийн хоёр тал гэсэн үг. Еэвэнгийн хээтэй тал нь Н.Алтанхуяг бол хээгүй тал нь Ч.Сайханбилэг билээ. Ингэж нэрлэж байгаа учир нь хариуцлагагүй ажиллаж байгаад огцорсон Засгийн газрын сайдыг түүний баруун гар болсон хүнээр сольж байгаатай агаар нэгэн буюу.
Уг нь Шинэчлэлийн хэмээх Засгийн газар тун хариуцлагагүй ажиллаж, улс орноо эдийн засгийн хямралд оруулсан.Тиймээс Засагт хариуцлага тооцож огцруулах шийдвэрийг гаргасан. Гэтэл хариуцлагагүй ажилласан Засгийн газартаа хариуцлага тооцохын оронд шагнал урамшуулал өгөөд байгаа юм уу гэлтэй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн танхимын гал тогоог барьж байсан хүн бол яах аргагүй Ч.Сайханбилэг. Тэгэхээр Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр солих нь нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг л болно. Тэд хамтдаа л эдийн засгийн хямрал, өр зээлэнд хутгалдаж явсан хүмүүс.
Гэтэл АН-ынхан хэдхэн хоногийн зайтай л АН-ын бүлэг дээрээ 100 хувиар дэмжиж гаргасан хүнээ ҮЗХ-ны хурлаараа унагачихсан. Энэ нь ард иргэдийнхээ аж амьдралыг бодохын оронд өөрсдийнхөө эрх ашиг, албан тушаалын төлөө наймаалцсан гэх яриа улстөрийнхний амны хачир болох нь бий. Үнэхээр намын даргын суудлаа өгөхгүй хэмээн гүрийж байсан Н.Алтанхуяг гэнэтхэн л хадаг бариад З.Энхболдод намын даргынхаа суудлыг өгчихсөн. Гэтэл АН-ын бүлэг дээрээ 100 хувийн саналтайгаар нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ҮЗХ дээрээ Ч.Сайханбилэгт унаж тахимаа өгөөд л… Шинэчлэлийн Засгийн газрын эсрэг кноп дарсан Р.Амаржаргалыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн Н.Алтанхуягийн хэлсэн үг биелэлээ олоод л… АН-ын дарга нарын жүжиглэлт үнэхээр сайхан тавигдсан. Үнэндээ Н.Алтанхуяг тийм ч амархан улс төрийн эрх ямбаа өгчих хүн биш гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Ямартай ч баруун гарын хүн болох Ч.Сайханбилэгийгээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болгочихлоо. Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг кабинетаараа өөрчлөгдөхгүй, тэгээд ч Алтангадас фракц намдаа өөрийн байр сууриа хадгалах сайн талтай гэж бодсон байх. Мөн Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсныхоо дараа Н.Алтанхуягийг Засагт урьж ажиллуулах бодолтой байгаа. Түүнийг ЗГХЭГ –ын дарга эсвэл Шадар сайдын сэнтийд залах тухай бор шувуу хаа сайгүй нисэж байна. Н.Алтанхуяг намын даргынхаа суудлыг зүгээр ч сул өгөөгүй нь ойлгомжтой.
Иргэдийн дунд манай улс сайн биш сайхан л Ерөнхий сайдтай боллоо гэсэн яриа өрнөж байна. Тухайлбал, Ч.Сайханбилэгийг “нуруулаг, царайлаг Ерөнхий сайд” гэсэн үгээр сурталчилгаа хийгээстай. Үүнээс өөр рекламдах зүйл байхгүй учраас ийм л үгээр хамгаалаастай. Харин Ч.Сайханбилэг хэвлэлийнхэнд тун халгаатай нэгэн.
Жил гаруйхны өмнө хэвлэл мэдээллийн дуу хоолойг боомилох, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар болох сайтуудын мэдээний доорх сэтгэгдлийг хянах, улмаар хэн, хаанаас, ямар зорилгоор сэтгэгдэл бичсэнийг тогтоохын тулд хүн бүр регистрийн дугаар, гэрийн хаягаа сэтгэгдлийн талбарт бүртгүүлж нэвтэрдэг болох тухай төсөл буюу “Сайтуудын сэтгэгдлийг зохицуулах журам” гэгчийг санаачлан батлуулахаар гүйж явсан нэгэн. Энэ асуудлыг Ерөнхийлөгч загнан байж болиулж байсан. Үүнээс гадна дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрөө биелүүлж байгаагүй гэдэг. Тиймээс УИХ-ын чуулганы индэр дээрээс амласан амлалтаа биелүүлэх нь юу л бол.
Түүнээс гадна жинхэнэ утгаараа Түгжил гэж нэрлэгдэх хүн бол Ч.Сайханбилэгийг гэдэг. Н.Алтанхуяг өөрийнхөө хүнийг гэж итгэн намын даргынхаа суудлаар Ерөнхий сайдын суудлыг солилцож байхад Ч.Сайханбилэг фракцийн даргаа Түгжилдэж явсан байдаг. Энийг нь УИХ-ын гишүүн Д.Арвин олонд дэлгэсэн. Тэрбээр “Манай фракцийн гишүүд бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдаа авч үлдээд, дараа нь хариуцлагын асуудлыг нам дотроо ярина гэсэн байр суурьтай байсан. Миний хувьд ч гэсэн намын даргаа авч үлдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурь баримталж байсан. Гэтэл өөрийнх нь “Алтангадас” фракцийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн дээр Н.Алтанхуяг даргыг өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой гэдэг хатуу мэдэгдэл хийж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэдэг зүйлийг ярьсан, тохирсон. Өөрсдөө намынхаа эсрэг ийм зүйл ярьсанд би дургүй хүрсэн. Нэгэнт 100 хувь намаа дэмжинэ гэдэг дээр санал нэгдэж чадаагүй. МоАХ эсрэг, дээрээс нь фракц дотроо Ерөнхий сайдаа огцруулах тухай яриад явчихсан. Үүнийг мэдэрсэн учраас би хувьдаа аль алинд нь оролцохгүй байхаар шийдсэн” гэсэн. Тэгэхээр хамтран ажиллаж байсан хүнийхээ, тэрдундаа өөрийн фракцийн даргынхаа араас хутга шааж байсан Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдын болон Монгол улсын эцгийн үүргийг хүлээхээр боллоо. Энэ бүхнээс харахад улстөрийн хүрээнд арай хашир туршлагатай байсан Н.Алтанхуягийн оронд Ч.Сайханбилэгийг болгосон нь хэр оновчтой шийдвэр байсан бол оо. Ингээд бодохоор яах аргагүй нэг л еэвэнгийн хээтэй, хээгүй талууд болж харагдаж байгаа юм. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт итгэж ард түмэндээ хойд эцгийн зан битгий гаргаасай гэж хүсье.
Ц.МИШЭЭЛ
URL: