Эмч нарын буруугаас 17 настай хүү амиа алдсан уу
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 17 настай дүүгээ орчин цагийн анагаахын салбарт өргөс авахын дайтайд ч тооцохоо больсон мухар олгойн үрэвслээр алдсан иргэн Бадамцэцэг манай сонинд хандсан юм. Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэе. “Миний дүү ямар ч хууч өвчингүй, эрүүл саруул байсан. Өнгөрсөн есдүгээр сард олгой нь дотроо хагарсан гэсэн оноштойгоор хагалгаанд орсон юм. Эмнэлгээс гараад арваннэгдүгээр сарын 5-нд гэдэс нь хүчтэй базалж, бие нь муудаад эмнэлэгт хүргэгдсэн. Хэд хоног хоол идэхгүй дээшээ, доошоо гүйлгэн ихэд тамирдсан. Түүнийг “Өвдөөд байна” гээд орилоод байхад нь эмч нар хагалгаатай гэсэн шалтгаанаар 14.00 цаг хүртэл хүлээлгэсэн байна. Эмч нар хагалгаанаас гарч ирүүтээ шууд мэс засалд оруулсан. Ингэхдээ ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авалгүй, яагаад хагалгаа хийх гэж буйгаа, ямар хүндрэл гарч болохыг ч хэлээгүй. Дүү минь хагалгаанаас гарсны дараа улам дордсоор нүдээ ч нээж чадахгүй, сүүлдээ бүр ярьж чадахаа байж маргааш нь сэхээнд орсон.
Сэхээнд байхад нь эмч, сувилагч нар “Та нар хүнд хүнтэй барьцаад битий бужигналдаад бай. Санаа зоволтгүй маргааш гэхэд хүүхэд чинь босоод ирнэ. Тэгээд эмнэлгээс гаргачихна, олгойгоор олон хоног хэвтүүлэхгүй” гэж хэлсэн. Хагалгааны хоёр дахь хоногоос бие нь улам муудсаар эмч нар ч хийсэн эмчилгээндээ төөрөлдөж эхэлсэн. “Хүүхэд чинь зүрх муутай, угаасаа хэл ярианы хөгжил муутай юм биш үү. Бас бөөрний, тархины дутагдалтай юм байна. Тархины аппаратад оруулна. 50000 төгрөг аваад ир” гэчихээд мөнгийг нь аваад очтол “Аппарат эвдэрчихсэн байна” гэж тоглоом тохуу хийсэн. Түүгээр ч барахгүй дүүгийн минь гар, хөлийг ортой нь хүлсэн байсныг юу гэж ойлгох билээ. Ингээд арваннэгдүгээр сарын 7-нд эмч нар нь зөвлөлдөөд дахин хагалгаанд оруулахаар болсон юм. Урьдын адилаар ямар зорилгоор хагалгаанд оруулж байгаагаа, гарч болох эрсдэл хүндрэлийг ч хэлээгүй. Мэс засал хэдэн цаг үргэлжилж, хагалгаа дууссаны дараа эмч нар “Ор” гэж хэлсэн.
Гэтэл дүүгийн маань бие аль хэдийнэ хөрчихсөн байсан. Эмчийн хариуцлагагүй үйлдэл, ажилдаа алдаа гаргаснаас болж миний дүү бурхан болсон нь илт байв. Хамгийн ноцтой нь өвчтөний гар, хөлийг хүлсэн, өвчнийх нь талаар ар гэрийнхэнд нь ямар ч тайлбар хийгээгүй, хайхрамжгүй хандсанаас хүний амь эрсэдлээ. “Хот руу явж эмчлүүлье” гэхэд “Зүгээр ээ, маргааш гэхэд хөл дээрээ босчихно. Та нар битгий ай” гэж хэлж байсан эмч нарт итгэсэн нь алдаа боллоо. Хүүгээ алдсан аав ээж, ах дүү, найз нөхөд нь уйлахаас өөр зүйл хийж чаддаггүй юм байна. Дорнод аймгийн эмнэлэгт мухар олгойн үрэвслээс болж нас барсан хүн манай дүүгээр ч тогтохгүй гэдгийг нутгийн иргэд мэдэж байгаа. Энэ асуудлыг холбогдох байгууллагуудын дарга удирдлага, цаашлаад салбарын яам анхааралдаа авч, шинэчлэл хийхгүй бол чадваргүй, хариуцлагагүй эмч нарын балгаар хэчнээн хүний амь эрсдэхийг хэн ч хэлж мэдэхгүй” гэсэн юм.
Б.АНИР
MongolNews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
тугжрэл ууссэн байхдаа дараа нь цусанд хплдвар орох магадлалтай хуухдээ эх нялхаст сахиж байхад хэдээнээс тугжирэлийн хагалгааг муу хийснээс хундэрсэн хуухдууд их ирдэг байсан. эртхэн хот баардахгуй дээ гэдэм залгах чинь цэвэр эмчийн ур чадвараас хамаарна